Баруун хязгаарт сэргэлт авчрах Асгатын орд

Хуучирсан мэдээ: 2022.03.24-нд нийтлэгдсэн

Баруун хязгаарт сэргэлт авчрах Асгатын орд

Баруун хязгаарт сэргэлт авчрах Асгатын орд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар “Шинэ сэргэлтийн бодлого”-оо орон нутгийн иргэдэд танилцуулах уулзалтаа Баян-Өлгий аймгаас эхлүүлэв. Эхний уулзалт өргөн бүрэлдэхүүнтэй, хоёр өдрийн урт айлчлал байсан ч өлгийчүүдэд үр дүнтэй уулзалт болов. Баян-Өлгий аймгийн нутагт байрлах Асгатын мөнгөний ордыг ашиглах асуудал олон жил маргаантай байсаар өдийг хүрсэн ч энэ удаад аймгийн иргэдийн саналаар тус ордыг ашиглах шийдвэрийг Ерөнхий сайд газар дээр нь гаргав.

Асгатын мөнгөний орд ашиглалтад орсноор Баян-Өлгий аймгийн хувьд ажлын байр нэмэгдэх, эдийн засагт “цус сэлбэх” томоохон үр ашигтай учир Наурызын баяр буюу Нарны баярт нь барьсан Ерөнхий сайдын энэхүү шийдвэрт өлгийчүүд тун таатай байгаагаа ч илэрхийлж байв. Харин одоо энэхүү шийдвэрийг албажуулж, Засгийн газрын хуралдаанаар тогтоол гаргах үлдэв.

Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын Сийлхэмийн нурууны Асгат уул. Далайн түвшнээс дээш 3000 метр өндөр энэ хайрханд нутгийнхны нэрлэдгээр Мөнгөтийн хярд Асгатын мөнгөний гэх холимог металлын орд газар юм. Тус ордыг анх 1976 онд нээж, түүнээс хойш ашиглах тодорхой шийдэлд хүрэхгүй байсаар өдийг хүрсэн. 1976-1993 оны хооронд улсын төсвийн 5.2 сая ам.долларын хөрөнгөөр хайгуул, судалгаа хийжээ. Тус ордын ТЭЗҮ-ийг 1977-1993 онд боловсруулсан бөгөөд ордын эзэмшигч өдгөө “Эрдэнэс Монгол” компани. Үүнээс өмнө тус ордын төрийн өмчийн 51 хувийг “Монголросцветмет” компани эзэмшиж байжээ. 1976 онд хуучнаар Зөвлөлтийн геологичдийн илрүүлсэн Асгатын холимог металлын орд газар дахь хүдрийн 12 биетийн хоёрт нь л хийсэн шинжилгээний дүнд дээрх хэмжээний мөнгөнөөс гадна 72.6 мянган тонн зэс, 31.8 мянган тонн сурьма, 3.3 мянган тонн висмут агуулагдаж байна. Үүнээс гадна хүдрийн үлдсэн 10 биетэд шинжилгээ хийвэл дээрх тоо хэд дахин нэмэгдэх боломжтойг мэргэжилтнүүд хэлж буй.

Өдийг хүртэл Асгатын ордыг ашиглаж чадаагүй нэг шалтгаан нь зэс, мөнгө, сурьма, висмут зэргийг ялгаж, ангилах технологийг олж чадаагүйтэй холбоотой. Металлын хүдэр дэх дагалдах элементүүд түүний дотор хүнцлийг хэрхэн ялгах асуудал технологийн хувьд хүндрэлтэй байсан. Тиймээс “Эрдэнэс Монгол” компанийн зүгээс нэгэн туршилт хийсэн нь хайлуулах, хөлдөөх аргаар мөнгө, зэс зэрэг металлуудыг ангилах туршилт. Харин хайлуулах технологийн хувьд зардал багатай, Асгатын ордод ашиглах боломжтой гэсэн шийдвэрийг ч Ерөнхий сайдын орон нутагт ажиллахын өмнө гаргаж чаджээ. “Эрдэнэс Монгол” компани технологио шийдсэн учраас Асгатын ордыг эргэлтэд оруулах шийдвэр албажиж, 2023 оны тавдугаар сараас бүтээн байгуулалтыг эхлүүлэх амбицтай байгаа аж. Мэдээж түүнээс өмнө “Эрдэнэс Монгол” компани хөрөнгө оруулалтаа татах том ажил бий. Энэ ажлыг нь яаравчлан хийхийг холбогдох сайд нарт үүрэг болгоод буй. Одоогоор АНУ, Австралийн уул уурхайн томоохон компаниудад санал тавьсан гэсэн албан бус мэдээлэл ч бий.

Стратегийн ач холбогдол бүхий Асгатын ордыг 30 гаруй жил ашиглаж чадаагүй, нөөцийг нь бүрэн тогтоогоогүй шалтгаан нь мэдээж дэд бүтэцтэй холбоотой. Ордын тогтоосон нөөц битүү хад асга бүхий өндөр уулсын мөнх цэвдэгтэй бүсэд оршдог, дэд бүтэц хөгжүүлээгүй байсантай холбоотой. Асгатад хүрэх зам бартаа саад ихтэйгээс Оросын хилээр гарч байж хойд бэлээс нь хүрдэг. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Зэвсэгт хүчний барилга, инженерийн цэргийн бие бүрэлдэхүүний хүчээр Монголын талаас хүрэх зам, гүүрийг богино хугацаанд тавиулсан нь ордод хайгуул, судалгаа хийх, цаашид олборлоход ихээхэн дөхөм болсон билээ. Түүний хийж хэрэгжүүлсэн, алсыг харсан томоохон ажлын нэг нь энэ гэдгийг Баян-Өлгий аймгийн иргэд хэлж байсан юм.

Асгатыг ашигласнаар далд уурхайд нь 260, баяжуулах үйлдвэрт 190 гаруй ажлын байр бий болох тооцоог 1993 онд боловсруулсан ТЭЗҮ-д дурдсан байдаг. Баруун хязгаарын Асгатын ордыг ашиглалтад оруулснаар эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтойгоос гадна баруун бүсийн аймгууд, тэр дундаа Баян-Өлгий аймгийн иргэд ашиг шимийг нь хүртэх цаг ойрхон иржээ. Харин одоо Ерөнхий сайдын өлгийчүүдийн хүсэлтийг баталгаажуулсан Асгатын мөнгөний ордыг эргэлтэд оруулж, ашиглах нь ажил хэрэг болж, Баян-Өлгий аймгийн иргэд ашиг шимийг нь хэзээ хүртэж эхлэхийг харах л үлдлээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж