Хуучирсан мэдээ: 2022.03.24-нд нийтлэгдсэн

Төрийн ХОЁР АМ

Нэг.

Ажлаа аваад яг хоёр сар болж буй МХЕГ-ын дарга Б.Баасандорж “МХЕГ дотроо дүүрэг, нийслэл, ерөнхий газар гэж хуваагддаг, тэр хэрээр бизнес эрхлэгчдэд дарамт учруулж байгаа”-г шударгаар хүлээн зөвшөөрчээ. Бүр УИХ-ын чуулганы хуралдаан дээр. Зарим төрлийн төрийн хяналт, шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр тэрбээр тус газраас байцаагчийн эрх авдаг төрийн 16 байгууллага байдаг, тэдгээрт 1290 орчим байцаагч ажилладаг болохыг хэлнэ лээ.

Хэрэвзээ, дээрх хуулийн төслийг УИХ-аар баталбал гурван жилийн хугацаанд буюу 2022 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл хэрэгжих гэнэ. Ингэснээр жилд дунджаар 10 мянган байгууллагад хийдэг төрийн давхардсан хяналт шалгалтыг зогсоох аж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тайлбарласнаар.

Үндсэндээ, төрийн албан хаагчдын хүнд суртал, авлига, ашиг сонирхлоос болж иргэд нь төрдөө итгэхээ болиод удаж байгаа. Нэн ялангуяа бизнес эрхлэгчдийн хувьд хадны мангаа болж хувирсан. АТГ-аас өнгөрсөн 2021 онд Монгол Улсад авлига хамгийн их тархсан институцийн талаар иргэдийн дунд судалгаа явуулахад эрүүл мэндийн байгууллага, шүүх, газрын алба, гаалийн байгууллага, цагдаа, МХЕГ эхний зургаад бичигдсэн байна. Энэ нь төрийн дайсан нь төр өөрөө болжээ гэсэн үг. Төрийг цомхон болгож, үйл ажиллагааг нь цахимжуулж байж авлига буурна гэдэг. Атал авлига ч буурсангүй, төрийн албанд цомхотгол ч хийгдсэнгүй.

Монгол Улсын төрийн албанд өнөөдөр 180 мянган хүн ажилладаг. Нэг сая гаруй хүүхэд, 400 мянган ахмад настан, их дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудаа хасвал 10 хүн тутмын нэг нь төрийн албан хаагч гэсэн үг.

Хоёр.

Саяхан даа, гаалийн ажилтнуудын бусдын ачаа барааг улаан гараараа ухаад шалгаж буй зураг, тэдний хүнд сурталтай холбоотой бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж, ГЕГ-аас тайлбар хийхдээ “Хэрвээ бараагаа гаальд гүйцэд мэдүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулна. ГЕГ-ын үйл ажиллагаанд металл илрүүлэгч, рентген, эрэлч нохой ашиглаж буй… ГЕГ нь улс орны аюулгүй байдалтай холбоотой эрх үүргийн хүлээдэг. Иймд иргэний ачаа барааг нэг бүрчлэн шалгах эрхтэй. Харин үүнийг гуйвуулан буруугаар мэдээлж, гаалийн ажилтны нэр хүндэд халдвал хариуцлага тооцох үндэслэл болно" гэж иргэдээ сүрдүүлээд өнгөрнө билээ.

Хүнд суртал гаргасныг шүүмжилсэн хүмүүс хүний нэр хүндэд халдсан хэргээр шийтгэл хүлээх хуультай юм бол хүнд суртал гаргадаг, хүмүүсийг чирэгдүүлдэг нь тэгээд  ямар ч ял шийтгэлгүй өнгөрөх нь задарснаа засаглаж, ядарснаа хамгаалах төрийн бодлого нь юм уу.

Нэг ёсондоо манай төрийн албанд ажлын үүрэг хариуцлага, ёс зүйн асуудлыг хөнддөг хүмүүс алга. Яаж л хувийн хэвшлийг дарамтлаж, шантаажилж байж авлига авах вэ гэцгээсэн хүмүүсээр дүүрцгээсэн. Бүгд төрийн албанд ах дүү, хамаатан саднаа "чихчихсэн" болохоор хариуцлага тооцож чадахаа болиод удаж байгаа. Нөгөөтэйгүүр, Төрийн албаны тухай хууль төрийн албан хаагчидтай хариуцлага тооцох боломжгүй болгочихсон шүү дээ. Хариуцлага тооцохоор заргалдаж, шүүхдээд буцаад ороод ирнэ. Хохирлыг нь татвар төлөгчдийн мөнгөнөөс барагдуулна. Ийм нөхцөлд төрийн албан хаагчид даам байхаас яалтайв.

Гаалийн газрын албан тушаалтнууд гаалийн бүрдүүлэлт өөрсдөд нь хадгалагдаж байгаа бичиг баримтыг дахин шаардах, бараа материалыг саатуулахыг сануулах, шалтаг олж шалгалт хийх зэргээр дарамтлах болсон тухай иргэд, импортлогчдын зүгээс гомдоллож буй. Гэтэл Засгийн газар нь төрийн бүтээмжийг сайжруулна гээд ам гарчихсан, бүр болоогүй бодлого зарлачхаад байхад шүү дээ. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн онцгой нөхцөлд улсаас явуулдаг хяналт, шалгалтыг бодлогоор цөөрүүлэхээр дээрээ хууль хэлэлцэж байхад төрийн дунд, доод шатныхан нь хүнд суртал гаргаж, хувийн хэвшлээ дарамталж, байтлаа бүр сүрдүүлдэг болсныг юу гэх вэ.
Үнэндээ, гаалийнхны авлига горилсон араншингаас болж бизнес нь сул зогсох, бараа бүтээгдэхүүнээ авч чадахгүй удах тусам бизнес эрхлэгчдэд эдийн засгийн багагүй хохирол учирдаг. Энэ мэт хохирлыг гаалийнхнаас яагаад нэхэж болохгүй гэж. Хэн гэгч гаалийн байцаагч хэний ачаа, тээврийг ямар шалтгаанаар /санаатайгаар/ түгжиж, хэчнээн төгрөгийн хохирол учруулсныг тооцож гаргаад, хохирлыг нь төлүүлэх арга хэмжээ авдаг болъё. Авлига горилсон нөхдүүдээс эцсийн хэрэглэгчид хохирч үлддэг баймааргүй байна.

Жишээ нь, ОХУ-аас Украины нутаг дэвсгэрт явуулж байгаа дайнтай холбоотойгоор дэлхий даяар эдийн засгийн нөхцөл хүндэрч, энэ хямрал Монголд хүртэл нөлөөлөхийг эдийн засагчид сануулсаар байна. Хэдийгээр өнөөдөртөө шатахууны нөөц хангалттай гэх ч шатахууны хувьд ОХУ-аас 90 гаруй хувийн хамааралтай Монгол Улсын хувьд хүнд өдрүүд ирж мэдэхээр байна. Атал гаалийнхан нь импортлогчдоосоо элдвийг нэхээд суух нь эдийн засгаа, эрх баригчдыг “янаглан хорлож” байгаатай ялгаагүй үйлдэл юм.

Гурав.

УИХ-ын нэр бүхий 11 гишүүн Хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах тухай хуулийн төсөл өргөн барьжээ. Өргөн барьсан хуулийн төслөө УИХ-ын гишүүн С.Одонтуяа тайлбарласан нь “7-11 настай хүүхдийн таргалалт сүүлийн долоон жилийн дотор долоо дахин өссөн байна. ДЭМБ-аас хэт чихэрлэг ундааг хязгаарлахгүй бол сөрөг үр дагавар гарч буйг анхааруулсан. Чихрийн хэмжээг хэт их авч байгаа хүмүүсээс судалгаа авахад 68 хувь нь ундаанаас авдаг гэж хариулсан. Тиймээс уг хуулийг өргөн барьж байна. Татварын орлого олохдоо гол нь биш, эрүүл мэндийн салбарын зардлыг бууруулах, монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалахад чиглэсэн хууль” гэж.

Хууль чангарах тусам хулгай нарийсдаг. Хулгай нарийсах тусам авлига өснө. Хэт чихэрлэг ундааг импортоор оруулж ирэхийн тулд гаалийнхныг авлигадна, худалдааг нь хязгаарлах тусам далд эдийн засаг үүснэ. Яг тамхины худалдаа нууц байдалд шилжсэн шиг. Бүх ТҮЦ тамхи ширхэглэдэг, гэхдээ татвар төлдөггүйтэй л адилхан.

Аливаа зүйлийг хорьж, хязгаарлах тусам төрийн дарамт шахалт бизнес эрхлэгчдэд ирдэг. Эрх баригчид нэг амаараа төрийг цомхон болно бизнес эрхлэгчдээ дэмжинэ гэх мөртлөө нөгөө амаараа хуулиа чангатгана, хорино, хязгаарлана, боож боомилно гэхийг юу гэж ойлгох юм бэ дээ. Ингэхэд үүнийг төрийн дарамт багасч байна гэх үү, ихэсч байна гэх юм уу?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж