Зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилт дэх техник, цахим хяналтын чиг үүргийг хариуцсан алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтыг өнөөдөр /2022.03.25/ зохион байгууллаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба нь Монгол Улсын Засгийн Газар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас чиглэл өгсөний дагуу 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Монгол улсад Зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлж эхэлсэн билээ. Энэхүү зорчих эрхийг хязгаарлах ял нь шүүхээс ял шийтгүүлсэн этгээдийг нийгмээс тусгаарлахгүйгээр гэр бүл, найз нөхөд, байгууллага, хамт олны харилцаан дунд хөдөлмөр эрхлэх, суралцах боломжийг олгохын зэрэгцээ нийгмийн харилцаанд тодорхой үүрэг хүлээн оролцдог, олон улсын жишигт нийцсэн, нийгмийн хөгжлийг дэмжсэн, Монгол Улсын Эрүүгийн ял шийтгэлийн бодлогод эрс шинэчлэл авчирсан ялын шинэ төрөл юм.
Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн ялтны тоо гуравдугаар сарын 25-ны өдрийн байдлаар 2179 хүрч, цаашид өсөх хандлагатай байгаа тул Хууль зүй, дотоод хэргийн яамнаас цахим хяналт удирдлагын төвийг өргөтгөх замаар системийн ачааллыг багасгаж, хяналтыг сайжруулж ажиллах хугацаатай үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад өгсөн.
Энэхүү үүргийн дагуу “Цахим хяналт, удирдлагын төв”-ийг өргөтгөж, хяналтын хоёр төвтэй болсноор зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтныг нийслэл, орон нутгаар хуваан, ялын хэрэгжилтэд хяналт тавих ажлын үр дүнд тодорхой ахиц гарах юм. Шинэ төрлийн ял болох зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэн ажиллаж буй Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанаас ялын хэрэгжилт хариуцсан болон техник хяналтын чиглэлийн алба хаагчдыг мэргэшүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Энэ зорилтын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн А/50 дугаар тушаалаар аймаг, нийслэл дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн техник, хяналтын ажилтны мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтаар зорчих эрхийг хязгаарлах ялын хяналтын систем дээр ажиллах, гар хөлийн цахим бугуйвчны тохиргоог хийх, бугуйвч түүний дагалдах хэрэгслийн эвдрэл гэмтэлд дүгнэлт хийх зэрэг чадвар, чадамжийг олгох юм.
Цаашид Хууль зүй, дотоод хэргийн сайдаас өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тус ялын хэрэгжилтийг бүрэн хангах чиглэлээр цахим хяналт удирдлагын хоёр дахь төвийг шинээр байгуулж, программ хангамжийг өргөтгөх, цахим бугуйвчын чанарыг сайжруулах, биечилсэн хяналтын тогтолцоог бий болгох зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.