"Элсэлтийн ерөнхий шалгалтын агуулгыг хөнгөрүүлэхгүй"

Хуучирсан мэдээ: 2022.03.24-нд нийтлэгдсэн

"Элсэлтийн ерөнхий шалгалтын агуулгыг хөнгөрүүлэхгүй"

"Элсэлтийн ерөнхий шалгалтын агуулгыг хөнгөрүүлэхгүй"

Их, дээд сургуульд элсэгчид монгол хэл бичгийн шалгалт заавал өгдөг. Энэ жилээс уг шалгалтад 400-гийн босго оноо тогтоосон байна. Одоогоор бүртгэл үргэлжилж байгаа бөгөөд шалгалт ирэх сарын 2-нд эхэлнэ. Энэ жилийн тухайд элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулахаар болж байна. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн элсэлтийн шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайханаас тодрууллаа.


Өнөөдрийн байдлаар элсэлтийн ерөнхий шалгалтад хэчнээн элсэгч бүртгүүлээд байна вэ. Элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл ажил эхэлсэн үү?

-Одоогоор 22 мянга гаруй элсэгч бүртгүүлээд байна. Цаана нь 17 мянга орчим элсэгч бүртгүүлэх дутуу. Бүртгэл дөрөвдүгээр сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд амжиж бүртгүүлэх боломжтой. Бүртгэл дууссаны дараа элсэгчдэд мэдээлэл хүргүүлэх, бүртгэлийн дугаар, суудлын хуваарийг гаргах зэрэг бэлтгэл ажил эхэлнэ. Одоогоор элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл ажлыг эхлүүлээгүй байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтын тов гарсан уу?

-Энэ жилийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалтыг хоёр удаа буюу зургаа болон арванхоёрдугаар сард зохион байгуулна. Эхний шалгалтыг зургадугаар сарын 22-ноос 25-ны хооронд явуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд шалгалтын дүнг олон улсын шалгалтын үнэлгээний дүн оноотой дүйцүүлэх журам гарсан.

Мөн монгол хэл, бичгийн шалгалтыг босго оноотой байхаар тогтсон төдийгүй батламж хуудсыг энэ жилээс цахим руу шилжүүлж байна. Ингэснээр батламж хуудсаа хүлээх шаардлагагүй болно.

Ерөнхийдөө элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулахаар болж байгаа нь аль болох их, дээд сургуульд элсэх боломж олгож байгаагаар давуу талтай. Жишээ нь, зургадугаар сард элсэлтийн ерөнхий шалгалтаа өгч амжаагүй, босго оноо хүрээгүй бол ирэх арванхоёрдугаар сард шалгалт өгөх боломжтой. Мөн энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог 480-аар тогтоосон.

Энэ жилээс монгол хэл бичгийн шалгалтын босго оноог 400-гаар тогтоосон. Хэрэв босго оноондоо хүрээгүй бол дахин шалгалт өгөх боломжтой юу?

-Улсын хэмжээнд ерөнхий боловсролын 12 дугаар ангийг 33.058 мянган сурагч төгсөнө. Бид монгол хэл бичгийн шалгалт зохион байгуулахтай холбогдуулан шалгалтад хамрагдахгүй хүүхдийн судалгаа явуулахад 2525 сурагч шалгалт өгөхөөс татгалзсан. Энэ жилийн хувьд өмнөх оны төгсөгчдийг тооцвол нийт 37500 орчим элсэгч монгол хэл бичгийн шалгалт өгөхөөр бүртгүүлээд байна.

Шалгалтыг дөрөвдүгээр сарын 2 болон тавдугаар сарын 7-нд тус тус зохион байгуулна. Иймд эхний шалгалтад босго оноо хүрээгүй, хүндэтгэн үзэх шалтгаанаар шалгалтад хамрагдаж чадаагүй элсэгчид тавдугаар сарын 7-нд дахин өгч болно.

Монгол хэл, бичгийн шалгалтад хоёр удаа босго оноо хүрээгүй тохиолдолд их, дээд сургуульд элсэх боломжгүй болно. Шалгалтад тэнцээгүй хүүхдүүдийн тухайд нийтлэг ямар шалтгаан байна вэ?

-Монгол хэл бичгийн шалгалтыг хүн бүрийн мэдлэгийн дундаж түвшинд авч байна. Шалгалтын агуулгад уншаад ойлгох чадвар, утга агуулга, дүрслэх үг хэллэгийн утга багтсан. Хоёрдугаарт, зөв бичгийн дүрмийн чадварыг сорьсон. Ингэхдээ олон нийтэд маргаантай үгийн үндэс яригддаггүй. Гуравдугаарт, монгол бичгийн унших чадварыг сорьдог. Мөн өөрийгөө бичгээр илэрхийлэх чадварыг шалгадаг.

Хүүхдүүдийн хувьд монгол бичгийн шалгалтад илүү оноо алддаг. Мөн эх зохион найруулах чадвар дээр алдах нь нийтлэг. Иймд багш нар сурагчдад эх зохион найруулах чиглэлд анхаарах шаардлагатай.

Гэхдээ монгол хэл бичгийн шалгалтад тэнцээгүй хүүхдүүдийн нийтлэг шалтгааныг нарийвчлан судалж үзээгүй. Ийм боловч гадаадад олон жил амьдарсан, ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд удсан, сурах ерөнхий чадвар сул, Баян-Өлгий аймгийн казах үндэстний төлөөлөл зэрэг маш олон шалтгаан нөлөөлж байна.

Сүүлийн хоёр жил цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан боловсролын салбар орхигдлоо. Хүүхдүүдийн хичээлийн хоцрогдсон. Иймд элсэлтийн ерөнхий шалгалтын агуулгад хэрхэн анхаарч байна вэ?

-Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулсан. Сурагчид танхимаар хичээллэж байна. Энэ жилийн хувьд сурагчдын  нэгдүгээр улирлын хичээл бүтэн танхимаар орсон. Ерөнхийдөө хичээлийн хоцрогдсон агуулгыг нөхөх боломжтой. Иймд шалгалтын агуулгыг хөнгөрүүлэх тухай яригдахгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж