Эвгүй үнэр ханхалж, ариун цэврийн цаас хөглөрсөн дүр зураг хотын нийтийн бие засах газруудаар нийтлэг харагдана. Гэвч ийм бие засах газар гэр хороолол дунд бүү хэл хотын төвд тун цөөн. Ингээд хотын төвөөр нийтийн бие засах газрын эрэлд гарав.
Ойролцоо нүхэн гарц руу хамаг хурдаараа хавчигнан гүйвч “Нийтийн бие засах газар хаалттай” гэсэн бичиг хадсан хаалттай хаалга угтав. Дэргэдэх гутлын худалдаачин ихэд сандарсан байдалтай “Миний дүү наадах чинь ажиллахгүй хоёр жил болсон ч хүмүүс байнга ирж хаалгыг татаад байхаар нь би бичиг наасан” гэв.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот XXI зуунд нийтийн бие засах газраа шийдэж чадаагүй гэхээр эмгэнэл бас инээдэм. Нийт 1.5 сая хол давсан хүн амтай хотод 150-270 нийтийн ариун цэврийн газар шаардлагатай.Гэвч албаныхны хэлж буйгаар 22-хон нийтийн бие засах газар байгуулсан.
Эдгээрээс тогтмол ажилладаг нь гарын 10 хуруунд багтахгүй. Харин ч 24 цагаар ажилладаг 230 гаруй сүлжээ дэлгүүрийн “ачаар” иргэд физиологийн асуудлаа шийдэж байгаа нь худлаа биш.
Багшийн дээдийн ойролцоо байрлах “Төгөлдөр” төвийн дэргэдэх “CU” дэлгүүрт орлоо. Эднийх нэгдсэн татаас авдаг нийтийн бие засах газартай аж. Очиход үүдний хэсэгтээ банкны бүх төрлийн карт уншина гэсэн бичиг наасан байх бөгөөд тэнд бие засахад 300 төгрөг.
Тус төвийн нийтийн бие засах газрын ажилтан нь “Иргэд маш бохир бие засдаг. Тэр бохирыг нь ажилчид цэвэрлэдэг учраас хүндрэлтэй байдаг” гэлээ. Харин зарим иргэд “Дэлгүүрээр үйлчлүүлж байгаа атлаа үнэ төлбөртэй бие засах нь буруу” гэж бухимдаж байгаатай таарав.
Иргэн Б.Галхүү “Бие засах газрын үүдэнд манаач суулгаж мөнгө хураадаг явдал өөрчлөгдсөнгүй. Автобус хүртэл цахимаар шийдэж байхад энэ асуудлаа үнэ төлбөргүй болгож энэ хэдэн сүлжээ дэлгүүртэйгээ хамтарч ажиллах хэрэгтэй” гэлээ.
Багшийн дээдийн энэ хэсэгт жижиг худалдаа үйчилгээ эрхэлдэг үсчин гоо сайхан, цайны газар, эмийн сангууд олон. Гэвч бие засах газаргүй, зарим нь “засвартай” гэх шалтгаанаар гадны хүн оруулдаггүй аж.
Засгийн газраас 2011 онд баталсан Нийтлэг журам батлах тухай тогтоолоор "Хоол үйлдвэрлэл, худалдаа үйчилгээний үйл ажиллагаа явуулдаг иргэн болон аж ахуй нэгж иргэдэд үнэ төлбөргүйгээр нийтийн бие засах газраар үйлчилнэ" гэж заасан.
"Гэхдээ энэ тогтоолыг заавал биелүүлэх албагүй. Энэ журамд өөрчлөлт оруулах тал дээр ажлын хэсэг гарч ажиллаж байгаа” гэдгийг Улаанбаатар хотын захирагчийн албаны Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл худалдаа үйчилгээний дэд дарга Т.Золжаргал хэлэв.
Иргэн О.Наранмандах:
-Миний мэдэхээр нийтийн бие засах газар бидний хэлж заншсанаар 13-ын буудал дээр болон төв талбай дээр л байдаг санаж байна. Заримдаа энэ тэнд явахад их хэцүү. Төрийн байгууллагуудын бие засах газар иргэдэд бүр үйлчилдэггүй. Зарим цайны газрууд нийтийн бие засах газаргүй байх жишээтэй. Энэ нь хүний эрхийг дээд зэргээр зөрчиж байна.
Иргэн З. Хорлоо:
-Нийтийн бие засах газартай нь их үнэтэй төлбөр авдаг. Жишээлбэл, Нарантуул зах дээр гэхэд иргэдээс 300 төгрөг авдаг болсон байна лээ. Нийтийн бие засах газар хүрэлцэхгүй учир гадуур эрчүүд хаана ч хамаагүй морь харах асуудалтай нүүр тулж байна. Ер нь хотод нийтийн бие засах газар олддоггүй, байсан ч бүгд хаалттай байдаг.
Ингээд төв талбайн “City toilet” гэсэн нийтийн бие засах газар руу ороход ажиллаж байлаа. Өдөртөө 60-70 хүн тогтмол орж үйлчлүүлдэг аж. Хоёр сарын өмнөөс бүх үйчилгээ нь үнэгүй болжээ. Гэвч иргэд цэвэрхэн бие засахгүй, усаа татахгүй, бохирдуулах ёстой юм шиг аягладаг нь хэцүү хэмээн үйлчлэгч эмэгтэй учирлаж байлаа. Цэвэрхэн бие засах шаардлага тавихад “Чам шиг нойлын мухар суусан авгайгаар заалгахгүй” гээд гарч одох нь ч олон гэнэ. Тэрбээр хамгийн гол нь хүмүүсийн сэтгэлгээ бохироосоо дор байгааг хэлсэн юм. Нийслэлчүүдэд өнөөдөр энгийн хэрнээ нэн шаардлагатай нийтийн ариун цэврийн асуудлаа цэгцлэх цаг болсныг эндээс харах биз.
Цар тахлын дараах урин цаг ирж, аялал, жуулчлалын сар эхэлж байна. Тиймээс нийтийн бие засах газруудынхаа тоог нэмэгдүүлэх, цэвэр байдлыг хангахад анхаарахгүй бол урьж, залсан жуулчид хаана "морь харах" болж байна аа.
Гэрэл зургийг Т.МӨНХТУЛГА
Холбоотой мэдээ