Хуулийн хэрэгждэггүй заалт буюу сэтгэл санааны хохирлыг төлдөг болно

Хуучирсан мэдээ: 2022.03.25-нд нийтлэгдсэн

Хуулийн хэрэгждэггүй заалт буюу сэтгэл санааны хохирлыг төлдөг болно

Хуулийн хэрэгждэггүй заалт буюу сэтгэл санааны хохирлыг төлдөг болно

Монгол Улсад жил ирэх тусам гэр бүлийн хүчирхийлэл хурцдаж байгааг мэргэжлийн байгууллагууд онцлох болсон. Улаанбаатар хотод л гэхэд хоногт дунджаар таван эмэгтэй нөхөртөө зодуулсны улмаас цагдаагийн байгууллагад ханддаг байна. Энэ нь зөвхөн нийслэлийн Цагдаагийн газарт бүртгэгдсэн тоо гэдгийг сануулъя.

Жендерт суурилсан хүчирхийллийн талаар улс орон даяар анх удаа явуулсан судалгаанд хамрагдсан 35-65 насны эмэгтэйн ярианы хэсгээс “Би 10 гаруй жил сүг болтлоо зодуулсан. Шүүх хурлын танхимд надаас дахиж би хэзээ ч ингэхгүй гээд сөгдөж, мөргөөд гуйгаад байсан. Гэвч гарч ирээд л хаалгаа түгжиж аваад “Чи  намайг ялын өмнө зогсоодог хэн бэ” гээд зодсон. Тэгэхээр тэр хүн хэзээ ч засрахгүй. Би хэнд ч хэлдэггүй, нуудаг байсан. Үргэлж айдас, түгшүүрт автах болсон" гэжээ.

Судалгаанд хамрагдсан 15-19 насны охидын ярилцлагын хэсгээс "Хойд эцэг намайг хүчирхийлдэг байсан. Ээжийг минь их зоддог. Хутга авч шиднэ. Анх энэ талаар эмээ, өвөө хоёртоо хэлсэн тэд ээжид хэлсэн. Тэгэхэд ээж яах учраа олохгүй сандарч байхад  нагац ах ирж таараад ярилцсан. Тэгээд цагдаа шүүхээр явсан. Хэрэг нь шийдэгдээд 15 жилийн ял авсан. Хэдий тэр хүн ял авсан ч надад хэвийн амьдралд эргэн ороход хэцүү байдаг. Надад  амьдралаас авах баяр баясгалан байхгүйтэй адил. Хааяа амиа хорлох талаар боддог. Гэхдээ эцэг ондоо дөрвөн дүүгээ бодохоор чаддаггүй" гэжээ.  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаагаар "Бага болон өсвөр насандаа хүчирхийлэлд өртсөн иргэдийн олонх нь насан туршдаа сэтгэлийн шаналал тээж амьдардаг" гэдгийг онцолжээ. 

Гэтэл шүүхээс гэмт хэрэгтэнд үйлдсэн хэрэгт нь тохирсон ял оноолоо гэж алхаа цохихоос биш “Хохирогч гэмт хэргийн улмаас амссан зовлон шаналлаас болж сэтгэл санааны хохирол амссан. Энэ нь ирээдүйд ийм хор урхагтай учир нөхөн төлүүлнэ” гэсэн тогтоол гаргаж, алхаа цохисон нь ховор.

Өөрөөр хэлбэл, Монгол Улс  гэмт хэргийн улмаас учруулсан сэтгэл санааны хохирлыг мөнгөөр нөхөн төлөх тухай зохицуулалтгүй өдийг хүрсэн. Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн альд нь ч энэ талаарх зохицуулалт байхгүй. Учир нь гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн амь нас, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол, эсхүл сэтгэцийн хор уршгийг тооцохдоо зөвхөн нотлох баримтад тулгуурлан эмчилгээ, оршуулга, тээврийн зардлын баримтыг харгалзан хохирлыг тооцдог учраас тэр.

Энэ нь  зөвхөн учирсан бодит хохирлыг шүүхээс тооцож  эдийн бус хохирол болох сэтгэл санааны хохирол буюу сэтгэцийн хор уршгийг хэрхэн тооцох нь тодорхойгүй байгаагаас хохирлыг тооцолгүй орхигдуулж ирсэн гэсэн үг. 

Тэгвэл Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлдэг болох заалтыг оруулсан байна.

СЭТГЭЛ САНААНЫ ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛДЭГ БОЛНО

Уг хуулийн төслийг өчигдөр /2022.03.24/ УИХ-ын чуулганаар хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн. Хуулийн төсөлд тусгаснаар:

  • Бага насны хүүхдийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг насанд хүрсэн хүнийхээс хоёр  дахин илүү хэмжээгээр тооцжээ.
  • Нас барсан хүний гэр бүлийн гишүүнд олгох хохирлын хэмжээг тогтоохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 63 сая төгрөгөөр үнэлсэн байна.
  • Өөр нэг аргачлал нь хүн амын дундаж наслалтаас тухайн гэмт хэргийн улмаас амь насаа алдсан иргэний насыг хасна. Тухайлбал, хүн амын дундаж нас 71 байвал 20 настай залуу амиа алдлаа гэхэд тэрхүү дундаж наснаас нь хасаад 51 жил идэвхтэй амьдрах бололцоотой байсан гэж үзнэ. Үүнийг хөдөлмөрийн хөлсний хэмжээг  тав дахин үржүүлээд 111 сая 600 мянган төгрөгийг ар гэрт нь олгуулах байдлаар үнэлж оруулжээ. Хохирогчдод аль нь давуу талтай байх аргачлалыг нь үзүүлэх аж. 
  • Хэрэв хохирогч нас барсан тохиолдолд сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрийг тухайн хохирогчийн гэр бүлийн гишүүд, эсхүл гэр бүлийн гишүүн нь эрх зүйн чадамжгүй бол хууль ёсны асран хамгаалагч нь нэхэмжлэл гаргаж болох зохицуулалтыг тусгажээ. 

СЭТГЭЛ ЗҮЙД УЧИРСАН ЦОЧРОЛ НАСАН ТУРШИД НЬ  ТРАУМА ҮЛДЭЭДЭГ

Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-ын гишүүн, Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид “Ялангуяа бэлгийн гэмт хэргийн хохирогч нар, гэмт хэргийн улмаас хүүхэд хохирсон тохиолдолд сэтгэл санааны хохирол төлүүлэх зайлшгүй шаардлагатай.  Өнөөдрийн байдлаар сэтгэл санааны гэм хорын хохирлыг нөхөн төлүүлж байгаа практик хангалтгүй, хүүхэд бэлгийн гэмт хэргийн хохирогч болсон хэрэг дээр гэм буруутай этгээдэд эрүүгийн журмаар шийтгэл ногдуулахаас гадна сэтгэл санааны хохирлыг тодорхойлж, шийдүүлж байсан хэрэг маш цөөхөн байна.

  Ихэнхдээ хохирогч давхар сэтгэл санаагаар хохироод үлддэг. Хүний биед учирсан гэмтэл эдгэрэх нь нүдэнд ил байдаг, харин сэтгэл зүйд учирсан цочрол эдгэрч, хэвийн байдалд орох эсэх нь тухайн тохиолдол бүрээс хамаарч харилцан адилгүй. Зарим нь насан туршдаа ч траума үлдээдэг, амьдрах итгэлгүй болох, нойрны хямрал, айдас, түгшүүр, үзэн ядах, харамсах, стресс, депресс, буруу зуршилд татагдах, өөрийгөө үл хайхрах зэрэг сөрөг үр дагавар гарч болзошгүй. Тиймээс ч эдгээр хүмүүст  мэргэжлийн дэмжлэг, эмчилгээ, үйлчилгээ зайлшгүй чухал гэдгийг салбарын мэргэжилтнүүд байнга сануулсаар ирсэн” гэдгийг онцлов.

 НӨХӨН ТӨЛБӨР АВСАН КЕЙС МАШ ЦӨӨН

Монгол Улсын шүүхийн практикт гэмт хэргийн улмаас сэтгэл санааны хохиролд буюу сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөр авсан кейс маш цөөн байдаг.  Тухайлбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 970 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн хууль бусаар хоригдсон хэрэгт хохирогчийн сэтгэл зүй, эрүүл мэндэд учирсан хохирлыг харгалзан 16 сая төгрөгийн нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн байна. Мөн 2012 онд Баянгол дүүргийн шүүхээс гоо сайхны эмнэлэгт мэс засалд ороод ХБНГУ-ын эмчийн буруутай үйл ажиллагааны улмаас  хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан хохирогчийн эрүүл мэндийн байдал, сэтгэл санаанд учирсан үр дагаврыг харгалзан сэтгэл санааны хохиролд 10 сая төгрөгийг тогтоож, буруутай этгээдээр гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг аж. 

2018 онд Зам тээвэр хөгжлийн яамны газрын дарга нар архи ууж, нэгнийхээ амь насанд хүрсэн хэрэгт  сэтгэл санааны хохирол гэхээс илүүтэй бусад хохирлын асуудлыг шийдээд 500 орчим сая төгрөг төлүүлэх шүүхийн шийдвэр гарсан байдаг. Энэ нь шүүхийн практикт өмнө нь байгаагүй өндөр мөнгөн дүн аж. 

ХАРИН ГАДНЫ ОРОНД ...

Харин гадаадын зарим өндөр хөгжилтэй орны хувьд сэтгэл санааны хохиролд буюу сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах гэмт хэргийн төрөл бүрээр тогтоосон тарифын үнэлгээг үндэслэн мөнгөн дүнгээр тооцож, хохирогчид олгодог байна. Хохирогчид олгох сэтгэл санааны хохирол буюу сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах төлбөрийн дээд доод хэмжээг мөн тогтоож өгдөг байна. Тухайлбал, АНУ-д эмнэлгийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан сэтгэл санааны хохирлын хэмжээний дээд доод хэмжээг муж улсаас хамааран дунджаар 250-750 мянган ам.доллараар тогтоожээ. 

Түүнчлэн хохирогч нас барсан тохиолдолд сэтгэл санааны хохирлыг сэтгэл санааны хохиролд буюу сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийг нэхэмжлэх, нөхөн төлбөрийг авах эрхтэй этгээдийг хуулиар хязгаарладаг байна. Тухайлбал, ХБНГУ-д хохирогч нас барсан тохиолдолд зөвхөн тодорхой төрлийн садан төрөл нь сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөр авах бол Франц улсад өв залгамжлагч нь авах зохицуулалттай байдаг байна. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж