Улаан-Үүд- Улаанбаатар чиглэлийн нислэгээр Буриад болон Эрхүү хотын иргэд ам.доллар зөөвөрлөх болжээ. Учир нь Украины нөхцөл байдлаас улбаалан ОХУ-д ам.доллар ховордсон. Тиймээс Монголын ченжүүдээс ам.доллар худалдан авч байна гэж “Babr24” сайт мэдээлэв. Ам.доллар дамлах ханш нь зах зээлийн ханштай тэнцэж, Буриад руу борлуулах нь ашигтай болсон гэж үзэж байна. Монголоос дамлан зарснаар Орост буй жуулчид, цагаачид, бизнес эрхлэгчдэд шаардлагатай хэмжээний ам.долларыг нь худалдаалах боломжийг олгож буй бололтой.
Буриадад ам.доллар, еврогийн алдагдал улам нэмэгдэж байна. Валютын гадагшлах урсгалыг зогсоохын тулд ОХУ-ын Төв банк валютын хяналтыг тогтоосон. Тус хяналт нь гадаад валютын хадгаламж, данснаас 10 мянган ам.доллараас илүү бэлэн мөнгө авах боломжгүй болгосон байна. Харин үлдсэн мөнгөн дүнг рублиэр авах боломжтой. Одоо нэг ам.долларыг албан ёсоор 103.95 рубльтэй тэнцэж байна.
Оросын төв банкны хязгаарлалт нь валют дамлан наймаалах бүлгийг бий болгожээ. "Number One"-ын мэдээлснээр Буриад болон Эрхүү мужийн бизнес эрхлэгчид Монголын "Хүннү Эйр" компанийн Улаан-Үүд- Улаанбаатар нислэгийг ашиглаж, ам.долларын дэвсгэртийг дамлан зарж байна. Түүнчлэн ОХУ-ын цар тахалтай тэмцэх Шуурхай штабаас Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тоог нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.
Энэ шийдвэрийн дагуу гуравдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэх болжээ. Монголыг зорих аялагчдын ихэнх нь ачаа тээшгүй шахам, жижиг цүнхтэй нисдэг. Улаанбаатарын зочид буудлууд Буриад, Эрхүүгийн аялагчдаар дүүрчээ. Дээрээс нь монголчууд өөрсдөө валютын дам наймаанд нэгдсэн гэж мэдээлж байна.
Оросын банкнуудаас валют худалдан авах боломжгүй болсон мөн гадаадад “Visa, Master” карт нь ажиллах боломжгүй олон мянган буриад иргэн дамын аргаар ам.доллар худалдан авахаас өөр аргагүйд хүрсэн аж. ОХУ-д банкуудын оролцоогүй гадаад валютын аливаа гүйлгээ нь хууль бус бөгөөд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Тиймээс дамлан зарах явдлыг чангатгахын тулд холбооны эрх баригчид ажиллаж эхэлсэн байна.
Захиргааны зөрчлийн тухай хууль 15.25-р зүйлд "ОХУ-ын валютын хууль тогтоомж, валютын зохицуулалтын байгууллагын актыг зөрчсөн, хууль бус валютын гүйлгээ хийсэн бол 100 хувь хүртэл торгууль оногдуулах” болон Эрүүгийн хуулийн 193-р зүйлд "Гадаад валют эсвэл ОХУ-ын мөнгөн тэмдэгтийг эх оронд нь буцаах үүргээс зайлсхийх" зэргээр хуулийн хариуцлага хүлээдэг.
Эх сурвалж: babr24.com
Холбоотой мэдээ