Таашаалтайгаар хүчиндүүлж байхдаа таарсан ард түмэн гэвэл монголчуудыг хэлэх биз. Улс төр, эдийн засгийн бодлогоороо тултал нь дарамталж, дээрэлхээд байхад л тусгаар улсын иргэд атлаа “ах минь, агуу Орос минь” гэж саймшрах хүмүүс саарал ордонд ч бий.
Монголд суугаа ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов өчигдөр албан ёсны пэйж хуудсаараа дамжуулан монголчуудад, АН-д анхааруулга өгсөн нь архинд гөлөмцсөн согтуу Иваны үг биш болох нь ойлгомжтой. Тусгаар тогтносон улсын дотоод хэрэгт оролцсоныхоо төлөө Азизовоор уучлалт гуйлгаад зогсохгүй хөөх эрх нь ч Монгол Улсад бий. Гэвч, түүнд Гадаад харилцааны яамнаас нот бичиг хүргүүлсэн гэх ч үнэндээ “та постоо устгачихаач дээ” л гэсэн бололтой. Азизав бичсэн постоо устгаагүйг харахад ГХЯ-наас хүргүүлсэн гэх нот бичигт өгсөн “хариу тайлбар” нь тэр гэж ойлгож болох нь. Харин түүний дор монголчууд болгож тавьсныг харахад манайхан бүгд “орос ахдаа” таашаалтайгаар хүчиндүүлэхийг бас чиг хүсдэггүй аж.
Азизовын энэ мэт дээрэнгүй авир гаргасан нь нэгээр тогтохгүй, өмнө нь Оросын ялалтын парадыг Монголын үндэсний телевизээр дамжуулсангүй гэж заналхийлж байсан удаатай. Тэгвэл өнгөрсөн өвөл УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзаад “хаврын чуулганаар хэлэлцэх асуудал болон ажиллах чиглэлийн талаар мэдээлэл авахыг хүссэн” байдаг. Хүссэн ч гэж дээ, бараг тулган шаардсан шахуу. Ийнхүү захын Иван Монголын төрд зааж, зааварлаад сууж байгаа ёстой тавилан юм даа. Энэ нь хэн нэгний “хазгар хүргэн хадамсаг” гэгч болсны хариу.
“Ардчилсан намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд” гэх ув улаан анхаарлын тэмдэгтэй өчигдрийн Азизовын сүрдүүлэг нь цаашдаа АН амьд үлдэх ёстойн сануулга, дохио юм. Ардчилсан нам амьд үлдэж байж Монгол Улс оршин тогтнох тухай асуудал яригдаж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, АН-ын орших эс оршихоос Монголын үндэсний аюулгүй байдал ч хамаарахаар болжээ гэдгийг л ойлго. Азизовын анхааруулгаас айхын учир ердөө энэ.
Харин Ардчилсан нам амьд үлдэх сүүлчийн боломжоо Х.Баттулгад алдчихгүй байх ёстой. Товчхондоо, Ардчилсан нам Х.Баттулгад очих аваас Азизовын хүсэл биелнэ. Иймээс Ардчилсан намынхан энэ удаад илүү хариуцлагатай, илүү эв нэгдэлтэй байх цаг иржээ.
Яг үнэндээ АН-ыг “өөх ч биш, булчирхай ч” биш болгосон гол хүн Х.Баттулга. Түүний акц, амбиц хоёр АН-ыг бүр гурав хуваахаар шийдсэн болох нь бүр тодорхой байгаа. Х.Баттулга АН-д, Монголын ардчилалд яагаад ингэж хорсдогийн шалтгаан нь өчигдөр Азизовын жиргээгээр тайлагдлаа гэхэд бодит байдлаас хол зөрөхгүй ч байх.
Эндээс нэг л зүйл тов тодорхой харагдаж байна. АН муудаа хоёр хуваагдсан биш юм байна, АН-ыг Азизовын даалгавраар хоёр хуваасан юм байна гэж. Ингэхийн тулд АН-ын лидерүүдийг нэг нэр, хоёр хочтой болгож, толгой дараалан шоронд аваачиж хорихийн тулд тролл сайн ажиллуулжээ, "ноён орос". Худлаа үгийг мянга давтахаар үнэн болдог гэгчээр янз бүрийн хэрэг тохоод хэвлэл, олон нийтийн сүлжээнд сэвээд байхаар монголчуудын тархи угаагдчихаж байгаа юм л даа. Тэгээд л "биднийг тэмбүүнээс салгасан ах нар" гээд улаан цээжээрээ хамгаалах ув улаан коммунистууд сүүлийн үед улам олширсон харагдах. Олон нийтийн сүлжээг "тандвал" шүү дээ.
Э.Бат-Үүл, М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Да.Ганболд, Д.Эрдэнэбат, Х.Тэмүүжин, Л.Гантөмөр, М.Батчимэг, Г. Батхүү гээд АН-ын нэртэй, зүстэй болгоныг нэг л хүн мүүнчин, сайн ах, террорист, оффшорчин, тагнуул, тангарагийн буг болгосон. Одоо “хойноос ирээд хот минийх, хотонд ирээд хонь минийх” л гээд ичих нүүрээ мартчихсан явж байна.
Х.Баттулга Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ Монгол Улсын гурван Ерөнхий сайдыг шоронд хорьж, Ч.Сайханбилэгийг интерполоор эрэн сурвалжлуулж байв. Энэ мэдээж, Х.Баттулгын дангаараа хийсэн “ажил” биш болох нь Азизовын жиргээнээс уншигдаж байна.
С.Баяр, С.Баярцогт нар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулж, Монгол Улс анх удаа гуравдагч оронтой мега төсөл хэрэгжүүлсэн. Товчхондоо, энэ төсөл Монголын тусгаар тогтнолыг эдийн засгийн аргаар баталгаажуулж буй юм. Үүнийг хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэсэн С.Баярцогт ч, өнөөдөр “Оюутолгой”-н ажлыг хэсгийг ахлаж байгаа Х.Нямбаатар аль, аль нь хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл М.Энхсайхан Тавантолгойн эдийн засгийн эргэлтэд оруулахыг хүссэн. Хэрэвзээ Тавантолгой эдийн засгийн эргэлтэд орсон аваас Монголын эдийн засаг дор хаяж 10 дахин тэлэх байсан. Манай эдийн засагт 100 их наядын хөрөнгө эргэлдэг гэвэл үүнийг 10-аар үржүүлээд үз.
Ч.Сайханбилэг “Эрдэнэт”-ийн 49 хувийг оросуудаас авч, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Энэ бүхэн, мэдээж оросуудад таалагдаагүй нь ойлгомжтой. Монголын эдийн засаг хүчирхэгжих юм бол монголчууд Азизовоос айгаад суухгүй байсан нь бүр ойлгомжтой.
Тэгвэл Женко Монголын эдийн засагт ямар реформ хийж, түүхэнд нэрээ яаж үлдээсэн хүн бэ. “Баянгол”, “Талх чихэр”, “Мах импекс” гээд төрийн өмчийг хууль бусаар худалдаж авсан, төмөр замын төслүүдийг гацааж, нүүрсний экспортыг хумьсан гээд түүний “гавъяа” хаана байна.
Сангийн сайд Б.Жавхлан хэлсэн байна лээ, дэлхийн зах зээлд эрдэс баялгийн үнэ өсч байгаа ч экспортын төмөр замгүйгээс боломжийг ашиглаж чадахгүй байна. Үүнээс болоод дотоодын ам.долларын нөөц буурсан гэж.
Холбоотой мэдээ