"Өөрийгөө паралимпийн тамирчин болно гэж төсөөлөөгүй"

Хуучирсан мэдээ: 2022.03.25-нд нийтлэгдсэн

"Өөрийгөө паралимпийн тамирчин болно гэж төсөөлөөгүй"

"Өөрийгөө паралимпийн тамирчин болно гэж төсөөлөөгүй"

Тэр хэн нэгнээс хэд дахин их хөдөлмөрлөж бас үлгэрлэж яваа, амьдрал хайртай нэгэн. Учир нь тэрбээр одоогоос 22 жилийн өмнө алс холын Америкийг зорин очоод авто осолд орж, хөгжлийн бэрхшээлтэй болсон. Гэсэн хэдий ч амьдралд бууж өгсөнгүй. АНУ-ын паралимпийн кёрлингийн багт "Оюуна" буюу У.Бат-Оюун хэмээх монгол бүсгүй анх удаа багтаж, эх орныхоо нэрийг гаргасныг та бүхэн сонссон биз.  Өдгөө 48 настай, эдийн засагч мэргэжилтэй бүсгүй энэ хүртэл ирэх гэж амаргүй зам туулсан тухайгаа хуваалцсан юм. 


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Цагийн зөрүүнээс болоод холбогдох гэж удлаа. АНУ-д ирсэн түүхээсээ яриагаа эхлэе гэж бодлоо?

-Би АНУ-д ирээд 22 жил болох гэж байна. Анх энд 2000 оны зургадугаар сард ирсэн. Тэр үед монголчууд Америк руу нэг хэсэг давалгаалсан шүү дээ. Бусдын адил тэр давалгаанд өртөж ирж байлаа. Харамсалтай нь энд ирээд долоохон хоноод автомашины осолд орж, нугасны гэмтэл авсан. Тэгээд бэлхүүснээсээ доош мэдээгүй болж, тэргэнцэр дээр суугаад 22 жил болж байна даа.

Анх хүний нутагт ирээд ийм хүнд зүйл тохиолдсон болохоор их хэцүү байсан. Харийн нутагт орон гэргүй, эмнэлэг, асрамжийн газраар амьдарч олон бэрхшээлийг туулсан. Тэгээд жилийн дараа нэг хүнтэй гэрлэлтээ батлуулж, ногоон карт авсан юм. Миний хувьд Монголд үлдсэн хүүгээ удахгүй татан авна гэж бодож байсан боловч гэрлэлт маань бүтээгүй, бид салсан. Тиймээс АНУ-ын иргэн болтлоо найман жил хүлээх шаардлагатай болсон. Намайг АНУ-руу явахад хүү маань зургаан нас ч хүрээгүй байсан. Тэгээд хүү маань 2008 онд 14 настайдаа ээж дээрээ ирж байлаа. Хэдийгээр одоо хүү маань 27 настай залуу болсон ч хүүгийнхээ бага насанд хамт байж чадаагүйд сэтгэл их эмзэглэж явдаг. Амьдрал тэгж л тохиосон болохоор яалтай билээ.

-Хүний нутагт осолд орсны дараа эх орон руугаа буцах бодол төрж байв уу?

-Өөрөөсөө “Яагаад надад ийм зүйл тохиолдож байгаа юм бэ. Би ямар нүгэл хийсэн юм бэ” гэх мэт олон асуулт асууна. "Би эх орондоо байсан бол надад ийм зүйл тохиолдох байсан болов уу, яах гэж үр хүүхдээ орхиод энд ирэв" гээд л харамсч байсан. Тухайн үед янз бүрийн юм бодож, амьд яваад ч яах юм гэж хүртэл бодож байсан. Гэтэл Америк сайхан орон юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст нийгмийн хангамж, хүртээмжтэй сайтай. Анх тэрийг нь мэдэхгүй Монгол шигээ санаж, одоо миний амьдрал дуусч байна гээд сэтгэлээр их унадаг байлаа. Эмч, нийгмийн ажилтнууд надад их тусалж, олон хүнтэй холбож өгдөг байсан.

Миний хувьд одоо нэгэнт ийм болсон юм чинь яаж энд үлдэж ажил, амьдралаа эхлүүлэх вэ гэдэгт суралцан судалж эхэлсэн. Монголд ийм байдалтай амьдрахад маш их бэрхшээлтэй. Би өөрөө ч мэднэ. Монголд 2000 оны үед гудамжинд тэргэнцэртэй хүн бараг явдаггүй байлаа. Тэгж бодохоор л тэр хүмүүс ямар амьдралтай байдаг вэ гэдэг нь ойлгомжтой шүү дээ.

“Үртэй хүн үхэж чаддаггүй” гэдэг үг бий. Би осолд орох агшинд юу болж байгааг ч ойлгохгүй хар дарсан зүүд шиг санагдсан. Яагаад ч юм бэ “Үр хүүхэд минь байна. Сайхан ээжийнхээ урдуур орж болохгүй шүү” гэсэн бодол аварсан ч юм уу амьд гарсан. Ослын дараа өөрийгөө ямар гэмтэл авснаа ч сайн ойлгохгүй. Ямар ч байсан биеийн доод хэсэг мэдээгүй болсноо мэдсэн. Хэр удаан ийм байдалтай байх юм бол гэдгээ эмчээс асуухад бүх насаараа суумгай болно гэдгийг сонсоод үнэхээр шоконд орсон. Нэг л эвлэрч өгөхгүй, хэцүү санагдсан. Гэтэл өнөөдөр хэчнээн тэргэнцэр дээр суудаг болсон ч бусад монголчуудынхаа адил амьдарч байна. Одоо Миннесота мужийн Сэйнт Томасын их сургуулийн тэнхимийн сургалтын албанд долоо дахь жилдээ ажиллаж байна.

-Энэ бүхний ард гарч, ажилтай болох мөч хамгийн сайхан байсан биз?

-Анх тогтмол ажилтай болоод маш их баярласан. Би чинь худлаа үнэн англи хэлтэй байсан нь хэрэг болсон. Тэгээд огт англи хэлгүй байсан бол хөгжлийн бэрхшээлтэй хүнд огт ажил олдохгүй шүү дээ. Монголчуудын хувьд англи хэлгүй ч биеийн хүч хөдөлгөөн шаарддаг ажил хийдэг. Миний хувьд бусадтай адил шал угааж, хүн асрах боломжгүй учраас өөр тохирох ажил маш удаан хайсан. Монголд өмнө нь орчуулагчаар ажиллаж байсан юм.

Би нэг жилийн дараа машин барьж сурсан. Англи хэл маань сайжирч, чих аяндаа онгойж эхэлсэн. Ялангуяа асрамжийн газарт зурагт их үздэг байлаа. 90 гарсан эмээтэй нэг өрөөнд байхад өдөр шөнөгүй зураг үзнэ. Бас анх утсаар ярьдаг операторын ажил хийдэг байсан учраас хүмүүстэй ярьж сурсан. Хүн гарцаагүй байдалд орохоор хэл сурахаас өөр аргагүй болдог шүү дээ.

-Их ажлын хажуугаар анх хэрхэн кёрлингийн спортыг сонирхон, хичээллэх болов?

-Би ажлаасаа гадуур сонирхолтой юм хийж, өөрийгөө завгүй байлгахаар байнга эрэлхийлдэг. Анх морин хуур Монголоос авчруулж, ая тоглож сурлаа. Бас солонгос драм их үзэж, солонгос хэлийг бараг сурав. Бас циркийн сургуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сургалтад хамрагдсан.

Тэгж байтал нэг америк найз маань Сент-Пол дахь Цирк Жувентус хэмээх спорт заалны ахлах дасгалжуулагч болсноор кёрлингийн спортыг сонирхож эхэлсэн. Найз маань үндэсний шигшээ багийн тамирчидтай танилцуулж, тэд “Энэ спортод эмэгтэй тамирчид цөөн байдаг болохоор энэ спортоор тууштай хичээллэвэл 2022 оны олимпод оролцох боломжтой” гэдгийг хэлсэн. Тэгээд надад сайхан санагдаж “Энэ спортоор хичээллэж, үзээд алдвал яасан юм бэ” гэдэг бодол төрсөн.

Судалгаа хийсэн чинь манай хотод нэлээн хэдэн клуб байдаг юм байна. Эхэн үедээ долоо хоногт нэг удаа хичээллэдэг байсан бол тамирчин болохын тулд шаргуу бэлтгэл хийх ёстойг ойлгож өөр клубт элсч, олон цагаар бэлтгэл хийх боломжийг өөртөө гаргасан.

Би 2018 онд кёрлингийн шигшээ багт шалгарч, 2021 оны дөрөвдүгээр сард анхны олон улсын тэмцээндээ оролцсон. Үүнээс зургаан сарын дараа 2021 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцон, дөрөвдүгээр байр эзэлж, Бээжингийн паралимпийг зорих эрхээ авсан. Нэг бодлын итгэмээргүй санагдсан. Би зургаахан жилийн өмнө энэ спортын талаар юу ч мэдэхгүй байсан. Хоёрдугаарт, 40 гарсан хойноо спортын тамирчин болж, паралимпад оролцоно гэж төсөөлж ч байсангүй. Албан ёсоор паралимпад оролцож, анх удаа монгол хүн АНУ-ын багийг төлөөлж байгаа нь сайхан санагдсан.

-Бээжингийн паралимпад багаараа ямар амжилт үзүүлсэн бэ?

-Бид ДАШТ Бээжинд болоход багаараа их сайн үзүүлэлттэй байсан. Дэлхийн аваргад өмнө нь өрсөлдсөн 11 багтайгаа паралимпад өрсөлдсөн. Багаараа медальд хүрнэ гэдэг өндөр итгэлтэй байсан. Гэтэл АНУ-д цар тахал хүчээ авч багаараа хамтарсан бэлтгэл хийхийг холбооноос хориглосон. Нэг л гишүүн халдвар авбал багаараа олимпод оролцох эрхгүй болох эрсдэлтэй.

Тиймээс бид долоо хоногт нэг удаа онлайнаар уулзаж, хувь хувьдаа бэлтгэлээ хийж байсан нь их нөлөөлсөн байх. Мөн багийн таван тамирчны дөрөв нь анх удаа паралимпад оролцож байгаа учраас сэтгэл зүйн бэлтгэгдээгүй байсан уу гараа их тааруу эхэлсэн. Багаараа тав хожиж, тав хожигдож, медалийн тойрогт хүрч чадаагүй. Боломж байсан боловч Шведийн багтай тоглохдоо том алдаа гаргасан.

Надад бол медаль авсан аваагүй маш том амжилт байлаа. Надад харамсаад байх зүйл байхгүй. Паралимпад их гүрнийг төлөөлж эх орныхоо нэрийг гаргалаа. Спортын дамжуулагч тамирчдыг танилцуулахдаа намайг Монголоос ирсэн гэдгийг тодотгож байсан нь сайхан санагдсан.

-У.Бат-Оюун одоо ямар зорилго тавиад байна вэ?

-Би одоо нэгэнт паралимпад ороод үзсэн учраас зогсохгүй. Энэ спортын амтыг нь авсан учраас өөртөө амжилтад хүрэх зорилго тавьсан. Удахгүй Италийн Милан хотод болох олон улсын тэмцээнд оролцож, медаль авах том зорилго тавьсан. Мөн кёрлингийн тэргэнцэртэй төрлөөс гадна шинээр холимог хосын төрлөөр олон улсын тэмцээн болно. Миний хувьд дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 6-ны хооронд Финландад болох тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна.

АНУ-аас нийт таван хос оролцоно. Миний хувьд багийн ахлагчтай нэг баг болж орох төлөвлөгөөтэй байна. Юу болохыг сайн хэлж мэдэхгүй байна. Цаашдаа кёрлингийн хоёр төрлөөр хичээллэж, олон улсын тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байгаа. Ирэх дөрвөн жилд хоёр төрлөөр амжилт үзүүлэх зорилго тавьсан. Ингэхийн тулд өөрийнхөө ур чадварыг улам сайжруулах болно.

-Эх орондоо ирэх төлөвлөгөөтэй бий юу?

-Би болдогсон бол өнөөдөр эх орондоо очмоор л байна. Ажлын хажуугаар спортоор хичээллэж байгаа болохоор бүх цагаа энэ спортод зарцуулж байгаа. Сүүлийн дөрвөн жил амралтгүй ажиллаж байна. Тийм болохоор эх орондоо очих боломж тун бага байна. Би хувиасаа зардлаа гаргаж, янз бүрийн тэмцээнд оролцдог. Дэлхийн хэмжээний тэмцээний зардлыг л холбооноос гаргадаг.

Надад ажлаасаа чөлөө авах цаг байхгүй болсон. Олимпод долоо хоногийн цалингүй чөлөө авч, оролцсон. Хажуугаар нь ажлаа хийж, амьдралаа авч явна. Тэрэндээ гацаад монгол явж чадахгүй байна. Тэрнээс биш эх орондоо очих хүсэл эрмэлзэл их байна. Сая болдогсон бол Бээжингээс харих замдаа эх орондоо саатаад явмаар л байлаа. Даанч цар тахал гээд хатуу зохион байгуулалттай байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж