Монголчууд ярьдаг, “итгэлгүй нөхөр ил дайснаас хортой” гэж. Иймэрхүү араншинтай, наанаа “эх оронч”-ийн дүр эсгээд цаанаа эдийн засгийн алуурчин хийдэг хүмүүс Монголд цөөнгүй. Нэн ялангуяа эдийн засаг, эрчим хүчний том төслүүдийн сургаар хуурамч “эх орончид” гэнэт олширдог нь гэм биш зан. Эцэст нь тэдний гэм хорыг улсаараа үүрдэг дээ.
Эрдэнбүрэнгийн усан цахилгаан станц нь Монголын баруун таван аймгийг эрчим хүчээр хангахаас гадна төвийн нэгдсэн сүлжээг дэмжих зорилготой. Товчдоо, Монгол Улсыг эрчим хүчний хараат байдлаас гарах стратегийн чухал ач холбогдолтой төслүүдийн нэг. Энэ цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулах хэд хэдэн шалтгаан бий. Нэгд, баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ 8-10 дахин өссөн. Хоёрт, цахилгаан станц ашиглалтад орсноор орон нутгийн дэд бүтэц сайжирна, үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжинө. Гуравт, баруун бүсийн эрчим хүчний хэрэглээний 72 хувийг ОХУ болон БНХАУ-аас импортын өндөр үнээр авдаг, жилдээ 20 тэрбум төгрөг Монголд үлдэнэ. Дөрөвт, УЦС барих явцад 800-1000 хүн түр ажлын байраар хангагдана. Ашиглалтад орсны дараа 60-80 хүн тогтмол ажилтай болно. Тавд, усан сангийн дагуу аялал жуулчлал, амралт сувиллын газрууд байгуулагдаж, иргэдийн орлого нэмэгдэнэ.Зургаад, загасны аж ахуй болон усалгаатай, хүлэмжийн газар тариаланг хөгжүүлэх боломж бүрдэнэ. Долоод, загасны аж ахуй болон усалгаатай, хүлэмжийн газар тариаланг хөгжүүлэх боломжтой.
Атал яасан байх нь уу. Орон нутгийн дарга нар нь эсэргүүцээд, иргэдийг турхираад зогсохгүй Хятадын Элчин сайдад “матаас бичиг” бариад явжээ.
Хятадын Элчин сайдын яаманд хандаж, “хошуугаа худалдаж” яваагийн шалтгаан нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг тус улсын Засгийн газраас олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээс барих учраас тэр. Бас цахилгаан станцын барилга угсрах ажлыг “Power Construction Corporation of China”, “Power China Chengdu Engineering Corporation” компани хариуцаж байгаа болохоор шүү дээ.
Хэрэвзээ, манай “матаачид”-ын хүссэнээр болчихгүй бол “Power Construction Corporation of China” болон “Power China Chengdu Engineering Corporation limited” компанийн түншлэл төслийг 271.48 сая ам.доллараар буюу хамгийн бага үнээр, 61 сарын хугацаанд гүйцэтгэнэ. Таван жилийн дараа гэхэд л Эрдэнбүрэнгийн усан цахилгаан станцын эдийн засгийн үр ашгийг монголчууд амсах болно гэсэн үг.
Гэтэл төр засгийн бодлогоо эсэргүүцээд, харийн түшмэд рүү бичиг, цаас бариад гүйгээд байгаа нөхөд нь Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга С.Өлзий, “Улиаст” багийн Засаг дарга Г.Цэдэнбал нар.
Тэд өнгөрсөн 2021 оны арванхоёрдугаар сарын 6-нд Хятадын Элчин сайд Цай Вэньрунд хандаж, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцы төсөлд санхүүжилт олгохгүй байхыг хүссэн бичиг явуулсан байна. Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн Засаг дарга Г.Цэдэнбалаас Хятадын Элчин сайд Цай Вэньрунд илгээсэн албан бичигтээ “БНХАУ-ын Эксим банк санхүүжүүлэн барих гэж байгаа Эрдэнэбүрэнгийн УЦС-ын далангийн усанд дарагдах Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн иргэд малчид энэ станцыг дэмжихгүй байгаа болон Хятад улсыг санхүүжилтээ татахыг хүссэн бичгийг танд цахимаар хүргүүлж байна” гэжээ. Мөн тус сумын багийн иргэдээс мөн БНХАУ-ын Засгийн газарт хандаж, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг санхүүжилтийг өгөхгүй байхыг шаарджээ. Эрдэнэбүрэнгийн УЦС баригдвал 4 мянган га газар усанд автаж, 488 айл амьдрах газар нутаггүй болж, өвөг дээдсийнх нь ариун шарил бүхий газраасаа нүүх аюулд ороод байгаа юм байх аа. Уг нь Засгийн газраас тэнд амьдардаг 270 өрхийг нүүлгэн шилжүүлэхэд 9.8 тэрбум төгрөгийн нөхөн олговор өгөхөөр болсон. Гэтэл яахаараа ийм ухаанд нь ухна ишиг уначихсан хүмүүс байдаг ч юм. Яахаараа энэ мэт иргэдээс болж эрчим хүчний төсөл болгон нь нурах ёстой ч юм. Газар нутгийнхаа төлөө эцсээ хүртэл тэмцэх иргэдийг бодоод энэ төслийг санхүүжүүлэхээ боль гэсэн ч байх шиг, ёстой дураараа улсууд шүү, монголчууд бид.
Хэрэв мал байсан бол юу яачихмаар гэмээр. Хэчнээн тэнэг бас шунал нь шулам боллоо гэхнээ хувийн эрх ашгийнхаа төлөө эх орноосоо “урваж” болохгүй биз дээ. Хууль талаасаа бол гэмт хэрэг, бурханы сургаальд зааснаар гэм нүгэл биз дээ. Том төслүүдээ хөдөлгөе, эдийн засгийн эргэлтэд оруулъя гэснийг нь биш эсрэгээрээ энэ мэт гацаадаг, нураадаг, түгжилддэг, хорлодог нөхдөө “эх орноосоо урвасан” гэж яллах ёстой байтал. Иргэдийн зүгээс орон нутагт амьдрал ахуй хүнд байна, ажил орлогогүй хэцүү байна гэж гомдоллодог. Гэтэл ажлын байрыг нь нэмэгдүүлье, ажил орлогыг нь сайжруулъя, нутаг усыг чинь хөгжүүлье, эрчим хүчээр хангая гэхээр тэс хөндлөн хэвтчихдэг Г.Цэдэнбал шиг хүмүүс бол үнэндээ эх орончид биш эсрэгээрээ төрийн эсэргүүнүүд шүү.
Холбоотой мэдээ