МАСЗХ нэр, үзэл баримтлалаа өөрчилнө

Хуучирсан мэдээ: 2010.08.19-нд нийтлэгдсэн

МАСЗХ нэр, үзэл баримтлалаа өөрчилнө

Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо /МАСЗХ/-оос “Залуусаа сонсъё” аяны хүрээнд бүсчилсэн чуулга уулзалт зохион байгуулж байгаа билээ. Хэнтий, Дорнод, Говьсүмбэр, Сүхбаатар аймаг, нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн залуус оролцсон зүүн бүсийн залуучуудын чуулга уулзалт энэ сарын 16-18-нд Хэнтий аймагт болсон юм. УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд, МАСЗХ-ны ерөнхийлөгч Г.Занданшатартай ярилцлаа.

-Зүүн бүсийн залуучуудын чуулга уулзалтын үеэр та “Шинэ Монгол-Шинэ бодлого” сэдвээр илтгэл тавьж, залуусыг Монгол Улсын хөгжлийн манлайлагч хүчин байхыг уриаллаа. Өнгөрсөн хугацаанд хэчнээн аймагт очиж, МАСЗХ-ны гишүүд, залуусынхаа үгийг сонсов?

-“Монголын залуусын зүрхэнд, тархинд, сэтгэлд Монгол эх орны ирээдүйн хувь заяа зураастай” гэж би хэлэх дуртай. Бид Хэнтий аймагт ажиллахаасаа өмнө Хөвсгөл, Сэлэнгэ, Баянхонгор аймагт очиж, залуусынхаа хүсэл мөрөөдөл, хувь хүн, улс орны хөгжлийн талаарх санал бодлыг нь сонссон. Аймгуудаас ирсэн залуус бие биентэйгээ танилцаж, үзэл бодлоо хуваалцан спорт, урлагийн арга хэмжээнд хамтдаа оролцоно гэдэг нь тэднийг нийгмийн идэвхтэй гишүүн болгоход чухал ач холбогдолтой. Үүнээс гадна тэд улс төр, нийгэм, эдийн засгийн тухай шинэ мэдээллүүдийг солилцож байгаа нь бүсчилсэн чуулга уулзалтын давуу тал юм. Дээрх аймгуудад зохион байгуулсан арга хэмжээнүүдэд маань нийт 1000 гаруй залуус оролцлоо. 

-Та бүхэн ирэх сарын 15-нд холбооныхоо их хурлыг хийхээр товложээ. МАСЗХ-ны нэр, үзэл баримтлал, туг, бэлгэ тэмдгийг өөрчлөх талаар гишүүдийн дунд халуухан яриа ч өрнөж байна. Тэр тусмаа үндэсний ардчилсан үзэл баримтлалтай болох гэж буй нь сонирхол татлаа?

-Түүхийн мөчлөгөөр яривал, МАСЗХ-ны нэгэн үе өнгөрч байна шүү дээ. Улс орны улс төр, нийгэм, эдийн засгийн шилжилтийн үед манай холбооныхон тодорхой үүрэг гүйцэтгэсэн. МАСЗХ 1980-1990-ээд оны залуусаар эгнээгээ тэллээ. “Эх орноо өөд нь татъя” гэдэг залуу халуун насны сэтгэл, зүтгэлээр бид ажиллаж байгаа. Үзэл санаа, үндсэн агуулгаас гадаад дүр төрх, хэлбэр нь тодрох ёстой учраас үзэл баримтлал, нэрээ өөрчлөх асуудлыг хөндсөн юм. Холбооны нэр, үзэл баримтлалыг өөрчлөхөд гурван хүчин зүйл нөлөөлж байгаа. Улс орны гадаад орчин нөхцөл өөрчлөгдөж, геополитик, тэр тусмаа дэлхийн улс төр, эдийн засагт цоо шинэ өөрчлөлтүүд гарах боллоо. Монгол Улс ардчилсан, чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш 20 жил өнгөрч, стратегийн ач холбогдолтой ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулж эхэлсэн. Нэг ёсондоо, манай улс геополитикийн нэн сонирхолтой орон болсон учраас аливаад шинэ хандлага, зарчмаар хандах зайлшгүй шаардлагатай. Үүний зэрэгцээ хүмүүст, тэр дундаа хойч үеийнхэнд эх оронч үзэл санааг төлөвшүүлэх асуудал тулгамдаж байна. Эцэст нь бид нийгмийн хөгжлийн алдаа, оноогоо тунгаан бодох ёстой. Ийм гурван нөхцөл байдлын улмаас өөрчлөлт, шинэчлэлт хийхээс өөр аргагүй. Бидний дэвшүүлсэн санаачилга, бүтээлч ажлууд улс төрийн намууд, улс орны тухайд шинэ бодлого, өөрчлөлтийн эхлэл байгаасай. Манай холбооныхон “Монгол Улсаа шинэ бодлогоор хөгжүүлэх сэн” гэсэн сэтгэлийн дуудлагаар ажиллаж байна. Нийгмийн шаардлага ч ийм юм. МАХН бол Монгол Улсын тусгаар тогтнолын бэлгэдэл болсон улс төрийн ууган хүчин. Бид ирэх жил тохиох намынхаа 90 жилийн ойг хийж, бүтээсэн зүйл арвинтай угтахаар төлөвлөж байна.   

-Гишүүд тань холбооныхоо нэрийг өөрчлөх талаар ямар хувилбарууд дэвшүүлсэн бэ?

-МАСЗХ-г Үндэсний ардчилсан залуучуудын холбоо, Нийгмийн ардчилсан залуучуудын холбоо хэмээн өөрчлөх хувилбарыг гишүүд маань дэвшүүлсэн. Гэхдээ эцсийн байдлаар шийдээгүй. Мэтгэлцээн үргэлжилж байгаа. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд, бид социалист гэдэг үгнээс татгалзаж байгаа юм биш шүү. Ер нь цэрвэж, болгоомжлоод байх ч үг биш. Социал демократ гэдэг нь нийгмийн чиг баримжаатай ардчилал гэсэн утгатай шүү дээ
 
-Та 2:5-ын үзэл баримтлалын тухайд хөндсөн. Энэ нь ямар учиртай юм бэ?

-Гарын таван хуруу бол холбооны маань нэгэн бэлгэдэл. Эх оронч байна гэдэг бусдыг шүүмжлэхийн нэр биш. Харин бусдаас илүү байхыг хэлдэг юм. Тийм учраас боловсролтой, эрүүл, хариуцлагатай, бүтээлч, эх оронч байя. Энэхүү таван үнэт зүйл маань үндэсний үзэл, нийгмийн ардчилсан үзэл гэсэн хоёр жигүүртэй. 2:5-ын үзэл баримтлалын утга санаа ерөнхийдөө ийм.
-Ярилцсанд баярлалаа. Танд болон гишүүдэд тань амжилт хүсье!

C.БАТТУЛГА

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж