АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр /2022.03.24/ Брюссель дэх НАТО-гийн төв байранд хүрэлцэн ирлээ. Тэрбээр энэхүү айлчлалаараа Оросын түрэмгийллийг хамтран эсэргүүцэж, Европт эрчим хүчний шинэ шийдэл санал болгохын тулд холбоотнуудаа нэгтгэх зорилготой. Европын хувьд ирэх хоёр жилдээ АНУ-аас нэмэлт шингэрүүлсэн хий нийлүүлж, тивийг Оросын эрчим хүчний хамаарлаас салгахын тулд Байдентай гэрээ байгуулах зорилготой байна.
Түүнийг өчигдөр өглөө ирэхэд гэрээний эвслийн гишүүд буюу Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар угтан авчээ. Мөн Туркийн ерөнхийлөгч Режеп Эрдоган уулзалтад оролцсон.
Турк улс нь Украины зэвсэгт хүчнийг нисгэгчгүй онгоцоор хангаж буй. Байден мөн Эстонийн Ерөнхий сайд Кажа Калластай товч ярилцжээ. Эстони улс нь Оростой хиллэдэг НАТО-гийн холбоотнуудын нэг юм.
НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг энэ өдрийн анхны хуралдааныг эхлүүлж, Оросын хөрш улс руугаа ямар ч үндэслэлгүй халдсан үйлдлийг буруутгалаа.
Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон шинэ хориг арга хэмжээний санал танилцуулсан. Түүнчлэн, Путины хувийн арми гэгддэг Вагнерын бүлэглэлийн тухай анхааруулжээ. Уг армийн хөлсний цэргүүд Зеленский болон Украины бусад өндөр албан тушаалтнуудыг хөнөөх үүрэг хүлээсэн гэх мэдээлэл байна. Зеленский мөн уулзалтын үеэр цахимаар холбогдон үг хэлж, 30 орноос цэргийн тусламж үзүүлэхийг гуйжээ. “Биднийг аврахын тулд маш их цэргийн тусламж хэрэгтэй байна. Украин НАТО-гоос тусламж хүссэн. Танайд олон мянган сөнөөгч онгоц, танк бий. Тэр бүх танкныхаа нэг хувийг л бидэнд өгөх юм уу зарахыг бид хүсч байна. Гэвч одоогоор тодорхой хариу сонсоогүй л байна. Дайны үеийн хамгийн аймшигтай зүйл бол тусламж хүсэхэд хариу өгөхгүй байх явдал юм” гэж тэр хэлжээ.
“НАТО дэлхийн хамгийн хүчирхэг батлан хамгаалах нэгдэл гэдгээ харуулах хэрэгтэй. НАТО-г дэлхий хүлээж байна, Украин хүлээж байна” гэв.
Харин НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг хэлэхдээ “Зүүн жигүүрт байршуулсан хүчнийхээ тоог нэмэгдүүлнэ. Унгар, Словак, Болгар, Румынд нэмэлт цэрэг оруулна” гэжээ. Тэрбээр Брюссель дэх дээд хэмжээний уулзалтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр ийн хэлжээ. Мөн Украинд дэмжлэг үзүүлж, химийн, биологийн болон цөмийн зэвсгээс хамгаалахыг зөвшөөрнө гэсэн байна. Одоогоор НАТО-гийн 40 мянган цэрэг, АНУ-ын 100 мянган цэрэг Европт өндөржүүлсэн бэлэн байдалд байна гэв.
Эх сурвалж: DAILY MAIL, BBC
Холбоотой мэдээ