Эмчийн яриа: Янжуур тамхи, цахилгаан тамхины аль нь илүү хортой вэ

Хуучирсан мэдээ: 2022.03.25-нд нийтлэгдсэн

Эмчийн яриа: Янжуур тамхи, цахилгаан тамхины аль нь илүү хортой вэ

Эрдэмтэн судлаачдын баг цахилгаан тамхи татдаг хүмүүсийн дундах уушгины өвчлөлөөр судалгаа хийсэн байдаг. Тэд нийт 500 гаруй нас баралтын шалтгааныг тогтоохоор ажилласан ба найман нас баралт нь эргэлзээтэй байжээ. Эдгээр тохиолдлуудаас өмнө цахилгаан тамхины маргаантай асуудлаар эмнэлгийн байгууллагууд хоёр хуваагдчихсан байсан. Америкийн Уушгины Нийгэмлэг “Цахилгаан тамхи бол аюулгүй зүйл биш” гэж шулуухан шүүмжилдэг. Харин Америкийн Хавдрын Нийгэмлэг үүний эсрэг байр суурьтай байж, “цахилгаан тамхи нь янжуур тамхинаас хамаагүй бага хор хөнөөлтэй” гэжээ. Өөр нэг хүндрэлтэй асуудал гарч ирж байгаа нь 5 сая орчим хүүхэд цахилгаан тамхи хэрэглэдэг гэсэн сүүлийн үеийн тоо баримт.

Бид Америкийн “Merck Manuals Medical Myths Podcast” гэх сонирхолтой, хэрэгтэй мэдээлэл хүргэдэг цуврал нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарт янжуур тамхи болон цахилгаан тамхины талаар өгүүлсэн ярилцлагыг хүргэж байна.

Сайн байцгаана уу? Ингээд Америкийн “Merck Manuals Medical Myths Podcast”-ын ээлжит цувралаа хүргэж байна. Би энэ подкастын хөтлөгч Жой МакИнтайр байна. Өнөөдөр надтай хамт доктор Жюдит Прочаска оролцоно. Доктор Прочаска бол Стэнфордын Их Сургуулийн Анагаах Ухааны тэнхимийн профессор, Стэнфордын Урьдчилан сэргийлэх судалгааны төвийн профессор, Стэнфордын Хавдар судлалын хүрээлэнгийн гишүүн. Тэрбээр тусгай зөвшөөрөлтэй клиник сэтгэл зүйч ба донтолтын чиглэлд голчлон ажилладаг нэгэн.

Доктор Прочаска: Намайг нэвтрүүлэгтээ оролцуулж байгаад тань баярлалаа, Жой.

Жой МакИнтайр: Өнөөдөр бид доктор Прочаскатай АНУ даяар, ялангуяа сургуулиудын дунд өргөн тархаж асуудал үүсгээд байгаа зүйлийн талаар ярилцана. Ний нуугүй хэлэхэд бид хүүхдүүдийн тамхины хэрэглээ гэсэн сэдвээр илэн далангүй ярилцана. Тиймээс, доктор Прочаска, цахилгаан тамхи нь янжуур тамхитай адил хортой юу. Цахилгаан тамхи сайн уу, аль эсвэл муу юу?

Доктор Прочаска: Энэ дэлхий дээр шатдаг янжуур тамхи шиг хор хөнөөлтэй зүйл цөөхөн. Янжуур тамхийг шатааж, утаагаар амьсгалдаг. Тиймээс цахилгаан тамхи нь янжуур тамхинаас хор хөнөөл багатай. Цахилгаан тамхи зах зээлд гараад удаагүй тул бид цахилгаан тамхины урт хугацааны үр нөлөөний талаар сайн мэдээлэлгүй байна. Гэвч, судалгаа туршилтууд хийгдсээр байгаа. Янжуур тамхи татдаг хүмүүсийн шээсэнд агуулагдах химийн бодисууд цахилгаан тамхи татдаг хүмүүсийнхээс их байгаа нь ажиглагдсан.

Жой МакИнтайр: Одоо бид янжуур тамхи татах, эсвэл цахилгаан тамхи татах нь өөр гэдгийг мэддэг болсон. Тэд бие махбодийн хувьд ч өөр харагддаг. Янжуур тамхи татах, цахилгаан тамхи татах хоёрын химийн хордолтын ялгаа юу вэ?

Доктор Прочаска: Цахилгаан тамхинд шаталт явагдахгүй тул нүүрстөрөгчийн дутуу исэл үүсэхгүй. Энэ нь таны амьсгалж буй утаа, аэрозол хоёрын гол ялгаа юм. Гэвч, хоёуланд нь дэгдэмхий органик нэгдлүүд агуулагддаг ба үүнийг бид хорт хавдар үүсгэдэг химийн бодис, хүнд металл агуулсан VOC гэж нэрлэдэг. Аль алинд нь никотин агуулагддаг учраас янжуур тамхи, цахилгаан тамхи байхаас үл хамаараад тамхинд донтуулдаг.

Жой МакИнтайр: "Цахилгаан тамхи татах нь янжуур тамхинаас илүү никотин хэрэглэхэд хүргэдэг” гэдэг нь үнэн үү?

Доктор Прочаска: Энэ нь хэр их хэрэглэхээс хамаарах зүйл. Тиймээс, цахилгаан тамхи бол өөр өөр хэлбэр дүрс, хэмжээтэй, бас никотины хэмжээ нь ч өөр. Цахилгаан тамхины зах зээлд, ялангуяа залуучуудын дунд хамгийн алдартай нь “Juul”. “Juul”-д никотин тийм ч өндөр агуулагддаггүй буюу /5%/. Гэвч үнэндээ нэг хайрцаг янжуур тамхитай тэнцдэг. Дахин сануулж хэлэхэд, хэр их хэрэглэж байгаа вэ гэдэг нь л чухал. Хүүхдүүд янжуур тамхи татдаг бол эцэг эх нь анзаарч, үнэрлээд л мэдчихнэ.

Жой МакИнтайр: Тэгэхээр та хэр их хэрэглэх вэ гэдгээс л бүх зүйл шалтгаална гэж хэлж байна уу?

Доктор Прочаска: Яг тийм. Нэг “Juul” 20 орчим янжуур тамхитай тэнцэнэ. Авч явахад авсаархан байдагт нь хууртдаг байх. Үнэндээ “Juul”-аас никотин илүү ихтэй. Янз бүрийн амттай. Манго, сэрүүн өргөст хэмх, гаа, карамель гэх зэрэг үнэр, амттай. Тиймээс, янжуур тамхи цахилгаан тамхитай харьцуулахад илүү хатуу мэт санагдаж магадгүй юм.

Жой МакИнтайр: Та сая манго, өргөст хэмх, карамель гээд ямартай ч амтлагчийн талаар дурдлаа. Эдгээр үнэр, амт оруулагчид нь цахилгаан тамхинд  илүү химийн хортой гэсэн үг үү. Эсвэл хор хөнөөлгүй юу?  

Доктор Прочаска: Тэдгээр үнэр амтууд нь байгалийн гаралтай биш. Химийн бодис. Мөн эдгээр химийн бодисуудын зарим нь цитотоксик шинж чанартай тул уушгины эд эсэд хортой нөлөө үзүүлдэг. Үүний нэг жишээ бол цахилгаан тамхины төхөөрөмжид өтгөн амт үүсгэх химийн бодис болох диацетил нэмдэг. Энэ нь “попкорны уушиг” гэж нэрлэгддэг өвчин үүсгэдэг. Гэхдээ энгийн янжуур тамхинд түүнээс ч илүү хортой нэмэлт бодисууд бий. Ялангуяа, янжуур тамхинд элсэн чихэр агуулагддаг тул түүнийг шатаах үед альдегид бий болж, эцэстээ хорт хавдар үүсгэдэг. Тэгэхээр янжуур тамхи, цахилгаан тамхи хоёулаа л хортой.

Жой МакИнтайр: Цахилгаан тамхи татдаг хүмүүс янжуур тамхи татдаг хүмүүсээс илүү их никотинд донтдог гэлцдэг. Энэ үнэн үү эсвэл зүгээр л нэг яриа төдий зүйл үү?

Доктор Прочаска: Бид үүнийг одоохондоо хэлж мэдэхгүй. Та шинэ хэрэглэгчдийг цахилгаан тамхи болон янжуур тамхи гэх байдлаар талцуулж болохгүй. Учир нь хор хөнөөл учруулж болзошгүй донтуулагч бодисыг хэрэглэ гэж зөвлөсөн ёс зүйгүй хэрэг болно. Хэн алийг нь түлхүү хэрэглэж байна гэдэг талаас нь өнгөц дүгнэж болохгүй. Тийм өгөгдөл мэдээлэл бидэнд алга.

Жой МакИнтайр: "Янжуур тамхи удаан татаж байгаа хүн цахилгаан тамхи татах нь хамаагүй бага хор хөнөөлтэй" гэж та ярьсан байдаг. Цахилгаан тамхи татах нь янжуур тамхинаас гарах үр дүнтэй хэрэгсэл мөн үү?

Доктор Прочаска: Үүнтэй холбоотой шүүхийн шийдвэр хараахан гараагүй байгаа. АНУ-д цахилгаан тамхи зах зээлд гарч ирсэн. Шүүхээс цахилгаан тамхийг зах зээлд үлдэхийг зөвшөөрсөн. Үүнийг эсэргүүцсэн нэхэмжлэлүүд ч шүүхэд ирдэг. Тэдгээр нэхэмжлэлүүдийн цаана янжуур тамхи үйлдвэрлэгчид л байдаг.

Тун саяхны нэг судалгаа байна. Британид санамсаргүй түүврийн аргаар явуулсан туршилтаар цахилгаан тамхи нь никотин орлуулах эмчилгээний бусад хэлбэрээс илүү үр дүнтэй болохыг харуулсан. Нэг жилийн хугацаанд янжуур тамхинаас татгалзсан хүмүүсийн даруй 80 гаруй хувь нь цахилгаан тамхи хэрэглэж байгаа юм. Хүмүүс янжуур тамхинаас татгалзаж, цахилгаан тамхины хэрэглээ рүү шилжих хандлага ажиглагдаж эхэлсэн.

Жой МакИнтайр: Тэгэхээр, ийм нэг асуулт байна. Би болоод бидний ойр тойрны хэн нэгэн цахилгаан тамхи, янжуур тамхинд донтох болсон гэж бодъё. Энэ тохиолдолд тамхинаас гарах үр дүнтэй арга бий юу. Хүмүүс бохь, наалт, хүйтэн цацагт хяруулын мах идэх гээд олон төрлийн эмчилгээ хийлгэдэг. Аль нь чухам үр дүнтэй юм бэ?

Доктор Прочаска: Тийм ээ, тамхинаас гарах үр дүнтэй эмчилгээ бий. Тэр бол тухайн хүн өөрөө чин сэтгэлээсээ хүсэх явдал. Мөн тамхинаас гаргах бохь, шахмал, наалт, хамрын шүршигч зэрэг никотин орлуулах эмчилгээ ч бий. Тамхи татдаг хүмүүсийн 70 хувь нь гарахыг хүсдэг ч дийлэнх нь бүтэлгүйтдэг. Зөвхөн 7-8 хувийнх нь оролдлого амжилттай болдог. Түүнчлэн өөрөө хичээж, дадал зуршил, хүрээлэн буй орчноо өөрчлөх, сэтгэл хөдлөлөө даван туулах нь чухал. Мөн бусдад уруу татагдахгүй, бусдыг уруу татахгүй байх нь чухал. Энэ бол хувь хүний цэвэр ухамсарын асуудал.

Жой МакИнтайр: За, доктор Прочаска, нэвтрүүлэгт оролцож яриа өрнүүлсэн танд маш их баярлалаа. Тамхины хор хөнөөлийн талаар, мөн тамхинаас хэрхэн гарах талаар бага ч болов ярилцсан явдал үнэхээр гэгээлэг байсан гэж бодож байна. Танд маш их баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж