Бат-Үүл ба Путинистууд

Хуучирсан мэдээ: 2022.03.24-нд нийтлэгдсэн

Бат-Үүл ба Путинистууд

Бат-Үүл ба Путинистууд

Орост Путиныг эсэргүүцсэн удаа дараагийн жагсаал болж, сошиал ертөнцөд иргэд түүний байр суурийг шүүмжлэх болжээ. Гэтэл Тверской дүүргийн шүүгч Ольга Солоповагийн шийдвэрийн дагуу фэйсбүүк, инстаграм платформуудыг Орост хориглов. Энэ тухай фэйсбүүк, инстаграм платформууд дээр Оросын иргэдийн эсрэг хүчирхийлэл үйлдэхийг уриалж байгаа нь хориг тавих үндэслэл болсон гэж Ерөнхий прокурорын газар нь мэдэгдсэн аж.

Мөн чанартаа Оросын иргэдийн эсрэг гэхээсээ илүү Путины дайныг эсэргүүцэж буйгаас л ийм шийдвэр гаргасан хэрэг. Ийнхүү оросууд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхээ хязгаарлуулав.

Хачирхалтай нь, Монголд өнөө хэр нь Оросыг шүтэх үзэл бодитоор оршсоор буй аж. Дайныг эсэргүүцсэн, #noWar жагсаалыг эсэргүүцсэн нүцгэн толгойтой нөхдүүд жагсагчдын барьсан Украины далбааг улайм цайм булааж, илтэд өдөөн хатгаж, бүр цохиод авч байхад цагдаа нар дорвитой арга хэмжээ авсангүй. Тэгсэн хэр нь хувийн компани Украины далбааг байгууллага дээрээ өлгөснийг буулгахаар Монголын цагдаа очсон төдийгүй буулгах шалтгаа “Иргэд дургүйцлээ илэрхийлсэн” гэж хөгийн тайлбарласан нь хөх инээд хүргэж, салбарынхаа нэр хүндийг шившиглэв.

Монголд үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэж, жагсаал цуглаан хийх, ер нь хүний эрхийг хөсөрдүүлэх үйл явц шат дараатай өрнөж байна. Дарангуйлал аажмаар амь орсон төдийгүй 70 жил өөрсдийг нь дарласан Оросыг өмөөрч буй явдлыг өөгшүүлж байгаа нь харин айдас төрүүлнэ.

Гэтэл авлигын хэрэг нь үйлдэл дээрээ баригдсан эрх баригч намын нөхөр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ шийдүүлээд, зорчих эрхээ хасуулаад гэртээ мах чанаж идсэн шигээ сууж байна.

Харин эрх баригчдыг байнга шүүмжилж, дарангуйллын дэглэмийг устгалцсан, эрх чөлөөний төлөө тэмцсээр ирсэн Э.Бат-Үүл шоронд, хэвлэн нийтлүүлэх эрхээ хүртэл хасуулсан учраас өлсгөлөн зарлав. Гэвч холбогдох байгууллагын зүгээс арга хэмжээ авалгүй хоёр хоногийг үджээ.

Түүний хэвлэн нийтлэх эрхийг хязгаарласан шалтгаан нь бас л Украиныг өмөөрч, Оросыг эсэргүүцэн бичсэнтэй холбоотой. Тиймээс хэвлэн нийтлэх эрхийг нь сэргээтэл өлсгөлөн зарлахаар шийджээ. Э.Бат-Үүл “Би Украиныг өмөөрөх эрхтэй. Хэвлэн нийтлэх эрхийг сэргээх хүртэл өлсгөлөн зарлана. Монгол Улс, ардчилсан, эрх чөлөөт орон гэдгийг ойлгодог хүн бүхэн дэмжихийг уриалж байна. АН-ын лидерүүд, ардчиллын баатрууд, МоАХ дэмжээрэй. Чөлөөт хэвлэлийнхэн хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хамгаалаарай. Ардчилал, эрх чөлөөний дуу хоолой болсон жиргээчид энэ тэмцлийг дэмжээсэй.

1990 оноос өмнөх тогтолцоо эргэн иржээ. Путиныг шүүмжлээд, буруутан болдог бурангуй нийгэм бий болжээ. Би Оросын шоронд хоригдож байгаа юм уу. Би Путины шоронд хоригдоогүй, түүний улсад амьдраагүй. Ардчиллын баатрууддаа хандаж хэлэхэд 1990 оноос өмнөх колони улс чинь сэргэж байна шүү. Нэгд, жижиг гүрнийг том гүрэн дарангуйлдаг явдал газар авбал бидний ирээдүй эрсдэлд орно. Залуус аа, дэлхийн залуусаас ичээч. Ардчилал бол чиний гэр орон. 1990 оноос хойш анх удаа бурангуй ёс тогтож байгааг үүгээр мэдэгдэж байна” гэж захижээ.

Үнэхээр Монголын шорон Оросын шорон болоогүй бол хүний хэвлэн нийтлэх эрхийг хэн хязгаарлав. Түүний өмгөөлөгч А.Пүрэвдулам хэлэхдээ “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон бусад хуулиар энэ эрхийг хязгаарласан ямар ч заалт байхгүй” талаар анхааруулсаар буй. Тэгэхээр хуулиас давсан эрх мэдэлтний хийж буй ажил болов.

Э.Бат-Үүлийн асуудал зөвхөн түүний асуудал биш бөгөөд Монголын нийт иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэхэд заналхийлсэн явдал болов.

Улс орны тусгаар тогтнол руу шууд халдаж байхад өмгөөлөөд буйн цаад шалтгаан нь Монголын тусгаар тогтнолд заналхийлсэн явдал байтал яагаад ийм шийдвэр гаргаад буй албан тушаалтны талаар эрх баригчид ам нээхгүй байна вэ? Энэ нь бас л тэдэнтэй ижил байр суурьтай байна уу гэх хардлагыг эрхгүй төрүүлээд байгаа бус уу? Тиймээс бид тусгаар тогтнолоо хамгаалъя гэвэл Э.Бат-Үүлийг хамгаалах шаардлага зүй ёсоор урган гарч, биднээс хариу нэхсээр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
445
ТэнэглэлТэнэглэл
31
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж