Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2022.03.24/ хуралдаж, гаргасан шийдвэрийн талаар мэдээллээ.
Төв банкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж, мөнгөний бодлогын хүүг 2.5 хувиар нэмэх шийдвэр гаргалаа. Тодруулбал, мөнгөний бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмэгдүүлж, есөн хувь болгох шийдвэр гаргасныг "Өнөөдрийн нөхцөл байдалд авч буй цочир арга хэмжээ" гэж Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн онцлов.
Тэрбээр "Богино хугацаанд нийлүүлэлтийн шалтгаанаар үүссэн эрдэс бүтээгдэхүүний үнийн өсөлт түр хугацааных байх эрсдэлтэй. Хил боомт дээр гадаад худалдааны хязгаарлалтаас шалтгаалан экспортын давуу талыг хүртэж чадахгүй удаж байна. Цаашид олон улсын харилцааны нөхцөл байдал хэдий хугацаанд хэрхэн өрнөхийг таашгүй. Энэ нь манай улсын эдийн засаг, гадаад орчинд хэр их хамаарахыг төсөөлшгүй. Хамаарал нь улам бүр эрчимжиж байна" гэлээ.
Үүнтэй холбогдуулан Төв банк арга хэмжээ авахаас өөр аргагүй байдалд хүрснийг албаныхан хэллээ. Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа "Инфляцитай уялдуулж ийм шийдвэр гаргасан. Дэлхий нийтийн тодорхой бус байдлын үед аль болох эрсдэл багатай бодлого руу шилжиж байна" гэв.
Монголбанкны ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН:
-Цар тахлын үеийг даван туулахтай зэрэгцэн олон улсын хурцадмал байдалтай нүүр тулж байна. Монголын хувьд инфляци эрчимжиж, үйлдвэрлэлийн зардал өсч, эдийн засгийн өсөлт саарах дүр зураг ажиглагдаж байна. Олон улсын харилцааны хүндрэлээс шалтгаалан гадаад эрэлт буурах төлөвтэй байна. Тоон утгаар хэмжихэд тодорхой бус байдал даамжирлаа. Бид дэлхийн зах зээл дээр нүүрс, зэс, төмрийн хүдэр борлуулах боломжтой ч хүссэн хэмжээгээрээ худалдаж чадахгүй жил гаруй хугацаа өнгөрлөө. Инфляци 2022 оны хоёрдугаар сард улсын хэмжээнд 14.2 хувь хотод 15.5 хувийн өсөлттэй гарсан. Нийт инфляцийн 50 орчим хувийг импортын инфляци бүрдүүлж байна. Цаашдаа ч өсч болзошгүй байна. Энэ утгаараа бид инфляцийн хүнд дарамттай жил байна гэж төсөөлж байна. Энэ удаагийн эдийн засгийн төсөөлөл буурсан.
Монголбанкнаас өнөөдрийн нөхцөл байдалд авч буй огцом арга хэмжээ гэж хэлж болно. Олон улсын хориг арга хэмжээнүүд шийдэгдээд явбал Монгол Улсын суурь эдийн засагт нөлөөлөхгүй. Экспорт хэвийн хэмжээнд очиход бүх асуудал шийдэгдэнэ. Төв банкны бодлогын хүүг нэмсэн нь төгрөгийг үнэ цэнтэй болгох гэж буй арга хэмжээ юм.
Тэрбээр ам.долларын нөөцтэй холбоотой сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Төгрөгийн ханш сулрах эрсдэл байгаа. Инфляци юунаас үүсэлтэй байна вэ. Бид рублиэр бараг гадаад худалдаа хийдэггүй байсан. ОХУ-аас импортын 30 хувийг авдаг. Нийт хоёр тэрбум ам.долларын импорт хийдэг. Үүнийгээ голчлон ам.доллараар хийнэ, рублиэр бараг хийдэггүй. Одоо манай арилжааны банкууд харилцагчийнхаа хүсэлтийн дагуу ОХУ-тай төлбөр тооцоогоо рублиэр хийж байгаа. Олон улсын маргаанаас үүдэн рублийн төлбөр, тооцоо гурав дахин нэмэгдсэн. Рублиар хийдэг төлбөр тооцоо огцом нэмэгдсэн нь бидний анхаарлыг татаж байна. Энэтхэг улс нефтийн бүтээгдэхүүнээ ОХУ-аас рублиар авах гэрээ хэлцэл хийсэн гэх мэдээлэл түгсэн. Үнэн эсэхийг нь мэдэхгүй юм. Иймд Оросоос бүтээгдэхүүн импортолж оруулж ирэхдээ заавал ам.доллараар биш рублиэр хийх боломж бий болох нь гэж харагдаж байна. Оросын банкны машинтай холбоотой зүйлийг тодруулсан. Монголын аль нэг арилжааны банк тийм машин худалдаж аваагүй. ОХУ-аас банкны машин ирж, ам.доллар зөөгөөгүй. Хувь хүн тэр машиныг худалдаж авсан юм билээ. Монголын валютын нөөц 3.2 тэрбум ам.доллар байгаа.
Холбоотой мэдээ