Оростой найрсаг бус харилцаатай орнууд байгалийн хийн төлбөрөө рублиэр төлөх ёстой болов. Энэ нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин барууны хориг арга хэмжээний эсрэг өөрийн улсын эрэлттэй нөөцийг ашиглаж буй арга хэлбэр юм.
Путин өчигдөр /2022.03.23/ засгийн газрын хуралдаан дээрээ энэ тухай мэдэгдэв. Тэрбээр хэлэхдээ “Оростой найрсаг бус харилцаатай орнуудад нийлүүлэх байгалийн хийн төлбөрийг зөвхөн рубльд шилжүүлэх хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлнэ. Барууныхан Оросын хөрөнгийг царцааснаар ам.доллар, еврод итгэх итгэлгүй болсон” гэжээ.
Москва саяхан АНУ, Их Британи болон Европын холбооны орнуудыг бүхэлд нь найрсаг бус улсаар зарласан. Энэ шийдвэрийг барууныхны эсрэг чиглэсэн, бэлгэдлийн чанартай хориг арга хэмжээ гэж Москва дахь Эрчим хүч, санхүүгийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Марсель Салихов хэлжээ. Тэрбээр “Кремль экспортлогчдод валютаас олсон орлогынхоо 80 хувийг рублиэр солихыг аль хэдийнэ тушаачихсан. Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлаас харахад Оросын эрх баригчид барууны орнуудад газрын тос, байгалийн хий борлуулахаас тийм амар татгалзаж боломгүй байна. Бид евро, долларт итгэхгүй байгаа ч эдийн засгийн хувьд мөнгө л бол мөнгө” гэж онцолсон байна.
Кремлийн Эрчим хүчний сайд Аленсандр Новак өчигдөр /2022.03.23/ “Оросын экспорт зогсонги байдалд орсноор үнэ огцом өсч, эрчим хүчний зах зээл уналтад орж болзошгүй” гэж анхааруулав.
Путиныг мэдэгдэл хийсний дараа рублийн ам.доллар, евротой харьцах ханш өссөн байна. Мөн Европ дахь байгалийн хийн үнэ ч өсчээ. Орос улс Европын байгалийн хийн импортын 45 орчим хувийг хангадаг. Гэвч Европын орнууд Оросын эрчим хүчний хараат байдлыг бууруулах төлөвлөгөөгөө зарлаад буй. Одоогийн байдлаар тэд Оросын газрын тос, байгалийн хийг худалдаж авсаар байна. Европын орнуудаас гадна АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден энэ сарын эхээр ОХУ-аас АНУ-д эрчим хүч импортлохыг хориглож, одоо байгаа гэрээгээ цуцлах 45 хоногийн хугацаа өгсөн.
Нөхцөл байдлаас харахад АНУ болон Европын холбоотнууд энэ долоо хоногт шинэ хориг арга хэмжээгээ зарлах бололтой.
Эх сурвалж: NPR
Холбоотой мэдээ