Киев хотод пуужин харвасны улмаас "The Insider" мэдээллийн сайтад ажилладаг Оросын сэтгүүлч амиа алдсан гэж тус агентлаг Лхагва гаригт мэдээлэв.
Оксана Баулина гэх сэтгүүлч эмэгтэй орос цэргүүд Киев хотын Подильский дүүрэгт пуужингаар халдлага үйлдэх үеэр дэлбэрэлтэд өртөж амиа алджээ. Түүнтэй хамт нэг энгийн иргэн нас барсан гэж "The Insider" мэдээлэв. Оксанаг дагалдан явсан хоёр хүн мөн шархдаж, эмнэлэгт хүргэгджээ. Сэтгүүлч бүсгүй Украины нөхцөл байдлыг сурвалжлахаар очсон байсан аж.
Тус хэвлэлд мэдээлснээр, Оксана тус сайтад ажиллахаасаа өмнө Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн үүсгэн байгуулсан Авлигатай тэмцэх сангийн продюсерээр ажиллаж байжээ. Гэвч тус байгууллагыг хэт даврагч байгууллагын жагсаалтад оруулсны дараа тэрээр Оросыг орхин явахаас өөр аргагүйд хүрсэн гэж "The Insider" бичсэн байна. Сэтгүүлчдийг хамгаалах хороо болон хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцэгчдийн мэдээлснээр, Оксана энэ сард Украинд амиа алдсан тав дахь сэтгүүлч болжээ.
Холбоотой мэдээ