Улаан-Үд дэх ерөнхий консулын газраас анхааруулж байна

Хуучирсан мэдээ: 2022.03.24-нд нийтлэгдсэн

Улаан-Үд дэх ерөнхий консулын газраас анхааруулж байна

Улаан-Үд дэх ерөнхий консулын газраас анхааруулж байна

Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газраас өчигдөр /2022.03.23/ анхааруулга гаргажээ. Энэ нь цар тахал эхлэхээс өмнө болон цар тахлын үед монгол иргэд өөрсдийн хувийн тээврийн хэрэгслээр Евразийн Эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-ны гишүүн улс руу олноор зорчсонтой холбоотой байна. Тодруулбал, монголчууд Орос, Казахстан, Беларусь, Армени, Киргиз зэрэг орон руу олноор зорчсон ба тухайн улсад үлдэх, улмаар хувийн зориулалттай тээврийн хэрэгслээ холбогдох хууль тогтоомжид заасан хугацаанд багтаан ЕАЭЗХ-ны гаалийн нутаг дэвсгэрээс гаргаагүй иргэдэд анхааруулга өгчээ.

Гаалийн нутаг дэвсгэрт автомашинаа үлдээсэн иргэд гаалийн өндөр төлбөр, хураамж төлөх, захиргааны зөрчлийн торгууль орох, цаашлаад хувийн тээврийн хэрэгслээ хураалгах эрсдэлд орж байгаа аж.

Тиймээс үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргажээ. Евразийн эдийн засгийн холбооны Гаалийн хуулийн 264 дугаар зүйлд заасны дагуу гадаадын иргэд хувийн зориулалттай тээврийн хэрэгслээ ЕАЭЗХ-ийн гишүүн орнуудын нутаг дэвсгэрт нэг хүртэлх жилийн хугацаанд гаалийн татваргүйгээр оруулж болно. Гаалийн мэдүүлэгт зөвшөөрөгдсөн хугацаа дуусгавар болохоос өмнө тухайн тээврийн хэрэгслийг ЕАЭЗХ-ны гаалийн нутаг дэвсгэрээс буцаан гаргах үүрэгтэй байна.

Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн №47, 2020 оны есдүгээр сарын 11-ний өдрийн №79, 2021 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн №79 дүгээр тус тус шийдвэрээр Covid-19 цар тахлын улмаас тээврийн хэрэгслээ цаг хугацаанд нь гаргаж чадаагүй тохиолдолд тээврийн хэрэгслийн гаалийн төлбөр, хураамжаас чөлөөлөгдөх хугацааг 2020 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны есдүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд сунгасан байсан.

Энэхүү сунгалт цааш хийгдэхгүй болж, гадаадын иргэд тээврийн хэрэгслийн гаалийн төлбөр заавал төлөх, эсхүл тухайн тээврийн хэрэгслийг ЕАЭЗХ-ны гаалийн нутаг дэвсгэрээс буцаан гаргах ёстой болсон.

ЕАЭЗХ-ны гаалийн нутаг дэвсгэрт байх зөвшөөрөгдөх хугацаа дууссанаас хойш зургаан сарын дотор тээврийн хэрэгслийн гаалийн мэдүүлэг бөглөн, буцаан авч гарах тохиолдолд гаалийн төлбөр, хураамж төлөх шаардлагагүй ба харин энэхүү хугацааг хэтрүүлсэн тохиолдолд тээврийн хэрэгслийн гаалийн татвар, хураамж төлөхөөс гадна ОХУ-ын Захиргааны зөрчлийн тухай хуулийн 16.18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийтгэл эдэлнэ. Өөрөөр хэлбэл, иргэд энэ оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс өмнө тээврийн хэрэгсэлдээ гаалийн мэдүүлэг мэдүүлэн, ЕАЭЗХ-ны гаалийн нутаг дэвсгэрээс авч гараагүй тохиолдолд гаалийн төлбөр төлнө.

Тухайлбал, 1500-2500 рублийн захиргааны торгууль төлөхөөс гадна тухайн тээврийн хэрэгслээ хураалгуулж ОХУ-ын орлого болгуулах эрсдэлд орохоор байгааг ОХУ-ын Гаалийн байгууллагаас анхааруулж байна.

Цар тахал эхлэхээс өмнө болон цар тахлын үед хувийн тээврийн хэрэгслээр ОХУ болон ЕАЭЗХ-ны гишүүн бусад улс орнууд руу нэвтэрч, буцаж гараагүй иргэдэд 2022 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс өмнө гаалийн мэдүүлэг бөглөн, нэн даруй буцаж гарах шаардлагатайг анхааруулж байна. Ингэснээр иргэд ОХУ-ын захиргааны зөрчилд холбогдох, гаалийн өндөр төлбөр, хураамж, захиргааны торгууль төлөх, хамгийн чухал нь хувийн тээврийн хэрэгслээ хураалгах эрсдлээс урьдчилан сэргийлнэ гэж анхааруулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж