Батлан хамгаалахын сайд Л.Болд, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав нар өнөөдөр АНУ-ын Ази номхон далайн бүсийн аюулгүй байдлын асуудал хариуцсан Батлан хамгаалахын туслах нарийн бичгийн дарга, ноён Уоллес Грегсонг БХЯ-ны байранд хүлээн авч уулзлаа.
АНУ-ын Ази номхон далайн бүсийн аюулгүй байдлын асуудлыг хариуцсан Батлан хамгаалахын туслах нарийн бичгийн дарга ноён Уоллес Грегсон манай улсад энэ сарын 17-20-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байгаа билээ. Тэрбээр айлчлалын үеэр Ерөнхий сайд С.Батболдод бараалхаж, БХ-ын сайд Л.Болд, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав нартай уулзан, хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэх үүднээс батлан хамгаалах харилцаа, цэргийн хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо. Ноён Уоллес Грегсон тэргүүтэй төлөөлөгчид маргааш болох “Хааны эрэлд” олон улсын сургалтын хаалтын арга хэмжээнд оролцож, манай улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний чадамжийг нэмэгдүүлэх зорилгоор 68 ширхэг Форд маркийн жип автомашины буцалтгүй тусламжийн эхний хэсэг болох 18 машиныг энэ удаа гардуулах ажээ.
М.Ням