Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хуулийн манаачид гэхээс илүү улс төрийн намуудын шахааны хүмүүсийн "шагнал"-ын суудал болоод удаж байгаа юм. Тиймээс ч бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон гишүүдээ томилж чадахгүй хоёр жил гаруйн хугацаа өнгөрч, Цэцэд нэр дэвшигчдийн тодруулж чадаагүй өнөөдрийг хүрчээ. Түүгээр зогсохгүй Үндсэн хуулийн цэцийн дарга нь хүртэл хуулиа хэрэгжүүлэхгүй, завхруулж байгаа талаар хуульчид шогширцгоож байна. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат тэтгэврийн насны дээд хязгаарыг давсан ч суудалдаа үлдэхээр шүүхийн маргаан үүсгээд байгаа аж. Тэрбээр албан тушаалдаа үлдэхийн тулд Улсын дээд шүүхийн шүүгчээр туг тахихаар шийдсэн бололтой.
Цэц есөн гишүүнтэй. Гурвыг нь дээд шүүхээс санал болгодог. 2021 онд Дээд шүүхээс санал болгосон хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусч, Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар тэдний оронд томилогдон очсон.
Тэгвэл өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Дээд шүүхээс “Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх хүмүүс материалаа ирүүлнэ үү” гэсэн зар тавьсан нь Цэцийн даргын уурыг хөдөлгөсөн гэнэ. Учир нь ийнхүү зарлагдсан Цэцийн гишүүний орон тоо нь Н.Чинбат даргын өөрийнх нь бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбоотой аж. Н.Чинбат 2017 онд Дээд шүүхээс нэр дэвшин Цэцийн гишүүн болж, 2021 оны арваннэгдүгээр сард төрийн алба хаах насны дээд хязгаар 65 нас хүрчээ. Иймээс Дээд шүүх түүнийг орлох гишүүний орон тоонд нэр дэвшигчдийг сонгон шалгаруулахаар зарласан байна.
Гэвч Цэцийн дарга Н.Чинбат албан тушаалаа өгөхгүй, орных нь хүнийг томилох сонгон шалгаруулалт зарласан Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг "араандаа зууж", түүнийг Цэцэд дууджээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр чуулганы хуралдаан дээр “Манай Улсад хяналтын бурхан тэнгэр Үндсэн хуулийн Цэц байдаг. Яагаад бурхан тэнгэр гэж хэлүүлж байна вэ гэвэл хуулийг ч хүчингүй болгох эрхтэй, Төрийн тэргүүнийг ч Үндсэн хууль зөрчсөн гэж огцруулах эрхтэй хүмүүс. Бид орон тоо гарвал 30 хоногийн дотор Улсын дээд шүүх хуралдаж, нэрээ дэвшүүлнэ гэж хуульчилсан. Үүний дагуу Цэцийн дарга тэтгэвэрт гарах нас нь болчихсон тул, УИХ-аас баталсан хуулийн дагуу Улсын дээд шүүх , Цэцийн гишүүний орон тоог зарласан юм байна. Гэтэл Цэцийн дарга “Би тэтгэвэрт гарахгүй. Надад үйлчлэхгүй” гээд, УДШ-ийн ерөнхий шүүгчид хууль зөрчсөн гэж хэрэг үүсгэсэн байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн хамгийн том байгууллагад маш том “зодоон” болж байгаа юм. Энэ нь Үндсэн хуулийн хямрал руу түлхэх нь. УДШ хамтын удирдлагын байгууллага. Цэц ийм байж болох уу. Үндсэн хуулиас давсан алхмууд гарч ирлээ. Үндсэн хуулийг "нулимдаг" Цэцийн даргатай болсон уу. Төрийн албан хаагчдад тэтгэврийн нас адилхан үйлчилдэг. Гэтэл Цэцийн даргад үйлчлэхгүй гээд яриад сууж байна” гэв.
Хариуд нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Ирэх долоо хоногийн Даваа гаригт Цэцийн долоон гишүүний бүрэлдэхүүнтэй Их суудлын хуралдаанаар уг асуудлыг эцэслэн шийднэ. Хэрвээ Үндсэн хууль зөрчигдсөн гэсэн шийдвэр гарвал УДШ-ийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийг огцруулах үндэслэл бүрдэх нөхцөл байдалтай байна” гэлээ.
Хэрэв Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Чинбат бүрэн эрхээ дуусгавар болгож, ажлаа өгвөл түүний оронд суух сонирхолтой эрх баригч намын тэтгэвэртээ гарсан экс гишүүд цөөнгүй бий.ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан, Н.Энхбаяр нараас эхлээд.
Ийнхүү Цэц болон Дээд шүүхэд өрнөж буй маргаанаас харвал Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийг огцруулна эсвэл Н.Чинбат өөрөө ажлаа өгөхөд хүрэх аж. Уг асуудлаар Цэц Их суудлын хуралдаанаа зарлачихсан. Их суудлын хуралдааны долоон гишүүн Цэцийн даргынхаа талд шийдвэр гаргах уу эсвэл манаж яваа хуульдаа захирагдах уу гэдгийг харах л үлдэж байна. Цэцийн Их суудал ямар шийдвэр гаргахаас Үндсэн хуулийн Цэц дэх "зодоон" хэрхэн өрнөх вэ гэдэг нь тодорхой болно. Цаашлаад манаачийг хэн манах вэ гэсэн асуудал ч үүсч мэдэхээр байна.
ЦЭЦИЙН ДАРГА Н.ЧИНБАТ ГЭЖ ХЭН БЭ?
Цэцийн дарга Н.Чинбат нь 2019 онд Үндсэн хуулийн Цэцийн даргаар томилогдсон. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат өмнө нь Улсын дээд шүүхийн орлогч дарга, Иргэний коллегийн дарга, Улсын Их Хурлын даргын хуулийн зөвлөх, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Оюуны өмчийн газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх зэрэг албан тушаал хашиж байсан. 1998-2004 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байсан билээ. Тэрбээр Монгол Улсын гавьяат хуульч цолтой.
Н.Чинбат нь 1956 онд Улаанбаатар хотод төрсөн.
Боловсрол:
- 1974 онд Нийслэлийн 24 дүгээр сургууль,
- 1979 онд МУИС-ийн хуулийн анги,
- Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистр
Ажилласан байдал:
- 1979-1990 онд МУИС-д багш, Хууль зүйн тэнхмийн орлогч эрхлэгч,
- 1990-1993 онд Улсын Дээд шүүхийн орлогч дарга, Иргэний коллегийн дарга,
- 1993-1996 онд Улсын Их Хурлын даргын хуулийн зөвлөх,
- 1996-2016 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газрын дарга,
- 2016-2017 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх.
Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажилласан байдал:
Монгол Улсын Их Хурлын санал болгосноор:
-Монгол Улсын Их Хурлын 1998 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 47 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдож, бүрэн эрхийн хугацаа дуусч 2004 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр чөлөөлөгдсөн.
Улсын дээд шүүхийн санал болгосноор:
- Монгол Улсын Их Хурлын 2017 оны зургадугаар сарын 9-ний өдрийн 45 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр улиран томилогдон ажиллаж байна.
Холбоотой мэдээ