Ардчилсан намын ээлжит 4/11 хэвлэлийн хурал өнөөдөр /2022.03.24/ боллоо. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, О.Баасанхүү нар мэдээлэл хийв.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.ӨНӨРБАЯР:
-Засгийн газрын мөрийн хөтөлбөр 74.5 хувьтай биелсэн гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж мэдэгдсэн. Хэрэв Засгийн газрын мөрийн хөтөлбөр биелсэн бол ам.доллар 3000 хүрэхгүй, хил гааль нээлттэй байх байсан. МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан иргэдийн орлого нэмэгдэх байсан. Харамсалтай нь, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж юуг үндэслэж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт 74,5 хувьтай байна гэж мэдэгдсэнийг ойлгохгүй байна. Ц.Нямдорж гэдэг хүн шорон барьж чаддаг, хүмүүсийг шоронд хийж чаддаг болохоос хүмүүсийг ажилтай, орлоготой байлгаж чадахгүй. Бас бусдын өмчийг хурааж чаддаг. Энэ төр засаг хууль, тогтоол шийдвэр гаргаж, бусдын өмчийг дээрэмддэг боллоо. Коммунистуудын арга барил ийм л байдаг. Ц.Нямдоржоор гал тогоогоо бариулж байгаа Засгийн газар ийм байх нь ч аргагүй юм гэж бодогдож байна.
Монгол Улсын валютын нөөц тэрбумаар багассан гэж УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга хэлсэн. Яагаад өнөөдөр валютын нөөцийг хэвийн хангах ажлаа хийхгүй байна вэ, эрх баригчид, Монголбанк. Саяхан хойшоо хилээр маш их хэмжээний валют гарсан тухай мэдээлэл гараад байна. Өнөөдөр рубль дэлхий дахинд үнэгүйдэж байхад Монголд яагаад 28 төгрөг хэвээрээ байгаад байна вэ. Энэ хэний бодлого вэ. Үүн дээр эрх бүхий хүмүүс тайлбар хэлэх ёстой. Хариуцлага ярих ёстой. Өнөөдөр ажилтай, орлоготой байж иргэд нь архи уудаггүй болохоос архи асгаж шоудсанаар архинаас гардаггүй юм. Адууг бөхийлгөж, ардчиллын үнэт зүйл, зарчмыг хамгаалдаггүй юм. Монголд явж байгаа улс төр ийм л эмгэнэлтэй дүр зураг руу орж байна.
Өнөөдөр ажилгүй, орлогогүй байгаа иргэд олсон мөнгөө яаж амьдрал, амьжиргаандаа хүргэх вэ гэж бодож байхад юун чихэр ихтэй ундааг багасгах вэ, УИХ-ын гишүүд ээ. Та бүхэн бодит амьдралтай танилц, иргэдийн амьжиргаа ямар байгааг очиж үзэх хэрэгтэй. Валютын ханш өссөнийг хэдэн бизнесменүүдийн тансаг хэрэглээтэй холбож тайлбарлаж байна, төрийн сайд нь. Уучлаарай, Монголын бизнес эрхлэгчид цалингаа яаж тавих, зардлаа яаж танах вэ, яаж зээлийн эргэн төлөлтөө олох вэ гэж тархиа гашилгаж яваа хүмүүс, яаж тансаглах юм бэ.
Өндөр татвартай, тансаг зэрэглэлийн машинууд цувж байгаа бол МАН-ыг дагаж баяжсан хэдэн хүмүүс л захиалж байгаа. Өөр ийм үнэтэй машин худалдаж авах хүн Монголд байхгүй. Шударга бизнес эрхлэгчид рүүгээ дайрахаа болих хэрэгтэй. Эрх баригчид энэ явуулж байгаа бодлогоо эргэж харахыг шаардаж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шорон барихаас өөр зүйл мэдэхгүй Ц.Нямдоржийг хөөж явуул. Энэ хүн 30 жил Монгол Улсыг хорлосон. Ц.Нямдоржид ардчилсан нийгэмд чөлөөт нийгмийг удирдах арга барил байхгүй, коммунист хүн шүү дээ.
“МАН-ЫН ДАРГА ЗӨВЛӨХӨӨРӨӨ ДАМЖУУЛАН АН-ЫГ ХАГАЛЖ БАЙНА”
АН-ын нарийн бичгийн дарга О.БААСАНХҮҮ:
-Аливаа зүйл хэмжээ хязгаартай, хууль дүрмийн дагуу байх ёстой. Ардчилсан намын сунгаа зохион байгуулж байгаа хүмүүс “Ардчилсан нам” даргагүй гэж мэдэгдэж байна. Гэтэл 2017 оны 01 тоот тогтоол хүчин төгөлдөр байгаа учраас энэ намын дарга өөрчлөгдөөгүй байгаа. МАН-ын сөрөг хүчнийг хүчгүйдүүлэх гэсэн, сөрөг хүчнийг Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжлэх жагсаал, цуглаан, эсэргүүцэл үзүүлэх вий гэж АН дотор зохион байгуулалттай хагарлыг өөрийнхөө зөвлөхөөр дамжуулан хийж байна гэж бид үзэж байна. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зөвлөх бол Х.Баттулга. Х.Баттулгыг МАН-ын даалгаваар ийм зүйл хийж байна гэж үзэж байна.
"ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА Э.БАТ-ҮҮЛИЙН ХЭВЛЭН НИЙТЛЭХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛААГҮЙ ГЭЖ
ХУДЛАА ЯРЬСАН"
Улсын баатар Э.Бат-Үүлийг цагдан хорьсон бөгөөд түүний хэвлэн нийтлэх эрхийг хязгаарласан гэж мэдэгдсэн. Харин прокурорын зүгээс Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх эрхийг хязгаарлаагүй гэж мэдэгдсэн. Харин Ч.Өнөрбаярын хувьд Э.Бат-Үүлийн ар гэр, өмгөөлөгчидтэй холбоо барьсан. Хэвлэн нийтлэх эрхийг нь хязгаарласан, түүнийг прокурортой уулзах хүсэлтээ удаа дараа тавихад одоо болтол прокурор уулзахгүй байгаа гэж ар гэр, өмгөөлөгч нь мэдэгджээ.
Энэ талаар Ч.Өнөрбаяр “Прокурорын байгууллага хууль бусаар эрхийг нь хязгаарласандаа айгаад очиж чадахгүй байгаа юм уу. Прокурор газар дээр нь очиж, хүний эрх зөрчигдөж байгаа эсэхийг хянадаг болохоос өрөөндөө сууж байгаад мэдээлэл авахыг хэлдэггүй юм. Прокурорууд жаахан ёс зүйтэй бай. Өнөөдөр та бүхнийг хараад хуулийн салбарт сурч байгаа маш олон оюутан ичиж байгаа шүү. Та бүхэн улстөрчдийн гар, хөл болохоо болих хэрэгтэй, сануулж байна” гэлээ.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ