“Оросын Сбербанк” ХК-ийн машинаар Монголоос ам.доллар зөөвөрлөх гэж байна гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээнд тавигджээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад худал мэдээлэл гэж хариуллаа.
ЦЕГ-аас өгсөн мэдээллээр "Иргэн Б 2021 оны наймдугаар сард ОХУ-ын Красноярск хотоос 2006 онд үйлдвэрлэгдсэн "Ford" маркийн "Transit" загварын тээврийн хэрэгслийг худалдан авсан байна. Улмаар Эрхүү хотод ОХУ-д бүртгэлтэй улсын дугаарыг нь хураалгуулж, түр дугаартай оруулж ирсэн. Транзит буюу ОХУ-аас Монгол Улсад түр хэрэглэх дугаартайгаа байрны гадаах зогсоолд байхад нь зураг авч нийтэлсэн.
Дээрх тээврийн хэрэгслийг 2021 оны есдүгээр сараас хойш гражид байрлуулж байгаад Монгол Улсын дугаар авах зорилгоор байрныхаа гадна түр тавьжээ.
Тухайн үеийн зураг цахим орчинд “…Оросын Сбербанк Улаанбаатарт Монголын бүх долларыг ачаад яваа юм байна…” гэсэн утгатайгаар тархсан нь худал мэдээлэл болно" гэсэн юм. Энэ мэдээллийг нягтлалгүй нийтэлсэн хаягийг шалгаж байна" гэв.