Засгийн газрын шийдвэрээр тариаланчдын гар дээрх зах зээлийн эргэлтэд ороогүй хүнсний буудайг худалдан авч, нөөц бүрдүүлэх ажлыг эхлүүлэв. Энэ хүрээнд өнгөрсөн жилийн ургацаас стандартын шаардлага хангасан, борлуулагдаагүй үлдсэн 50.8 мянган тонн улаан буудайг татан авах хуваариуд гаргажээ. Үүний дагуу стандартын шаардлага хангасан хүнсний улаан буудайг Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Угтаал, Хөтөл, Хархорин, Сэлэнгэ, Булган, Хархорин, Дархан салбараар татан авах ажлын бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.
Зах зээлийн эргэлтэд ороогүй хүнсний буудайг ийнхүү нөөцөлж худалдан авснаар тариаланчдыг дэмжих, хаврын тариалалтыг хэвийн үргэлжлүүлэх зорилготой гэдгийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тариаланчид улаан буудайгаа борлуулж санхүүгийн эх үүсвэртэй болсноор энэ жилийн тариалалтын ажлыг хугацаанд нь эхлүүлэх боломж бүрдэнэ гэж үзэв. Ийнхүү тариаланчдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж хөсөр хаягдсан дотоодын хүнсний буудайг эдийн засгийн эргэлтэд оруулахаар зэхсэн бололтой.
Сануулбал, цар тахал дэгдсэн сүүлийн хоёр хүнсний аюулгүй байдлын нөөцийг бүрдүүлэх зорилгоор ОХУ-аас 150 мянган тонн улаан буудай нөөцөлж байв. Улмаар тариаланчдын хөдөлмөр үнэгүйдэж, 200 гаруй мянган тонн улаан буудай хашаандаа овоороход хүрсэн. Гэвч энэ жил Орос-Украины дайнаас үүдэн хүнсний хомсдол үүсэхээс сэргийлэн Москва нь элсэн чихэр, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийхээ экспортыг ирэх наймдугаар сарыг хүртэл зогсоосон. Тиймээс ОХУ-аас улаан буудай импортлох боломжгүй болсон тул голоод хаясан дотоодын тариаланчдаа түшиглэх болсон нь энэ. Үүний тулд Засгийн газрын тогтоолоор гурил, тос, тэжээлийн үйлдвэрүүдэд 150 тэрбум төгрөгийн гурван хувийн хүүтэй зээл хүртэл олгож байсныг тухайн үед салбарын яамнаас мэдээлсэн билээ.
Тариаланчдын хурааж нөөцөлсөн улаан буудай үнэгүйдэх болсон нь цар тахлын үед хилийн хориг, хилийн боомтуудын гацаанаас үүдэлтэй ч гурилын үйлдвэрүүд дотоодын хүнсний буудайг “голсон”-той шууд холбоотой. Монголын тариаланчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Ц.Рэнчинсэнгээ өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийх үеэр “Тариаланчид өнгөрсөн жилийн хувьд хавраас хойш үтрэм дээрээ тариагаа манаад байрласан. Бүтээгдэхүүн нь борлогдохгүй байхад түүнээс өөр яах билээ. 2021 онд хураан авсан нийт ургацын 50 мянга гаруй тонныг улс худалдан авсан. 200 мянгаад тонныг гурилын үйлдвэрүүд авсан. Харин энэ жил дахин энэ байдал давтагдах эрсдэл өндөр байна” гэсэн юм. Мөн хаврын тариалалт эхэлж байгаа энэ үед хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид урд, хойд хөршийн тээврийн асуудлаас болж үр бордоогоо татан авч чадаагүй болохыг учирласан. Иймд төрийн бодлого тариалангийн салбарт үгүйлэгдэж байгааг сануулж байв.
Монголын тариалангийн салбарт 1500 гаруй аж ахуйн нэгж, 30 мянга гаруй тариаланч ажилладаг бол дотоодын хэрэгцээнд жилд дунджаар 350 мянга орчим тонн улаан буудай нөөцөлж байна.
Холбоотой мэдээ