Чуулган: Шүлхийтэй малын махыг таних аргагүй

Хуучирсан мэдээ: 2022.03.25-нд нийтлэгдсэн

LiveЧуулган: Шүлхийтэй малын махыг таних аргагүй

УИХ-ын Баасан гаригийн /2022.03.25/ чуулганы хуралдаан эхэллээ.

 

 

16 : 31
2022-3-25

Оросоос 3.5 сая тун вакциныг ачуулахаар болсон

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Сүүлийн үед малыг амьдаар нь гаргах асуудал яаман дээр ярь байгаа. Ийм зүйл байж болохгүй шүү. Ч.Улаан ХХААХҮ-ийн сайд байхдаа ингэж яриад улс төрийн карьер нь дууссан шүү. Махны экспорт хэр байна вэ?

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан:

-Махны экспортын квоттой холбоотой хардлага, нугалаа гаргадаг талаар бизнес эрхлэгчид ч ярьдаг. Яамны хувьд зөвхөн үхрийн махан дээр л квот тогтоосон. Бусад мах квотгүй болсон. Мах гадагш гарахгүй байгаа нь цар тахалтай л холбоотой. Гол импортлогч орон болох Хятад хүнсний бүтээгдэхүүний гадаргуунаас Covid-19 халдвар илэрсэн гэх шалтгаанаар зогсоосон. Гуравдагч орнууд руу адууны мах гаргах экспортыг он гараад сэргээсэн. Өнөөдрийн байдлаар 60 орчим тонн мах гаргасан.

 Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун:

-Улсын төсвийн хөрөнгөөр энэ жил 12 сая тун вакцин худалдаж авна. ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор сүүлийн 3.5 сая тун вакциныг гуравдугаар сарын 30-нд ачуулахаар болсон. Цаашдаа вакцины эх үүсвэрүүдийг хайж, судлах шаардлагатай. Өмнө нь хэрэглэж байсан вакцинууд болон хөрш оронд хийж байгаа вакцинуудын үүсгэгчийн омог, дархлаа тогтоох чадварын талаар судалгаа хийж байгаа. Турк улсаас малын эмнэлгийн хэрэгсэл худалдан авах ажиллагааг хувийн компани хийж байна.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: 

-Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үр өгөөж нь мал амьтны эрүүл мэндтэй шууд холбоотой. Гэтэл манай мал сүрэгт халдварт, шимэгчийн гаралтай маш олон төрлийн өвчин эмгэг өргөн тархалттай байдаг. Дэлхий даяар шүлхийтэй мах идэхгүй байхад монголчууд яагаад шүлхийтэй мах идээд байгаа юм бэ. Өнөөдөр Завхан аймгийн 24 сумын 22-т нь шүлхий өвчин гарсан байна.

 Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун:

 Энэ өвчин бол хүнсний аюулгүй байдалд нөлөөлдөггүй, олон улсын худалдааны хорио цээрт өвчин. Шүлхий өвчний шинж тэмдэг илэрхий илэрч байгаа үед малын мах, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнд өвөрмөц өөрчлөлт гардаг. Шүлхийгээр өвчлөөд үхсэн малын махыг худалдаалж байвал таних аргагүй. Тиймээс бид эрт илрүүлэх, хариу арга хэмжээ авах ажлыг зохион байгуулдаг. Ялангуяа эрсдэлтэй бүс нутгаас амьд мал, малын гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэхийг хориглох, мал эмнэлгийн гэрчилгээ олгохгүй байх ажлыг гуравдугаар сарын 10-наас эхлэн авч хэрэгжүүлээд байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун ямар хариуцлагагүй мэдэгдэл хийдэг юм бэ. Зах дээр шүлхийтэй мах зарагдаагүй. УОК-ын шийдвэрээр шүлхийтэй малыг аймаг орон нутагт нь устгаж байгаа.

16 : 18
2022-3-25

Дотоодын 34 үйлдвэрт 15 тэрбумын зээлийг гаргана

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

Арьс, шир яагаад үнэгүйдээд байна вэ. Хэдхэн жилийн өмнө арьс, ширийг булаацалдаад авдаг байсан бол өнөөдөр хог дээр очих хэмжээнд хүрчихжээ. Үүнд ямар зохицуулалт дутагдаад байна вэ. Үүнээс гадна Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын малчдыг аймаг дундын отрын бүс руу оруулахгүй байна. Судлаад үзэхэд танил талтай олон адуу малтай нь  тийшээ очдог. Нутгийн иргэдийг шахаж хавчдаг. Тэр өвс хагдараад хавар дахиад ургаж л таараа. Үүн дээр зохицуулалт хийхгүй бол болохгүй нь ээ. Монгол Улс шүлхийн вакцин дээр ямар бодлого баримталдаг юм. Би сумын даргаар ажиллаж байхдаа малчдын яриаг хөдөө аж ахуйн яаманд хэлснийхээ төлөө 2018 онд ад болсон. Вакцин нь өвөл царцаад тарьж болдоггүй. Хүндрэл ихтэй юм байна лээ. Ер нь цаашдаа хөдөө аж ахуйн салбар дээрээ вакциныг дандаа гаднаас авах юм уу.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан:

-Жилд 17 орчим сая арьс, шир гардаг. Гол импортлогч улс бол Хятад байсан. Арьс, ширийг боловсруулахгүйгээр авдаг байсан. Техник зохицуулалтыг бүр сулруулаад гаргах боломж байгаа. Гэхдээ дотоодын хэдэн үйлдвэрүүдээ дэмжих бодлого баримталж байна. Дэлгэрхаан сумтай холбоотой асуудлыг судлаад отрын бүсийн захиргаанаас Засгийн газрын хуралдаанаар оруулсан. Улмаар аймаг, орон нутгийн иргэдийн тавьсан хүсэлтийн дагуу шийдвэрлэхээр болсон. Энэ асуудал ойрын хугацаанд шийдэгдэнэ. Отрын бүс рүү мал оруулах асуудал Засгийн газрын баталсан журмын хүрээнд зохион байгуулдаг. Тийшээ танил талынхаа малыг оруулдаг гэх асуудал байхгүй. Зөвхөн халдварт өвчний улмаас энэ жил хязгаарлалт хийсэн.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

-7-8 сая арьс, ширийг үндэсний үйлдвэрт өгөхийн төлөө 12 сая арьс ширийг хог дээр хаях бодлогыг ойлгохгүй байна. Дарханы арьс ширний үйлдвэр баригдтал үлдсэн арьс ширийг түүхийгээр нь гаргаж болохгүй юу. Үүнийг ажил хэрэг болгомоор байна. Шүлхийн вакцинжуулалт дээр гадны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж байдаг бол вакцинжуулалтаа улсын хэмжээнд хиймээр байна. Нэг аймагт хийлээ гэхэд нөгөө аймгаас зөөвөрлөгдөөд байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан:

-Арьс, шир боловсруулах дотоодын найм биш нийтдээ 32 үйлдвэр бий. Эдгээр нь 6-8 сая арьс шир боловсруулж байгаа. Боловсруулах үйлдвэр ашиглалтад ортол дэмжих зорилгоор Засгийн газраас гурван хувийн хөнгөлөлттэй зээлийг үйлдвэрүүдэд олгож байгаа. Энэ жил 15 тэрбумын зээлийг гаргана. Энэ нь дотоодын 34 үйлдвэрүүдээ дэмжих бодлого.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

Түүхий эд бэлтгэлийн тогтолцоог хэрхэн авч явах юм. Хуучны уламжлалт сайн тогтолцоог эргэж сэргээх, мал аж ахуйг хоршоожуулах, шинэ бодлого баримтлах бодлогыг хэрхэн тодорхойлж байгаа вэ. Зах зээлийн үеийн шинэ маягийн нэгдэлжих хөдөлгөөн биш юм аа гэхэд өөр ямар хэлбэр байж болох уу. Гишүүд далайцтай бодлого асуугада байна. Үүнээс гадна Азийн хөгжлийн банкны зээлээр малчдын хашааг янзлахад зээл авах гэж байна гээд нийгэм даяараа шуугилаа. Бөөн шүүмжлэл өрнөсөн. Энэ талаар зөв ойлголт өгөхгүй бол хашаа хорооны төлөө Монгол Улсын гадаад өрийг нэмэгдүүлэх гэж байгаа юм шиг ойлголтыг нийгэмд өгчихсөн. Энэ нь дараа дараагийн хэлэлцүүлэгт сөрөг нөлөө учруулах гээд байна. Бүхэл бүтэн Азийн хөгжлийн банк, ХХААХҮЯ айлын хашаа хороо засахад зээл авах гэж байгаа гэж бодохгүй л байна. Үнэхээр тэгэх гэж байгаа бол үүнийгээ өөрчлөх хэрэгтэй. Гэхдээ өөрчлөх эрх нь төслийн зохицуулах нэгж дээр байдаг. Тэгвэл УИХ-аас зээлийг үр ашигтай зарцуулах талаар чиглэл өгч болно.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан:

-Малчдыг хоршоолуулах түүнд суурилж эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ. Малчдын хоршооллыг дэмжих зорилгоор төрийн урамшуулал, дэмжлэг тэр чиглэл рүү байхаар зохион байгуулалтыг хийж байна. Том зургаар нь харвал хөдөө аж ахуйн биржийг сонгодог утгаар нь ажиллуулах ёстой. Биржийн хуулийг баталсан ч өнөөдрийг хүртэл амжилтгүй байгаа шалтгаан нь биржийг зах зээлийнх нь жамаар бие дааж явуулаагүй. Өөрөөр хэлбэл, яамны харьяанд байлгаад байгаа нь хамгийн оновчгүй шийдэл болсон. Цаашдаа Биржийн тухай хуулийн өөрчлөлтөөр биржийг яамнаас салгана.

Азийн хөгжлийн банкны зээлтэй холбоотой буруу мэдээлэл нийгэмд тархсан. Малчдын хашаа, хороог янзлахгүй.  Төслийн зорилго нь дөрвөн аймгийн 20 сумын 14 мянган малчдыг бүс нутаг, хил залгаж байгаа хэлбэрээр нь хоршоолуулах замаар хагас эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх байсан.

14 : 37
2022-3-25

"Малчин өрх бүрт 100 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлсэн"

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд хандан “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын боломжийг нээх болон “Монгол мал-II” арга хэмжээний хэрэгжилтийн өнөөгийн байдлын талаар” тавьсан асуулгын хариуг сонсч байна.
Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН:
-Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаагаар дамжуулан зургаан аймагт 1.9 сая га газар орон нутгийн тусгай хэрэгцээний отрын нөөц нутаг байгуулах, хил заагийг тодорхойлж газрын нэгдсэн мэдээллийн санд оруулсан. Тодруулбал, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Ховд, Хөвсгөл аймгуудад отрын нөөц нутгийг байгуулсан. Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах ажлын хүрээнд 2021 онд 8.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр инженерийн хийцтэй 466 худаг, 189 гар худаг барьж байгуулсан.
Ингэснээр 850.2 мянган га бэлчээр, 2708 малчин өрх, 1.5 сая толгой мал сүргийг усаар хангасан. 2020 онд мал өвөлжилт хүндэрч зуншлага муу болсон 10 аймагт өвс тэжээлийн аюулгүйн нөөц бэлтгэхэд шаардагдах хөрөнгө гаргуулсан. Улмаар бүх төрлийн тэжээл өвсийг импортийн гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн дагуу 26 ААН-тэй гэрээ байгуулж 90.2 мянган тонн өвс тэжээлийг импортолсон. Баянхонгор, Дундговь, Өвөрхангай аймгийн малчин өрх бүрт Говь-Алтай, Өмнө-Говь аймгийн зарим сумдын малчин өрхөд 300 мянган төгрөгийн үнэ бүхий тэжээл олгосон. Мөн хаваржилтийн хүндрэлийг бууруулахын тулд малчин өрх бүрт 100 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.
УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
 
УИХ-ын гишүүн Ё.БААТАРБИЛЭГ:
-Жилд 15-20 сая толгой мал нядалгаанд оруулдаг. Дотоодын боловсруулах арьс, ширний үйлдвэрүүдийн хүчин чадал ямар билээ. Боловсруулах үйлдвэр зогсчихоор түүхий эд болох арьс, шир, ноос, ноолуурын асуудал сүүлийн 3-4 жил орхигдсон. 2016-2017 онд давсан хэрэгцээний арьс ширийг Хятад руу экспортлож байгаад больсон. Орон нутгаар явахаар арьс, шир, ноолуур хаягдсан хэвтэж байдаг. Дарханы арьс, ширний үйлдвэрийн парк ашиглалтад ортол түүхий эдийг хаяаад байх юм уу?
 
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН:
 
-Жилд дунджаар 10 орчим мянган тонн ноолуур, 45 мянган тонн ноос, 15-17 сая арьс ширний нөөц гардаг. Дотоодын үйлдвэрүүд хэдийгээр боловсруулалт хийж байгаа боловч хангалттай түвшинд биш. Үүн дээр Засгийн газраас дэмжлэг үзүүлж байна. Ноолуурын салбарт жилд ойролцоогоор гурван хувийн хүүтэй 100-150 тэрбум төгрөгийн зээлийг тогтмол гаргадаг. Арьс, ширний үйлдвэрүүдэд 15 тэрбум, ноосны салбарт 25 тэрбум төгрөг буюу нийтдээ 40 тэрбум төгрөгийг боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор гаргасан. Экспортод гарч байгаа хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний 95 хувь нь нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн байна. Үүний 90 хувь нь ноолууран бүтээгдэхүүн. Тэгэхээр зэрэг бид нарын хувьд ноолуур шавхагдашгүй бөгөөд эргэн төлждөг баялаг. Үүн дээрээ илүү нэмүү өртөг шингэсэн боловсруулалтын түвшинд хүргэх шаардлагатай. Ирэх дөрөвдүгээр сард багтаан ноолуурыг самнаснаас дээш боловсруулалтыг хийж байж экспортод гаргах техник зохицуулалтыг Засгийн газар батална. Төслийг нь бид бэлдээд дууссан. Дарханы арьс, ширний цогцолборын хувьд хувийн хэвшил Хөгжлийн банкаас бонд гаргах замаар санхүүжүүлсэн. Дэд бүтцийн ажил нь хийгдсэн. Үүнээс цааш ажил нь яваагүй. Засгийн газар “Дархан арьс ширний цогцолбор” бүтээн байгуулалт гэх нэртэй төрийн өмчит компанийг байгуулсан. Энэ хүрээнд Италийн компанитай хамтран зураг төсөл хийж, тоног төхөөрөмжийн сонголт болон ТЭЗҮ-ээ баталсан. Үндэсний аудитын газраар Дарханы арьс, ширний цогцолборт хувийн хэвшлүүдийн хийж гүйцэтгэсэн ажлуудад дүгнэлт хийлгэсэн. Эрдэнэт үйлдвэр мөн нийгмийн хариуцлагын хүрээнд дарханы арьс, ширний цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор 50 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн. Энэ мөнгийг ойрын хугацаанд ААН-үүд рүү татан төвлөрүүлэхээр хамтарсан ажлын хэсэг гарган ажиллаж байна.
 
УИХ-ын гишүүн Ё.БААТАРБИЛЭГ:
-Шүлхий өвчин нэг хэсэг хумигдаж байсан бол хангайн бүсийн аймгуудаар хурдацтай тархаад эхэллээ. Хэрхэн багасгах вэ. Вакцинжуулалтын ажил юу болж байна вэ?
 
-Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН:
-Энэ жил улсын төсөвт 12 сая тун вакцин татан авах төсөв суусан. Үүнээс 8.5 сая тун вакциныг татан авсан. Үлдсэн 3.5 сая тун вакциныг энэ сарын 30-нд наашаа ачуулна. Мөн Дэлхийн банктай ярилцаад 1.9 сая ам.долларын санхүүжилтийн хүрээнд таван сая тун вакцин нэмж авахаар болсон. Энэ жилдээ 17 орчим сая тун вакцин байна.
 
Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун:
-Шүлхийн вакцинжуулалт хийж байна. Эрсдэлд суурилсан вакцинжуулалтын хүрээнд нийтдээ 13 аймгийн 75 суманд вакцин хийсэн. Архангай аймгийн 14 суманд шүлхий өвчин бүртгэгдсэн. Улс орон даяар шүлхий өвчний байгалийн халдварын цар хүрээг тодорхойлох ажлыг хийж байна. Архангай, Хөвсгөл, Булган зэрэг төвийн аймгуудад шүлхий өвчний цар хүрээ өндөр гарсан.
10 : 27
2022-3-25

Чуулганы хуралдаан завсарлалаа

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн /ҮХЦ/ 2022 оны нэгдүгээр дүгнэлтийг хэлэлцэж байна. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг ҮХЦ-ийн гишүүн Ц.Нанзаддорж танилцуулав.

Тэрбээр “Монгол Улсын шүүхийн тухай хуульд зааснаар шүүгчийн албан тушаалаас огцорсон, эсхүл өндөр насны тэтгэвэрт гарсан бол өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно гэж заасан. Энэ нь шүүгчийн бүрэн эрх, онцгой чиг үүрэг, ёс зүй, хариуцлагатай холбогдуулан эрхэлж байсан албан тушаалын онцлогоос нь шалтгаалж хавчин гадуурхсан гэх гомдол ирсэн. Гэвч энэ нь тэгш эрхийн зарчмыг хөндөөгүй байх бөгөөд энэ төрлийн хязгаарлалтыг шүүхийн байгууллагын нийт ажилчдад нийтлэг байдлаар тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиар хамгаалагдсан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хөндөөгүй гэж үзсэн" гэлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх  гишүүд байсангүй. Ийнхүү үдээс өмнөх чуулганы хуралдаан өндөрлөлөө. 

Үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн  Ц.Даваасүрэнгээс Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд хандан “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын боломжийг нээх болон “Монгол мал-II” арга хэмжээний хэрэгжилтийн өнөөгийн байдлын талаар” тавьсан асуулгын хариуг сонсоно. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж