Уул уурхай хүнд үйлдвэрийн яам энэ онд хайгуулын 400 тусгай зөвшөөрөл олгохоо мэдэгдэв. Энэ тоог 2024 онд 100-гаар нэмэгдүүлж 500 болгохоор төлөвлөжээ. Үр дүнд нь аж ахуйн нэгжүүдэд тэгш өрсөлдөх боломж бүрдэх нь. Засгийн газрын хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийг дэмжих нэг гарц нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох гэж салбарын яамнаас үзэж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Уул уурхайн салбарт хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонтой ярилцлаа.
-Монголбанкнаас валютын нөөц багассан үед хөрөнгө оруулагчдыг татах асуудлыг анхаарах шаардлагатайг сануулсан. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас хөрөнгө оруулалт татахын тулд тусгай зөвшөөрлийг нээлттэй болгож байна гэж ойлгож болох уу?
-Манай салбарт хөрөнгө оруулалт геологи хайгуулын ажлаар эхэлдэг. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 орчим хувь эрдэс баялгийн салбарт ногдож байна. Иймд хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо, гадаадын хөрөнгө оруулалт хоорондоо шууд хамааралтай. Өөрөөр хэлбэл, хайгуулын тусгай зөвшөөрлийг нээлттэй олгох үед хөрөнгө оруулалт их байдаг. Харин тусгай зөвшөөрлийг багасгахад хөрөнгө оруулалт дагаад буурдаг. Сүүлийн таван жилийн хугацаанд жилд 50 орчим тусгай зөвшөөрөл олгож байсан бол энэ жил 300-400 тусгай зөвшөөрөл олгоно. Үүнийг дагаад ирээдүйн Эрдэнэт, Оюутолгой шиг шинэ ордуудыг нээх боломж сэргэнэ. Энэ хэрээр маш том хөрөнгө оруулалт орж ирнэ гэж хүлээж байна.
Гадаадын хөрөнгө оруулагчдын гарч явсан шалтгааны нэг нь хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохоо больсонтой холбоотой. Нөгөөтэйгүүр эрх зүйн орчны тухай иргэдэд зөвөөр хүргэх ёстой.
Орон нутаг өөрсдөө эрсдэлээ үүрээд шинэ орд нээх хэрэгтэй. Иймд ажил хийе гэсэн хүмүүсийн ажлыг нь хийлгэх хэрэгтэй. Ер нь хайгуулын ажлаас байгаль орчинд айхтар сөрөг нөлөө гардаггүй.
-Өнөөдрийн байдлаар олборлолт эхэлсэн хэчнээн уул уурхайн компани үйл ажиллагаа явуулж байна вэ. Үр өгөөжөө өгч байна уу?
-Эрдэс баялгийн салбарын экспортоос жилд дунджаар найман тэрбум орчим ам.долларын орлого төвлөрүүлдэг. Жил бүр Ашигт малтмал, газрын тосны газраас олборлолт явуулах аж ахуйн нэгжүүд уулын ажлын төлөвлөгөө өгч батлуулдаг. Энэ тоо дунджаар 200 орчим бий. Зөвхөн нүүрсний салбарт гэхэд экспорт хийх боломжтой 40 орчим аж ахуйн нэгж байна. Хамгийн гол асуудал нь цар тахлын үед аж ахуйн нэгжүүд хүнд цохилтод орсон. Иймд вакцинжуулалт хангалттай түвшинд хүрсэн үед үйл ажиллагаа нь сэргэнэ гэж харж байна.
"АМНАТ-ЫН ХУВИЙГ ЗӨВ ХУВААРИЛАХ ЁСТОЙ"
-Гэхдээ олоогүй орлогод жишиг үнэ тогтоож, өндөр татвар авч байгааг уул уурхайн олборлогч компаниуд шүүмжилсээр байна. Харин Засгийн газар ашигт малтмалын нөөц ашигласны татвар /АМНАТ / өндөр байх ёстой гэсэн байр суурьтай байгаа. АМНАТ тойрсон маргааныг хэзээ эцэслэх вэ. Энэ талаар яам ямар бодлого баримталж байна вэ?
-Жишиг үнэ аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд нөлөөлж байгаа нь бодит үнэн. Үүнтэй холбогдуулан АМНАТ-ын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам байр сууриа илэрхийлж байсан. АМНАТ-ыг тодорхой хэмжээнд авах ёстой. Гэхдээ давхардуулж авах нь буруу. Аливаа олборлолт явуулж буй аж ахуйн нэгжүүд өөрсдөө боловсруулалт хийх хөшүүрэг байх ёстой. Тиймээс магадгүй АМНАТ-ын хувийг зөв хуваарилах ёстой. Гэхдээ давхардуулахгүй гээд боловсруулах үйлдвэрүүдээс АМНАТ авахгүй гэсэн үг биш. Энэ чиглэлээр салбар яамны дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг, Сангийн яам, аж ахуйн нэгжүүдийн төлөөллийн оролцоотой ажлын хэсэг ажиллаж байна. Энэ нь Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах үндэслэл болох ёстой.
-Эрчим хүчний нүүрсээ үнэгүйдүүлж байна. Уг нь эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой гэж эдийн засагчид хэлж байгаа?
-Эрчим хүчний нүүрсийг хямд тээвэрлэвэл бид зарах боломжтой болно. Тиймээс төмөр замын тээвэр маш чухал үүрэгтэй байна.
–Валютын нөөцийг бүрдүүлж буй гол эх үүсвэр нь экспорт. Цар тахал, хилийн хоригтой энэ үед валютын орлого хангалтгүй байна. Цаашид экспортоос валютын нөөц нэмэгдүүлэх боломж бий юу?
-Уул уурхайн томоохон компаниуд урьдчилгаа төлбөрөөр хийдэг. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар ярьсан чухал асуудлын нэг нь Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлэх. Үүний тулд уул уурхайн салбарын оролцоотой арга хэмжээнүүдийг эхлүүлэх үүрэг болгосон. Монгол Улсын экспортын жилийн орлого дунджаар найман тэрбум орчим ам.долларын орлого эргэлддэг. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд түүхий эдээ илүү боловсруулж өндөр чанартай болгосноор орлогын хэмжээ хэд дахин нэмэгдэх боломжтой. Улмаар нэмүү өртгийг нутагтаа шингээж ажлын байрыг нэмэгдүүлж, дундаж давхаргыг тэлэх юм. Хамгийн гол нь боловсруулах үйлдвэрүүдийн суурийг бэлтгэж өгнө гэдэг утгаараа их чухал юм.
-“Шинэ сэргэлтийн бодлого” уул уурхайн салбарт хэр хугацаанд үр дүнгээ өгнө гэж та харж байна?
-Хууль эрх зүйн талаас нь ярьвал Биржийн хууль, Баялгийн сангийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн төслүүдийг УИХ-аар энэ онд багтаан хэлэлцүүлнэ. Төсөл хөтөлбөрүүдийн тухайд нүүрс баяжуулах үйлдвэр, газрын тос баяжуулах үйлдвэрийн гэрээ хэлэлцээр бэлэн болоод байна. Эдгээр төслүүд 2024 оны эхээр ашиглалтад орно гэж харж байна. Газрын тос боловсруулах үйлдвэр, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2025 онд ашиглалтад орно гэж төлөвлөж байна. Мөн 2024 онд багтаан гангийн үйлдвэрүүдийг ашиглалтад оруулах төслүүд бий. Эдгээр төслүүд цаг хугацааны хувьд нэгэн зэрэг эхлээгүй тул харилцан адилгүй үр дүн өгнө. Хамгийн гол нь төслүүдээ эхлүүлэх нь чухал.
"ХИЛИЙН БООМТУУДААР, ТЕРМИНАЛААР НҮҮРСЭЭ ГАРГАЖ, УРТЫН ТЭЭВРИЙГ ЭХЛҮҮЛНЭ"
-“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төмөр замуудын төслийг хөдөлгөж эхэллээ. Гэхдээ Боомтын сэргэлтийн хүрээнд ямар гаргалгаа байна?
-Бид зөвхөн төмөр замаар бус автозамаар экспорт хийх бүхий л гарцыг хайж байна. Өнөөдөр Хятад, Австрали улсын хооронд нүүрсний экспортын тодорхой хэмжээний зөрчил байдаг. Энэ асуудал удаан үргэлжлэхгүй. Бид өнөөдрийн нөхцөл байдалд амжиж Хятадын талд нүүрсийг их хэмжээгээр гаргах боломжтой. Хилийн боомтуудаар, терминалаар нүүрсээ овоолж харуулъя гэсэн бодлоготой байна. Дээр нь Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам энэ онд багтаж ашиглалтад орно. Энэ бол экспортын маш том гарц болно.
Уг төмөр зам ашиглалтад орвол жилд экспортолдог найман сая орчим тонн төмрийн хүдрийг гаргах боломжтой. Учир нь Ханги-Мандал боомтоос Бугатын үйлдвэр маш ойрхон. Үүнийг дагаад Эрээн-Замын-Үүд боомтын ачаалал тодорхой хэмжээгээр буурна.
Тус боомтоор илүү өөр бүтээгдэхүүн экспортлох боломжтой. Нүүрсийг зөвхөн Баяннуур, Рашаан аймаг бус Бугатын хойноос гаргах боломж нээгдэнэ. Бид зөвхөн төмөр замаар бус авто тээврээр ч уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортолно. Өнгөрсөн хоёрдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчлах үеэр Гашуунсухайт боомтын холболтын цэгийг тохирсон. Ингэснээр өнөөдөр Хятадын “Чайна Энержи” компани болон “Эрдэнэс Тавантолгой” компанийн хооронд хэлэлцээр үргэлжилж байна. Энэ хүрээнд терминал байгуулах, санхүүжилт зэрэг бүх асуудал эцэслэгдэж буй. Экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Гашуунсухайт боомтод өнгөрсөн онд терминал байгуулсан. Уг терминалаар жолоочгүй автомат цахилгаан тээврийг ашиглах тухай Хятадын талтай ярьж байна.
–Экспортын урсгалыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байгаа ч ихэнх боомтууд хаалттай байна. Экспортоо нэмэгдүүлж, боомтуудын үйл ажиллагааг сэргээх чиглэлээр ямар арга хэмжээ авч байна вэ?
-Монгол Улсын экспортын орлогын 93.3 хувийг эрдэс баялгийн салбар бүрдүүлж байна. Өнөөдрийн байдлаар зэс болон төмөр замаар тээвэрлэгддэг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт хэвийн байна. Төмрийн хүдэрт хоцрогдол байгаа. Хамгийн гол нь нүүрсний экспортод асуудал бий. Хамгийн гол нь Шивээхүрэнгийн боомт хаалттай байна.
Мөн Гашуунсухайтын боомт сүүлийн үед өдөрт 200 ачаа тээврийн машин хилээр гарч байна. Гэтэл оргил үедээ өдөртөө 1500 ачаа тээврийн машин гардаг байсан. Үүнийг дагаад нүүрсний салбараас эдийн засагт орж ирэх ёстой маш том мөнгөн урсгал хаагдчихаад байна.
Гадаадын нөхцөл байдал, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Хятадын тал хатуу бодлого баримталж байна. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар уртын тээврийг эхлүүлэхээр боллоо. Энэ нь Гашуунсухайт, Цагаанхад руу тээвэрлэлт эхэлнэ гэсэн үг. Мөн Шивээхүрэнгийн боомтоор тээвэрлэлтийг эхлүүлэх чиглэлээр Засгийн газраас салбар яаманд үүрэг болгосон. Ажлын хэсэг ажиллаж байна.
-Бид дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ өссөн алтан боломжийг ашиглаж чадсангүй. Гэтэл төсөвтөө маш өндөр төсөөлөл тусгасан байгаа шүү дээ. Нөхцөл байдал цаашид энэ хэвээр үргэлжилбэл яах вэ?
-Түүхий эдийн үнийн өсөлт байнга тогтвортой байхгүй болов уу. Дэлхийн цаг уурын өөрчлөлт, ногоон эрчим хүч зэргээс ашигт малтмалын хэрэглээ өсөх нь тодорхой болж байна. Хэрэглээ өсөхийн хэрээр үнэ тогтмол нэмэгдэнэ гэсэн үг. Иймд түүхий эдийн үнэ өндөр байгаа цаг үед боловсруулах үйлдвэрүүдээ барих ёстой. Хэрэв чадахгүй бол энэ нь бидний жинхэнэ алдагдсан боломж болно. Өмнө нь алдагдсан боломжоосоо сургамж авч өнөөдрийн боломжийг бүрэн ашиглах боломжтой. Тиймээс төмөр зам руу оруулсан хөрөнгө оруулалт удахгүй үр ашигаа өгч эхэлнэ. Тэгэхээр 2022 оны төсөвт тусгасан 36.7 сая тонн нүүрс экспортлох боломж зорилтоо биелүүлэх боломж байна.
Холбоотой мэдээ