АН-ын бүлгийн дарга, УИХ-гишүүн Д.Ганбат, УИХ-ын гишүүн Т.Доржханд нар өнөөдөр /2022.03.24/ мэдээлэл хийж, Хөгжлийн банкийг шалтгах Хяналтын түр хороог 19 гишүүний дэмжлэгтэйгээр байгуулна гэж онцоллоо.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТ:
-Хөгжлийн банкны асуудлаар Үндсэн хуулийн дагуу түр хороо байгуулах санал гаргаж байна. Хөгжлийн банк 1.7 их наяд төгрөгийн чанаргүй муу зээлтэй байна. 2023 онд бид 800 сая ам.доллар төлөх ёстой. Гэтэл Хөгжлийн банк өнөөдрийг хүртэл ажиллахдаа хүлээж байсан үр дүнд хүрсэнгүй. Зарим нэг зээл авсан нөхдүүд "шүдний чигчлүүр"-гүй болсон байна. Энэ нь цаашаа татвар төлөгчдийн нуруун дээр үлдэх эрсдэлтэй нөхцөл байдал бий болсон байна. "Хяналтын түр хороо байгуулъя" санаачилгыг дэмжиж, зургаан гишүүн гарын үсэг зурсан. Миний бие болон Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, С.Одонтуяа, Н.Ганибал, Ж.Батсуурь нар гарын үсэг зурсан. Нийтдээ 19 гишүүний тоо хүрмэгц түр хороо байгуулна.
УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНД:
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр парламентын хяналтыг сайжруулъя хэмээн хуульд өөрчлөлт оруулсан. Үр дүнд нь УИХ-ын хяналт, шалгалтын тухай хууль батлагдсан. Энэ хуулийн гол зорилго нь Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьж, хулгайг зогсооход чиглэсэн. Иймээс байнгын хороод шиг түр хороо байгуулъя. 19 гишүүнээр дамжуулж төсвийн хулгай, Хөгжлийн банкны хулгай зэргийг парламент дээр ярихдаа нотлох баримт цуглуулдаг, гэрчүүд байлгадаг, дүгнэлт гаргах, хууь хяналтын байгууллагыг шахдаг байя гэсэн саналд нэгдсэн. ХҮН-ын даргын хувьд энэхүү санаачилгыг бүрэн дэмжиж байна. Гэхдээ дэд хороог даргалах асуудлыг цөөнхөд өгөөч гэж байгаа юм.
Холбоотой мэдээ