Өнгөрсөн долоо хоногт шуугиулсан нэг сэдэв бол Цэцийн дарга Н.Чинбат тэтгэвэртээ гарахгүйн тулд Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригт маргаан үүсгэсэн гэх асуудал байв. Тэгвэл ирэх Даваа гаригт иргэн Т-гийн гаргасан гомдлын дагуу Ерөнхий шүүгч Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг Цэц их суудлын хуралдаанаараа хэлэлцэх гэнэ. Гэхдээ энэ нь Цэцийн даргын тэтгэвэрт гарах настай холбоогүй, өөр асуудал гэнэ. Өөрөөр хэлбэл, Цэц хоёр ч асуудлаар Ерөнхий шүүгчид “хэрэг үүсгэсэн” байгаа юм байна.
Энэ нь Монголын түүхэнд анх удаа Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Цэцийн их суудлын хуралдаанаар орж байгаа тохиолдол болж байна. Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гаргасан гомдолд ажлын албаараа дамжуулж хариу өгөөд 16 жил болсон. Олон ч иргэн энэ асуудлаар Цэцэд хандаж байсан ч нэг ч удаа хүлээж авч байгаагүй. Бага суудлын хуралдаанаар Ерөнхий шүүгч ажлын албаараа дамжуулж хариу өгөх нь Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр хүртэл гаргаж байжээ. Гэвч энэ удаад яагаад ч юм Ерөнхий шүүгчид хэрэг үүсгэн шийдэх болсон байна.
Д.Ганзориг 2020 оны зургадугаар сарын 2-ны өдөр томилогдсон. Харин иргэн Т нь 2019 оны арванхоёрдугаар сард Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын гаргасан шийдвэрт 2020 оны нэгдүгээр сард гомдол гаргаж, тухайн үеийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн ажлын албаараа дамжуулан 2020 оны гуравдугаар сард хариу өгсөн байдаг. Иргэн Т үүнд дахин гомдол гаргасанд нэгэнт шийдэгдэж дууссан асуудлаар журмын дагуу Дээд шүүхийн Тамгын газрын дарга ингэж шийджээ гэж лавлагаа өгсөн байдаг гэнэ. Тэгэхээр одоогийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригт ямар ч хамаагүй асуудлаар Цэц хэрэг үүсгэж, бүр Их суудлын хуралдаанаар оруулах гэж байгаа нь түүнийг огцруулах санаа зорилготой байж болох юм.
Ийнхүү анх удаа Дээд шүүхийн Ерөнхий шүүгч их суудлын хуралдаанаар орох бөгөөд дараа нь Цэцийн гишүүдийн тэтгэврийн насны асуудлаар ч мөн “асуугдах” тул Д.Ганзориг Цэцэд хамгийн их дуудагдсан Ерөнхий шүүгч болж таарах нь.
Хэрэв иргэн Т-гийн гомдлоор үүсгэсэн маргаанд Ерөнхий шүүгч Д.Ганзориг Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц дүгнэвэл 2006 оноос хойш үе үеийн Ерөнхий шүүгч нарын ажлын албаараа дамжуулж өгсөн бүх хариу хүчингүй болох уу гэсэн асуудал гарна. Ийм тохиолдолд энэ асуудлаар өмнөх Ерөнхий шүүгч нарт маргаан үүсгэхээс татгалзаж байсан Цэцийн гишүүдийн бүх тогтоол бас хууль бус болж таарах нь. Ямар ч байсан Цэцийн хуралдаанаар шүүх эрх мэдлийн дээд байгууллага Дээд шүүхийн Ерөнхий шүүгч орж байгаа нь олны анхаарлыг татаж байна.
Холбоотой мэдээ