Байр суурь: Монголд хүнсний хомсдол үүсэхийг хянаж байна

Хуучирсан мэдээ: 2022.03.25-нд нийтлэгдсэн

Байр суурь: Монголд хүнсний хомсдол үүсэхийг хянаж байна

Байр суурь: Монголд хүнсний хомсдол үүсэхийг хянаж байна

Рублийн арилжаа, ханшийн савлагаа, валютын хомсдол нийгэмд хэлэлцүүлэг өрнүүлж намжаагүй байтал ОХУ хилийн хязгаарлалтаа цуцлахаар болов. Тус улсын Covid-19-ийн халдвар гаднаас зөөвөрлөгдөх, тархахаас урьдчилан сэргийлэх шуурхай штабаас гаргасан уг шийдвэр энэ сарын 30-наас хэрэгжиж эхлэх тухай мэдээлэл өчигдрөөс цацагдсан юм. Өөрөөр хэлбэл, хилийн хоригийг цуцалснаар Монгол Улсын иргэд ОХУ руу болон ОХУ-ын иргэд Монгол Улс руу нэвтрэх боломжтой гэсэн үг.

Гэтэл ОХУ, Украины зөрчилдөөн намжаагүй энэ үед ийнхүү хойд хөрш хилээ нээж байгаа нь Монгол Улсад валютын савлагаа,  хүнсний хомсдол, үнийн хөөрөгдөл үүсгэж  эдийн засагт хүндхэн цохилт болох вий гэсэн болгоомжлол, хардлага ч үүсэв. Энэ бүх дарамт нь иргэдийн нуруун дээрх ачааг нэмэх эрсдэлтэй.

Зөвхөн өнгөрсөн сарын статистик дүнгээр инфляци улсын хэмжээнд 14.2, нийслэлд 15.5 хувьд хүрээд байна. Жилийн дүнгээр авч үзвэл, үүний 5.1 хувь буюу 35.9 хувь нь хүнсний бараа, ундаа усны бүлгийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт эзэлжээ. Улмаар нийслэлд гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 3.2 хувиар нэмэгдсэн байна.  Тэгвэл өмнөх долоо хоногийнхоос 1.9 хувиар өссөн дүнтэй байгаа юм. Нэг үгээр хэлбэл, удахгүй бид гурил, будаагаа ч авч хүчрэхгүй, авъя гэсэн ч лангуу хоосрох эрсдэл нүүрлэхийг үгүйсгэхгүй. Хүнсний хомсдол, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн эрсдлийг хэрхэн тооцож буй талаар холбогдох албаны хүмүүсийн байр суурийг хүргэе.

        ХХААХҮЯ: ХҮНСНИЙ ХОМСДОЛ ҮҮСЭХГҮЙ Ч НӨХЦӨЛ БАЙДЛЫГ АЖИГЛАЖ БАЙНА

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны зүгээс ОХУ-д үүсээд буй нөхцөл байдлыг хараандаа авчээ. Тус яамны зүгээс хүнсний хомсдол үүсэхгүй гэдэг байр суурийг илэрхийллээ.

ХХААХҮЯ-ны Газар тариалангийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.БОЛОРЧУЛУУН: 

-Хүнсний хомсдол үүсэхгүй. Бид дотоодын хангамжаа бүрдүүлсний дараа нь экспортын асуудал яригдана. Тухайлбал, махны экспорт гэхэд ОХУ руу хорио цээрийн протокол тохирох, татварын бодлогын зохицуулалт зэрэг олон асуудал ярих тул экспортлох боломжгүй. Мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд ямар нэгэн хомсдол үүсэх асуудал гарахгүй  болов уу гэж харж байна. Монгол Улс өөрсдөө бүх төрлийн будааг ОХУ-аас импортолдог тул эргүүлэн экспортолно гэж байхгүй. Мөн ОХУ-д хүнсний хомсдол үүссэн асуудал байхгүй. Бидний зүгээс нөхцөл байдлыг ажиглаж байгаа.

ГЕГ: ХҮНСНИЙ ХЯНАЛТЫГ ХИЙЖ БАЙГАА

Монгол Улсын хилээр гурван тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний рубль гаргасан гэх мэдээлэл цацагдснаар хилийн хяналт сул байна гэх хатуухан шүүмжлэл дагуулсан. Тэгвэл улсын хилээр хүнс, барааг гаргах, экспортод  хяналт тавьж байна уу гэх асуултад Гаалийн ерөнхий газраас “Бид хуулийн хүрээнд хийх ёстой хяналтуудыг тавьж ажиллаж байна. Хүнсний хомсдол үүсэх вий гэх үүднээс импортлогч аж ахуйн нэгжүүдэд бидний зүгээс тодорхой саналууд өгсөн. Ер нь хорио цээрийн асуудалд Хүнс, хүнсний аюулгүй байдлын тухай хууль, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн хүрээнд ажлаа хийж байгаа. Иймд хүнсний хяналт хийж байгаа. Бид хууль эрх зүйн хүрээнд ажиллаж шинжилгээ авах, хяналт шалгалтуудаа хийж ажиллаж байна. Нөгөөтэйгүүр, Гаалийн ерөнхий газраас хилээр гурван тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний ам.доллар гаргасан гэдгийг ташаа болохыг залруулга гаргасан. Тиймээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн тайлбар өгч байв.

ЭДИЙН ЗАСАГЧИД: ХҮНСНИЙ ХОМСДОЛ ШУУД ҮҮСЭХГҮЙ

Эдийн засагч Х.БАТСУУРЬ: 

-Хэрэв ОХУ хилээ нээвэл нэг талаараа эерэг тал бий. Монгол Улс өнгөрсөн онд ургац хураалт сайн байсан, арвин нөөцтэй тул экспортлох боломж гарвал нийлүүлэх л хэрэгтэй. Илүү нөөцөө экспортлох боломжтой. Энэ бол асар том боломж. Валют орж ирэх нэг гарц. Рубль болон юаниар ч худалдаа хийж болно. Ер нь  дэлхийн зах зээлд юанийг ам.долларыг орлуулах хэмжээний бодлого урт  хугацаанд  хэрэгжих байх. ОХУ-д нөхцөл байдал хүндэрсэн байж болзошгүй. Гэхдээ Монголд энэ нь хүнсний хомсдол үүсэхээр нөлөөлөхгүй гэж харж байна. Ургацын арвин нөөцтэй, мал өссөн, хил хаагдсаны улмаас дотоодын хүнсний үйлдвэрлэл өссөн шүү дээ. Мэдээж эдийн засгийн нөхцөл байдал цар тахлын нөлөөгөөр хүндхэн байгааг та бүхэн мэдэж байгаа. Эдийн засгийн бодлого тодорхойгүй байна. Дэлхийн эдийн засагт тогтолцооны маш том өөрчлөлт гарч байна. Ялангуяа банк санхүүгийн салбарт өөрчлөлт гарч байгаа нь ажиглагдаж байна. Рублийг шахах бодлого гаргасан ч эргээд зах зээлд ам.долларын жинг бууруулах, үр нөлөөг нь дэлхийн зах зээлд багасгах нөхцөл байдал руу орлоо. Хэдийгээр өнгөрсөн 14 хоногийн хугацаанд рублийн ханш огцом унасан ч эргээд чангарлаа. Тэгэхээр Монгол Улсын хувьд энэ бүх өрнөж буй үйл явдалд зохицуулсан бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Ер нь эдийн засгийн бодлогыг улстөржүүлэх буруу.

Эдийн засагч Л.ОЮУН: 

-Монгол Улсын эдийн засаг доголдсон. Үүнээс болж үнийн хөөрөгдөл үүсч байна. Ийм боловч энэ жил хүнсний хомсдолд орох хэмжээний нөхцөл байдал үүсэхгүй. Хэдийгээр ОХУ, Украин улс зөрчилдөөнтэй байгаа ч Монгол Улсад шууд нөлөөлөхгүй.  Учир нь ОХУ Монгол Улсын гадаад худалдааны 20 хүрэхгүй хувийг эзэлдэг. Гэхдээ тодорхой хэмжээгээр нөлөөлж болзошгүй. Иймд урьдчилан сэргийлэх үүднээс хамгаалах арга хэмжээ авах нь буруудахгүй. Ер нь эдийн засаг уруудах, сэргэх эсэх нь бодлогоос хамаарна.Урт хугацаандаа эдийн засаг сэргэх төлөвтэй байна. Гэхдээ эдийн засгийн хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ урт хугацаанд үр дүн нь тодорхой харагдана.

СҮҮЛИЙН НЭГ САРД ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ 3.2 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ

Албаны хүмүүс болон эдийн засагчдын зүгээс Монгол Улсад хүнсний хомсдол үүсэхгүй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа ч ам.доллар чангарахын хэрээр бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа нь шууд бусаар хүнсний хомсдол үүсэхэд нөлөөлөхийг үгүйсгэхгүй.

ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНД ХОМСДОЛ ҮҮСЭХ ЭРСДЭЛТЭЙ     

Эдийн засагч Ч.ОТГОЧУЛУУ:

-ОХУ нь өөрөө хүнс үйлдвэрлэгч улс учраас Монгол Улсаас хүнс экспортолдоггүй. Монгол Улсын хувьд, дотоодод мах, сүү, гурилаа л үйлдвэрлэж байна. Иймд хүнсний хомсдол үүсэхгүй болов. Хэрэв оросууд рубль нь суларч, оронд нь бараа, бүтээгдэхүүн нөөцөлж эхэлбэл Монголын хүнс, барааны тоо хэмжээ буурна. Жишээ нь, лаазалж, даршилсан бүтээгдэхүүн байж болно. Тэгэхээр богино хугацаанд мууддаг өндөг, жимс, ногоо зэрэг  хүнсний бүтээгдэхүүнийг Монгол Улсаас экспортлохгүй болов уу. Урт хугацаанд ашиглах боломжтой даршилсан хүнс, магадгүй элсэн чихэр, гурил, будааны хомсдол бага хэмжээгээр  үүсэхийг үгүйсгэхгүй. Бүс нутгийн хэмжээнд ОХУ-тай хиллэдэг газраас бараа бүтээгдэхүүн татан авч эхэлбэл тодорхой хэмжээний хомсдол үүсэх эрсдэлтэй. Гэхдээ ОХУ нь далайд гарцтай тул БНХАУ-д Манжуураар дамжуулан худалдан авалтаа хийх болов уу. Ерөнхийдөө ОХУ, Украины хоорон дахь  зөрчилдөөн Монгол Улсын эдийн засагт шууд бусаар нөлөөлж байна. Навигацын орлого буурч, Европоос ирэх жуулчдын тоо багасч байна. Мөн шууд бус сувгаар Яагаад гэвэл, ОХУ, Украин нь дэлхийн зах зээлд  үр тариа, буудайны үйлдвэрлэлээр маш том нийлүүлэгч. Гэтэл нийлүүүлэлт нь буурахад дэлхийн зах зээлд гурил, буудайн үнэ өснө. Энэ нь импортолж буй тохиолдолд үнийн өсөлтөд нөлөөлнө. Нөгөөтэйгүүр, импорт нэмэгдэж ам.долларын ханш чангарч байгаа нь бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлж байна. Тиймээс мөргөлдөөний шууд бус нөлөө нь асар их сөрөг үр дагавартай. Монгол Улс нь хэрэглэгч учраас импортоор дамжуулан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх нь бидэнд ашиггүй.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж