Дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр 10:00-15:00 цаг хүртэл ажиллана. Иргэдийн хувьд өөрт ойр вакцины аль ч цэгт вакцинд хамрагдах боломжтой.
Нийслэлийн хэмжээнд 39 цэгт 156 эмч ажилтан ажиллах бол маргааш дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлд иргэдийн 75.2 хувь нь нэгдүгээр тунд хамрагдсан бол мөн 72.1 хувь нь хоёрдугаар тунгаа тариулжээ.
Гурав дахь тунд 53.4 хувь хамрагдсан бол дөрөв дэх тун 6.4 хувьтай байгаа юм. Тэгвэл тавдугаар тунг эхлүүлэх тухай ч бас яригдаж эхэллээ. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Одоогоор вакцинжуулалтын судалгааг тогтмол хийж байгаа бөгөөд шаардлагатай гэвэл дараагийн вакцинжуулалтыг зарлана" гэж мэдэгдсэн.
Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас тодруулбал " Өнөөдрийн байдлаар тавдугаар тунг эхлүүлэх албан ёсны шийдвэр гараагүй. Халдварын тархалт буурсан тул тавдугаар тунг эхлүүлэх тухай яригдаагүй байна. Харин цаашид халдварын давалгаа дэгдэж болзошгүй нөхцөлд шаардлагатай гэж үзвэл нэмэлт тунг эхлүүлнэ. Хэдийгээр Covid-19 халдвараар хоногт цөөхөн хүн өвдөж байгаа ч тайвширч болохгүй. Иргэд нэмэлт гурав болон дөрөвдүгээр тундаа идэвхтэй хамрагдах хэрэгтэй. Ингэснээр халдварт өртөх эрсдэлийг 50 хувь бууруулна" гэлээ.
Ийм боловч цаашид Covid-19-ийн эсрэг дархлаажуулалт томуугийн товлолт вакцин шиг болох бололтой. Харин өнөөдрийг хүртэл 12-оос доош насны хүүхдийг Covid-19-ийн эсрэг вакцинд хамруулах тухай шийдвэр гараагүй байна.
Холбоотой мэдээ