Сурвалжлага: Шилдгүүдтэй хүч үзэх хүсэлтэй азиудын "цуглуулга"

Хуучирсан мэдээ: 2022.03.25-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Шилдгүүдтэй хүч үзэх хүсэлтэй азиудын "цуглуулга"

Сурвалжлага: Шилдгүүдтэй хүч үзэх хүсэлтэй азиудын "цуглуулга"

Зах зээл нь жилээс жилд тэрбум, тэрбум доллараар тэлж буй цахим спортын салбарт монгол залуус ур чадвар, бүтээлч сэтгэлээрээ цойлж байна. Бидний эчнээ мэдэх, эртний танил “Counter Strike” тоглоомын Азийн аваргын финал Улаанбаатар хотод болох гэж буй. Энэхүү тэмцээнд түрүүлж, шагналын сан өндөр, алдарт “BLAST Premier”-д оролцох хүсэлтэй Азийн шилдэг найман багаас нь дөрөв нь тунаж, үлдсэн. Тэдний нэг бол Тайландын “NKT” баг. Сингапур, Монгол, Солонгос, Тайланд зэрэг олон улсын тамирчдыг эгнээндээ нэгтгэсэн тус баг нь ердөө нэг жилийн өмнө байгуулагдсан ч хэдийнэ 49 мянган ам.долларын шагнал хүртэж, Азийн хэд хэдэн тэмцээнүүдэд түрүүлжээ. Өдгөө Улаанбаатар хотод бэлтгэлээ хангаж буй “NKT” багийн “Bootcamp” буюу бэлтгэлийн баазаар зочилсон юм.

Зочны том өрөөндөө таван компьютер зэрэгцүүлэн суурилуулж, мэргэжлийн тамирчинд хэрэгтэй бүхий л техник, эд материалаар хангажээ. Тэдний ардхан тус багийн дасгалжуулагч “MYM” буюу Пияангун Китисиний компьютер байрлана. Тамирчид багийн бэлтгэлээс бусад цагт хувийн бэлтгэлээ хангаж, өмнөх тоглолтуудынхаа бичлэгийг ухраан үзэж, анализ хийх аж.

Ингэж багаараа хамтдаа байрласнаар тоглогчид хоорондын ойлголцол, итгэлцэл сайжирч, амжилт үзүүлэхэд нэг алхам ойртдог гэнэ.

Азид ноёрхлоо тогтоож, Европ, Америкийн шилдгүүдийн "духанд сум зоох" зорилготой “NKT” багийн хоёр тоглогч нь монгол хөвгүүд. Тодруулбал, “dobu” буюу Б.Ган-Эрдэнэ болон “cool4st” буюу Б.Содбилэг нар. Монголдоо төдийгүй Азидаа шилдэгт тооцогдох “dobu”-ийн хувьд сарын өмнө багийн үндсэн гишүүн болсон бол ирээдүйтэй, залуу тоглогч “cool4st” амралтаа авсан “xccurate”-ийг орлон тоглож байгаа гэнэ.

“Liquipedia”-ийн мэдээлж буйгаар өдгөө 23 настай Б.Ган-Эрдэнэ 60 мянган ам.доллар, 19 настай Б.Содбилэг 11 мянган ам.долларын шагналыг зөвхөн цахим спортоос олжээ.

Цар тахлын улмаас олон сарын хугацаанд багаараа бэлтгэл хийж чадаагүй тэд Монголд хамтдаа байрлаж, "LAN" буюу баг тамирчид дотоод сүлжээгээр холбогдон нэг дор цуглан өрсөлддөг тэмцээнд оролцож байгаа аж. Энэ талаар багийн ахлагч “ImpressioN” буюу Лим Энтони “Монголд ирсэндээ баяртай байна. Байгалийн тогтоц, хот нь надад таалагдсан. Уулс, байгалийн төрх нь үнэхээр сайхан. Анх удаагаа ирлээ. Мөн энд цас харлаа. Янзтай байсан шүү. Удахгүй болох тэмцээндээ догдолж байна. Учир нь энэ миний цар тахлаас хойш багийнхантайгаа оролцож буй анхны "LAN" тэмцээн. Бид Степпе Аренад тоглохоор тэсэн ядан хүлээж байна” хэмээн ярив. Сингапур улсын тамирчин тэрбээр Covid-19-ийн улмаас багийнхантайгаа хамт "LAN" тэмцээнд оролцож амжаагүй байсан юм.

Монголын электрон спортын холбоо нь 2019 оноос хойш Азид анх удаагаа "CS:GO" төрлийн "LAN" тэмцээнийг Степпе Аренад ирэх Бямба гаригт зохион байгуулах гэж байна.

ImpressioN

“Nomadic Masters” тэмцээний финалд “NKT” багаас гадна “IHC Esports”, “D13”, “the SHINE” гэх гурван Монгол баг үлдээд байгаа. Тайландын баг хагас шигшээд саяхан байгуулсан "the SHINE” багтай учраа таарсан. Өрсөлдөгчдийнхээ талаар Б.Ган-Эрдэнэ “the SHINE багийн тухайд шинэ гарч ирж буй залуу тоглогчид. Хурдтай, хүчтэй, гал цогтой. Бид нар сайн өрсөлдөөн үзүүлнэ. Харин IHC бол одоогоор Монголын номер нэг баг. Бид байнга л учраа таардаг. Хожиж, хожигддог. Тэдний эсрэг D13 тоглоно. D13 мөн л Монголын шилдэг багуудын нэг. Тухайн өдөр ямар үр дүн гарахыг сайн хэлж мэдэхгүй байна. Юу болохыг харцгаая” гэлээ.

dobu

Өмнөд Солонгосын багууд нэг хэсэг Азийн “Counter Strike” төрлийн тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлж, өөрсдийн гэсэн орон зайг үүсгээд байв. Харамсалтай нь, энэ нь удаан үргэлжлээгүй. Зарим багууд нь тарж, зарим нь “Sudden Attack”, “Special Force”, “Valorant” зэрэг шинэ төрлийн тоглоом руу “урвасан”. Тэгвэл бууриа сахиж үлдсэн “XigN” буюу Лий Хюн-Пёотой ярилцав. Тэрбээр "LAN" тэмцээнд оролцоогүй удаж байгаа бөгөөд удахгүй үзэгчдийн өмнө цэнгэлдэхэд тоглоно гэхээр догдолж байгаа гэнэ. “XigN” ярихдаа “Би мэргэжлийн түвшинд долоон жил тоглож байна. Сургуульд байхдаа 16 настайгаас эхэлж тоглосон. Нийт бараг найман жил тоглож байна. Залуустаа хандаж хэлэхэд мэргэжлийн тамирчдын демо бичлэгийг үзэж байгаарай. Мэргэжлийн тамирчин болъё л гэж бодож байвал демо бичлэг сайн үз” гэв.

Азидаа нэрээ тодоор үлдээсэн түүний хувьд Монголд мөн багагүй хөгжөөн дэмжигчидтэй. Тэдэнд хандан “XigN” “Үнэхээр баярлалаа гэж хэлмээр байна. Би Монголд ийм олон хөгжөөн дэмжигчидтэй гэж бодож байгаагүй. Энд ирээд "MESA"-ийн тэмцээний үеэр л мэдлээ. Намайг дэмждэгт баярлалаа. Би бүхнээ дайчлах болно. Хөгжөөн дэмжигчидтэйгээ гуравдугаар сарын 26-ны өдөр уулзъя. Тэр өдөр мөн миний төрсөн өдөр. Багийнхан маань миний төлөө ялна гэж найдаж байна” гэлээ.

Xign

Ерөнхийдөө Азийн CS:GO төрөлд Монгол багууд өндөр амжилт үзүүлж байгаа. Энэ төрлийн чансааг гаргадаг “hltv.org” сайтын үзүүлэлтийг харахад, Хятадын “TYLOO” одоогоор тивээ тэргүүлж байгаа бол тэдний араас Монголын IHC удаалж байна. Харин D13 баг дөрөвдүгээр эрэмбэлэгджээ.

"Checkmate" баг саяхан "IHC Esports" байгууллагатай нэгдэн, нэрээ сольсон билээ.

Монголын цахим спортын тамирчид болон “NKT” багийн цаашдын зорилгын талаар “ImpressioN” ярихдаа “Би Монголын “Counter Strike”-ийн хамтын ажиллагааг хүндэтгэдэг. Монголчууд сүүлийн жилүүдэд Азийн хамгийн шилдэг, өрсөлдөх чадвар сайтай тамирчдыг бэлтгэж байна. Харин манай багийн тухайд одоо зүүн өмнөд Азийн шилдэг нь болохыг хүсч байна. Мэдээж, цаашид Азийн шилдэг гурван багийн нэг болохыг зорино. Аяллаа удаан үргэлжлүүлмээр байна. Энэ бүс нутагтаа л баймааргүй байна. Дэлхийн шилдгүүдийн эсрэг тогломоор байна. Урт хугацаандаа олон улсад хүч үздэг болмоор байна” гэв.

"NKT" дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөхийн тулд эхлээд Азийн аварга болох хэрэгтэй. Хэрэв тэгж чадвал "BLAST Premier"-ийн Европын тэмцээнд оролцох эрх аван "Ninjas in Pyjamas", "Astralis", "Heroic" тэргүүтэй "акул"-уудтай хүч үзнэ.

Гэрэл зургийг Б.МӨНХТУЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж