
-Манай улсын эдийн засаг ер нь ямар загвараар яваад байна аа?
-Манай улсад сайн юм, болж бүтэж байгаа юм байна. Гэхдээ яг шийдэл гаргая, өөрчилье гэх юм бол юу болохгүй байна, яагаад болохгүй байна гэдэг дээр тогтож яримаар байгаа юм. Монголын газар зүйн байрлал нэг талаас Европ, нөгөө талаас Ази байдаг учраас эдийн засгийн бодлого, загвар хоёр дээр маш олон орны эрс тэс ялгаатай загвар, бодлого холилдож орж ирдэг. Жишээ нь, уул уурхайд түшиглэх үү, жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх үү, ер нь улсаа яаж хөгжүүлэх вэ гэхээр нэг нь Америкийн, нөгөө нь Германы бодлого яриад байдаг. Эсвэл Японы, Өмнөд Солонгосын гэх мэт. Энэ нь манай эдийн засгийн суурьтай наалдаж өгдөггүй. Өөр орны, өөр хүмүүсийн сэтгэхүйд амжилт олсон загварыг монгол хүмүүсийн сэтгэхүйд тааруулах гэж зүтгээд байгаа юм. Энэ олон холилдсон бодлого нь хоорондоо уялдаж өгөхгүй байна л даа. Өөрөөр хэлбэл, тухайн сонгосон бодлого, загвар яагаад Монголд тохирох ёстой вэ гэдгээ тооцоолохгүй байна гэсэн үг. Гаднаас суралцаж болохгүй гэсэн үг биш. Жишээ нь, “Азийн бар” гэгдэж байгаа орнууд бүгд нэгдсэн бодлоготой байдаг. Дөч, тавиад оны “Нисч яваа галууны загвар” гэж байна. Хамгийн урд нь Япон яваад араас нь Өмнөд Солонгос, Хонконг гэдэг ч юм уу. Нэг загварыг олон оронд тааруулж болж байна. Гэтэл манайхан энд, тэндээс хэсэг хэсэг юм аваад хооронд нь эвлүүлж чадахгүй байх жишээтэй.
-Манай улс уул уурхайд түшиглэж урагшлах нь тодорхой болсон. Гэтэл зарим хүн үүнийг буруу, эдийн засгийн гол салбар өөр байх ёстой гэж үздэг. Таны хувьд?
-Монголд баялаг байна уу, байна. Ашиглах ёстой юу, ёстой. Гэхдээ ашиглахад бэлэн биш байна. Яагаад гэхээр энэ баялгийг хувааж авах гэж байгаа хүмүүс нь хэн билээ, хэд билээ гэдгийг бодох ёстой. Монгол орныг нэгдүгээр ангийн хүүхэд гэж бодъё. Харин гадны хөрөнгө оруулагчид профессор. Мэдлэг, туршлагын хувьд ийм ялгаатай хүмүүс дундаа нэг юм тавьчихаад түүнийг хэрхэн ашигтай хуваах вэ гээд ярихаар хэн хожих нь дэндүү ойлгомжтой шүү дээ. Тиймээс л алдаатай бодлого гарна. Энэ байдал нэлээд үргэлжлэнэ гэж хувьдаа боддог.
-Гэхдээ төрөөс заримдаа оновчтой шийдвэр гаргадаг шүү дээ?
-Яах вэ. Хүн бүр л улстөрчдийг шүүмжилдэг. Гэхдээ тэр хүмүүс чинь биднийг сонсохгүй нэг зовлон байна. Мөн сонсохыг хүсэхгүй байх, сонссон ч авч хэлэлцэхгүй байх гээд олон зовлон бий. Манайхан баялагаа хувааж идэх үү, үйлдвэр барих уу гээд баахан л юм ярьдаг. Бас хүмүүсийг ажилтай байлгах уу, халамжтай байлгах уу гээд. Ер нь мөнхийн сэдэв болчихсон. Гэтэл үнэндээ халамжтай байлгах, үйлдвэр байгуулах бодлогыг бүгдийг нь явуулах боломж бий.
-Тэр боломжийн талаар арай дэлгэрэнгүй ярих уу?
-Ер нь халамж байх ёстой зүйл. Хэнд ажил хэрэгтэй, хэнд халамж хэрэгтэй байгааг ялгаж салгаж ойлгох, тодорхойлох хэрэгтэй. Мөн хэнд хэдий хэмжээний халамж өгөх шаардлагатайг хүртэл нарийн тооц. Ажил мэргэжил, амьдралын боломж нь харилцан адилгүй бүх хүнд ижил хэмжээтэй халамж өгөх нь буруу. Жишээ нь надад арван мянган төгрөгийн халамж хэрэггүй. Над шиг дундаж амьдралтай хүмүүс бүгд л ингэж хэлэх байх. Дундаж түвшнийхэн нийт хүн амын 50 хувийг эзэлнэ гэж тооцвол овоо мөнгө хэмнэнэ. Гэвч өгснийг нь авахаас л аргагүй. Яагаад гэвэл бидний аваагүй мөнгийг өөр хэрэгтэй зүйлд зарцуулах чадавхи төрд алга. Арваадхан хүн тэрбум тэрбумаар нь хуваагаад авчихна. Хайран мөнгийг тэгж үрүүлснээс бага гэлтгүй бид авч байсан нь дээр болж байгаа юм.
-Халамжийн мөнгийг байгалийн баялгаас л босгож байгаа. Тэгвэл тэр мөнгөнөөс баян, ядуугаас үл хамаараад хүн бүр тэгш хүртэх ёстой биш үү?
-Тэгш хүртэх гэдэгтэй тэгш амьдрал гэсэн нийгмийн ойлголт хамт явах ёстой. Хэдийгээр хэн сайн ажилласан нь сайхан амьдрах ёстой гэсэн зарчим байдаг ч боломжгүй, ядуу хэсгээ өөд татаж байж улс, нийгэм урагшилдаг. Нийгмийн хуваарилалт анхнаасаа хүмүүст харилцан адилгүй байсан учраас нэг хэсэг нь ядуу, нөгөө нь баян, бас нэг хэсэг нь дундаж гэсэн ангилалд багтаж байгаа юм. Тэгэхээр заавал төр гэлтгүй боломжтой хэсэг нь ард хоцорсон хүмүүстээ боломж олгох ёстой байхгүй юу. Мөнгийг олон хүнд хуваах тусмаа ногдох хэмжээ багасах нь мэдээж. Цөөн хүн авбал ихийг авна. Ихийг авах тусмаа амьдрал нь хурдан дээшлэнэ. Харин бүх хүмүүс ижил түвшний амьдралтай болсон үед тэгш хуваарилалт байж болно.
-Эдийн засагт төрийн оролцоо их байна гэсэн шүүмжлэл их бий. Гэтэл төр л эдийн засгийн бодлогыг тодорхойлох ёстой биз дээ?
-Үүнийг улс төр, эдийн засгийн ухаан гэдгээр тайлбарлах ёстой л доо. Мэдээж улс байгаа юм чинь төр байна. Төр байхад эдийн засаг байна. Хамгийн гол нь өнөөдөр бид улстөрч гэж хэн бэ гэдгийг л зөв харж чадахгүй байгаа юм. Бас улстөрчид үндсэн үүргээ гүйцэтгэхгүй байна. Сонгуулиар хэн гарч ирдэг вэ гэвэл нэг бол бизнес эрхэлдэг, эсвэл бизнесмэнээр дэмжүүлсэн нөхөр л гарч ирнэ. Тиймээс хүссэн хүсээгүй эргээд тэр бизнестэйгээ холбогддог. Тэгэхээр улстөрчид эдийн засгийг доройтуулж байна гэж шүүмжлэхээс ч аргагүй. Төрд гарсан нөхдүүд нэг бизнесийг дарангуйлж, нөгөөг нь дэмжих үүрэгтэй болчихсон. Улс төрд ашиг сонирхлын зөрчилгүй хүмүүс гарч ирсэн цагт л эдийн засаг урагшилна.
-Инфляци сүүлийн жилүүдэд байнга өсч байна. Бодлого буруу учраас л өсч байгаа байх. Өсгөхгүй байх ямар боломж байна?
-Мөнгөний нийлүүлэлт, барааны нийлүүлэлт хоёр тэгш бус байгаа учраас л инфляци өсөөд байгаа юм. Хүмүүст мөнгө байлаа ч худалдан авах юм нь бага байна. Тийм учраас үнэ нэмэгдэхээс аргагүй. Дээр нь тээвэр, гадаад худалдаанаас бас их зүйл хамаарна. Манайд үйлдвэрлэл байхгүй учраас Эрээнээс бүхнийг татаж байна. Нэг удаа явахдаа сая төгрөгний бараа татдаг гэж бодъё. Тээврийн зардалдаа 300 мянгыг нь өглөө. Тэгэхээр хоёрхон удаа явахдаа 600 мянган төгрөг үрж байснаас барааныхаа үнийг ялимгүй нэмсэн нь дээр болдог. Наймаа хийдэг хүн бүр ийм сэтгэхүйтэй байгаа. Уг нь яг зах зээлийн онолоо ашиглах юм бол инфляци тийм аймаар зүйл биш. Үнэ хэдий өсөвч тодорхой түвшинд хүрээд л зогсоно. Цаашаа явах ямар ч боломжгүй.
-Гэхдээ үнэ өндөр байна гэдэг чинь хэрэглэгчдэд том дарамт биз дээ?
-Хамгийн аюултай юм хөөрөгдөлт, хөөсрүүлэлт. Жишээ нь, хоёр жилийн өмнө шинээр ашиглалтад орсон орон сууцнууд бүгд зарагдаад дуусчихлаа гэж байсан. Би яг энэ сэдвээр судалж байсан юм. Яагаад өндөр үнэтэй барилгууд ийм хурдан хугацаанд зарагдаж дуусав. Тэр мөнгөний эх үүсвэр хаана байна гэдэг үнэхээр анхаарал татсан. Гэтэл жинхэнэ хөөрөгдөх, хөөсрүүлэх ажиллагаа болсон байгаа юм. Үл хөдлөх хөрөнгө зуучилдаг баахан хүмүүс гарч ирээд барилгын компаниудтай гэрээ хийчихсэн. Худалдан авагч хүрээд ирэхээр байр зарагдаад дууссан гэж хэлээд сэтгэл зүйг нь бэлдэж байгаа байхгүй юу. Хүмүүс “Өндөр үнээр ч хамаагүй ганц байр авахгүй бол сүүлдээ олдохгүй юм байна” гээд айж эхэлнэ. Энэ бол хөөрөгдөлт. Гэтэл өнөөдөр нөгөө зарагдаж дууссан гээд байсан орон сууцны 70-80 хувь нь зарагдаагүй байж л байна.
-Тэгвэл барилгын салбар гацаанд орсон нь хямралтай нэг их холбоотой биш байх нь ээ?
-Яг үнэн. Манайхан өөрсдөө хямраачихсан гэхэд болно. Хамгийн хариуцлагагүй алхмыг банкууд хийсэн. Банкинд зах зээлийн бүх мэдээлэл байдаг. Санхүүгийн бүхий л гүйлгээ банкаар дамждаг учраас үнийг хянах, хүмүүсийн цалин, орлогыг мэдэх бүрэн боломжтой. Жишээ нь, барилгын компани банкнаас зээл авахдаа бүх бизнес төлөвлөгөөгөө танилцуулна. Барьсан байраа 1600 ам.доллараар зарна гэвэл “Уучлаарай манай улсад ийм үнээр худалдан авах чадвартай хүн байхгүй” гэдгийг хэлэх ёстой шүү дээ. Гэтэл зах зээлийн бүх мэдээллийг мэдсээр байж хүссэн хэмжээгээр нь зээл өгчихдөг. Ийм хариуцлагагүй үйлдэл хийснээсээ болоод банкууд өөрсдөө ч хямарсан. Тэр үед хүмүүс ус буцалгагчаа барьцаанд тавиад банкнаас 15-хан мянган төгрөг зээлдэг байсан. Энэ нь өөрөө хүмүүсийн худалдан авах чадвар хэр доройтсоныг мэдрүүлж, сигнал өгч байгаа хэрэг шүү дээ.
-Банкууд зах зээлээ мэдсээр байж яагаад тэгсэн юм бол?
-Хүмүүс арилжааны банкийг хувийн байгууллага гэж хардаг. Ойлгодог. Гэтэл банк өөрөө төр, эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх нэг гар, мөч болдог. Энэ утгаараа төрийн байгууллага ч юм шиг. Мөн арилжааны банкинд ажилладаг нэг нөхөр алдаа гаргаад харилцагчийнхаа хадгаламжийг алга болгочихвол хариуцлагыг нь төр үүрээд, хохирлыг нь төлчихдөг. Тийм учраас банк хариуцлагагүй байгаа юм.
-Манайд хөдөлмөрийн үнэлэмж бага. Ер нь Монголд цалин өндөр байх боломжтой юу?
-Хөдөлмөрийг хэн хийж байна гэдгээс хамаараад ялгаатай үнэлдэг. Гадаад уу, додоод уу гэж. Хоёрдугаарт менежментийн асуудал бий. Жишээ нь, солонгосчууд хүнийг ажлаа хийснийх нь дараа чанарыг нь шалгаад, тохирсон мөнгийг нь өгдөг. Харин монголчууд хүнээр ажил хийлгэхээсээ өмнө “Энэ чадахгүй дээ” гэж бодоод бага мөнгө өгдөг. Тэгэхээр тэр мөнгөнд нь тааруулаад ажлаа чанаргүй гүйцэтгэдэг. Бас имигрант сэтгэхүй гэж нэг юм бий. Цагаачлалын сэтгэхүй гэх юм уу даа. Манайхан автомашинаа засуулахдаа вьетнамчууд сайн гэдэг. Гэтэл үнэн хэрэгтээ аль ч улсын иргэд чадварын хувьд адилхан. Монгол засвар, Вьетнам засвар хоёр яг адилхан технологи, багаж хэрэгсэлтэй. Зөвхөн сэтгэл нь л өөр. Хүний газар ажил хийж байгаа хүн олдсон цагтаа их мөнгө олохын тулд ажлаа сайн хийдэг. Солонгост ажиллаж байгаа монголчууд ч яг тийм сэтгэхгүйгээр ажилладаг. Тэгэхээр сэтгэл байвал цалин өндөр байх боломж байна аа л гэсэн үг.
-Олон улсын санхүүгийн байгууллагууд хөгжиж буй орнуудад туслах нэрээр бохир мөнгө угаадаг, заримдаа бүр туслах бус, гай болдог гэсэн яриа их гарах болж. Энэ хоосон хардалт уу, бодит байдал уу?
-Ямар ч жишээгээр тайлбарлаж болно. Мууг ч хийдэг газар бий. Сайныг ч хийдэг газар байна. Энэ нь үндсэндээ дотоод талаасаа 50-60 хувь хамаардаг. Улс төрд бизнестэй холбоотой хүмүүс гарч ирдэг шиг олон улсын байгууллагууд ч хэн нэгний сонирхлоор л үйл ажиллагаа явуулж байдаг. Мөнгө оруулсан л юм чинь өөртөө зах зээл нээх, илүү ихийг олохыг зорино. Хамгийн гол нь тэднийг өөртөө ашигтай болгож чадах уу, үгүй юу гэдэг нь тухайн улсын бодлогоос л хамаарна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын чадавхаас шалтгаална гэсэн үг. Жишээ нь, би их мөнгөний нэг байгууллагын хүн байя гэж бодъё. Тэгээд Монголын Засгийн газрын нэг гишүүнтэй уулзаад ярьсан чинь юу ч мэдэхгүй байлаа. Тэгэхээр би зүгээр л элементарны юм оруулаад ирнэ. Шал хэрэггүй сургалт, семинар явуулаад л мөнгө олоод байж болно. Харин Засгийн газарт толгой сайтай нөхдүүд байвал “Чи манайд хэрэггүй ээ” гээд хүлээж авахгүй. Манайханд гадныхныг хэт шүтэх, хэт үнэлэх тал ажиглагддаг. Ямар ч нөхөр өөрийгөө хэдэн саяын үнэлгээтэй айхтар зөвлөгч гэж ойлгуулаад ороод ирж мэднэ. Гагцхүү эцсийн тийм, үгүй гэдэг хариултыг Засгийн газар л хэлэх эрхтэй. Тэгэхээр бүгдэд нь yes гээд байвал зүгээр л тэднийг дагаж байна аа л гэсэн үг. Хөрөнгө оруулалт ч адилхан. Ашигтай учраас л хөрөнгөө оруулдаг.
-Зах зээлд саад болж байгаа зүйлийн нэг нь яах аргагүй шударга бус өрсөлдөөн. Яаж шударга өрсөлдөөн бий болгох вэ?
-Шударга өрсөлдөөн бий болгох шаардлага байгаа ч боломж нь хомс байна. Зах зээлийн эх үүсвэр нэг газар төвлөрчихөөр аргагүй л дээ. Жишээ нь, бидний хэрэглээ ерөнхийдөө Эрээнээс хамааралтай. Бүгд нэг л газраас бараагаа авч байгаа болохоор энд ирээд өрсөлдөнө гэдэг утгагүй. Нефть ч бас нэг л газраас авдаг. Хуурай сүү бас адилхан. Бүгд Шинэ Зеландаас хуурай сүү авчраад үнээний сүү гэж зардаг. Тэгэхээр тэдний үнэ өөрсдөөс нь бус, гаднаас илүү их хамааралтай байдаг гэхэд болно. Манайд сая Шударга өрсөлдөөний тухай хууль батлаад хэрэгжүүлж эхэллээ. Энэ бол сайн хэрэг. Гэхдээ хэнд торгууль ногдуулах уу, торгуулийн хэмжээ ямар байх уу гэдгийг бас бодох л хэрэгтэй. Зуун төгрөгийн юм аваад 120 төгрөгөөр зарсан хүнийг торгоод байж болохгүй. Хяналт их тавина гэдэг чинь захиргааны зардал өснө л гэсэн үг. Гэхдээ шударга бусаар өрсөлдөж ашиг олсон хүмүүст хариуцлага тооцох л ёстой. Олсон ашгийн зургаан хувиар торгоно гэдэг бол инээдтэй зүйл. Тэртэй тэргүй 94 хувийн ашиг нь үлдэж байгаа юм чинь торгуулаад л яваад байна.
-Ер нь манайд зах зээл жинхэнэ утгаараа хөгжихгүй байна. Тийм үү?
-Монголчууд зах зээлийг харсан, ойлгосон. Одоо мэдэрч эхэлж байна. Өөрийн болгох ёстой. Мэдэхийн хувьд бүгд мэднэ. Жишээ нь, би зах зээлийн талаар аймаар гоё ярьж чадна. Гэвч яг үйлдэл хийх болохоор чадахгүй байх нь бий. Тэгэхээр өөрийн болгож чадаагүй байна аа л гэсэн үг.
-Манай улс Азид хамгийн бага татвартай орон гэдэг. Гэтэл бизнес эрхлэхэд дарамттай байна гэх юм. Энэ ямар учиртай юм бэ?
-Татвар төлж байгаа хүмүүсийн тоо нь цөөн учраас хуримтлагдсан мөнгө нь хэт данхайсан захиргааны зардалд хүрэлцэхгүй байгаа юм. Тийм учраас л хүмүүс бухимддаг. Төрийн бүтэц нүсэр байгаа учраас олон янзын зөвшөөрөл, лиценз авах гэх мэт дарамт бий болдог. Манайханд бас нэг сонин сэтгэхүй бий. Төрийн мөнгө гэдэг өөрсдийнх нь төлсөн мөнгө шүү гэдгийг хамгийн сайн мэддэг хэрнээ нэг үйлдвэр байгуулах гэсэн юм гээд төрөөс мөнгө нэхдэг. Татвараас чөлөөлж өгөөч ээ гэж гуйдаг. Тэгээд хэн татвар төлөх юм бэ. Ер нь Татварын хуульд 2007 онд хийсэн өөрчлөлт нэлээд сайн болсон. Гэхдээ манайхан хууль тогтвортой байх ёстой гээд хөндөхгүй, өөрчлөхгүй байгаад байж болохгүй. Цаг үетэйгээ нийцүүлээд байнга л сайжруулж байх ёстой.
-Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлнэ гээд жил бүр зээл өгөөд байна. Олигтой үр дүн гарахгүй байх шиг?
-Манайхан арван жижиг үйлдвэр явж байгаад гэнэт том зах зээл дээр гарчих юм шиг ойлгоод байна. Тэр арван жижиг үйлдвэрийг том зах зээлтэй холбох дунд хэмжээний үйлдвэр байх ёстой. Дунд нь байх үйлдвэр ширээ хийдэг байя гэж бодъё. Тэгвэл жижиг үйлдвэрүүдээр зөвхөн ширээний хөл хийлгэ. Тохирсон тоног төхөөрөмжийг нь өгчих ёстой. Харин дунд үйлдвэр эцсийн угсралтыг хийгээд том зах зээлд гаргана. Хэрэв жижиг үйлдвэр шууд бүтэн ширээ хийх гэж зүтгээд байвал том зах зээлд гарч чадахгүй. Тоох ч үгүй. Бүр ажлаа эхлэх гэхэд нь зээл ч олдохгүй. Ийм шат дараалал тогтоож, төрөлжүүлж байж хөгжинө. Зөвхөн нэг л үйлдэл хийж байгаа жижиг үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалтын зардал шаардахгүй. Тэд төрөөс мөнгө гуйх ч хэрэггүй. Яагаад гэвэл зах зээл нь баталгаатай. Төр юу хийх ёстой гэхээр дунд үйлдвэр ширээний хөл хийж болохгүй гэсэн зааг тогтоож өгөх учиртай юм. Тийм зохицуулалт хийгээд өгөхөөр жижиг үйлдвэрүүд аяндаа ажиллаад эхэлнэ.
-Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг өрсөлдөх чадварын индексээр манай улс ухраад л байх юм. Өрсөлдөх чадвараа яаж нэмэгдүүлэх ёстой вэ?
-Манай улс энэ жил бизнесийн орчныг шинэчилнэ гээд, Азидаа 10-т орно гэсэн сонин зорилго тавьж байна. Зүгээр нэг хоёр тушаал урж хаяад ч юм уу ганц зүйлийг өөрчлөхөд өрсөлдөх чадвар нэмэгдэнэ гэж байхгүй. Өрсөлдөөн гэдэг бол уралдаан. Өрсөлдөгчийнхөө урд орохын тулд хурдаа нэмэх шаардлагатай. Бүх зүйл дээр хурд дутаад байна. Манайхан өсөлт, хөгжилт гэдэг хоёр зүйлийг жаахан холиод байна л даа. Өсөлт гэдэг нь тооны талын ойлголт. Хөгжилт бол тэр өсөлтийг ашиглах явдал. Гэтэл манайхан тооны хувьд өсөлт гараагүй байхад хөгжинө гэж яриад, эсвэл чанаргүй тоон өсөлтийг хөгжил гэж ойлгоод бага зэрэг төөрөөд байгаа юм. Дөнгөж төрсөн хүүхэд 10 настай хүүхдийн хийх юмыг хийх гээд байгаа юм шиг. Тэгэхээр манайд шилжилт явагдаж байна аа л гэсэн үг. Төрийн алба, шийдвэр гаргах түвшинд сайн ярьдаг, мэдлэгтэй хүн маш олон байгаа. Зөвхөн хэрэгжүүлэх гэхээр болдоггүй. Энэ нь нэг талаас төрийн албан хаагчдын гадаадад мэргэжил дээшлүүлэх хугацаа богино байдагтай холбоотой. Хэдхэн сар, дээд тал нь гурван жил болоод ирсэн хүмүүс тухайн орноос сурах юмаа бүрэн сурч чадахгүй байна. Гоё загварыг гаднаас нь харчихаад л ирдэг. Нэг хайрцаг байлаа гэхэд дөрвөлжин юм уу, гурвалжин юм уу гэдгийг нь сайн мэдээд байдаг. Мөн ямар материалаар хийсэн нь тодорхой. Харин дотор нь юу байгааг мэддэггүй. Задлаад үзвэл дотор нь түмэн янзын эрэг шураг бий. Зарим нь чанга, зарим нь сул. Тэр бүгдийг мэдэж байвал манайхан өөрийнхөө оронд тохируулаад л ашиглачихна. Жишээ нь, манайх өрсөлдөх чадварын хувьд Казахстан шиг болъё гэвэл тэдний аль салбарын бодлого нь манайд тохирохоор байгааг нарийн судлах хэрэгтэй.
-Бодлого хэт ерөнхий байна гэсэн үг үү?
-Тийм. Ер нь бодлого гэдэг зүйл хэт макро байж болохгүй. Нарийвчилж, задалж өгөх тусмаа үр дүнгээ өгнө. Гэтэл манайд яадаг билээ. Сайд мэргэжилтэн хоёр яг адилхан түвшинд ярьдаг. Мэргэжилтэн хэт макро бодлого яриад, эсвэл сайд нь мэргэжилтний хийх ажлыг яриад байдаг. Үүнийгээ л больчих хэрэгтэй. Бас нэг зүйл нь “Эхэлчихвэл явчихна” гэсэн сэтгэхүй. Эхлүүлээд л орхичихдог. Байнга хөдөлгөж байж урагшилна шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
Ч.ДАШДЭЛЭГ
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин