Бяцхан балетчид сахилга бат, хариуцлагад суралцаж байна

Хуучирсан мэдээ: 2022.03.24-нд нийтлэгдсэн

Бяцхан балетчид сахилга бат, хариуцлагад суралцаж байна

Бяцхан балетчид сахилга бат, хариуцлагад суралцаж байна

Эрхэмсэг хөдөлгөөн, илэрхийлж буй техникээрээ хүнд сэтгэлийн хамгийн гүн таашаал өгдөг урлаг бол балет билээ. Бүх хөгжмийн ноён оргил төгөлдөр хуур гэдэг бол бүжгийн урлагийн дээд сэнтийд балетын урлаг залардаг. Бид тэрхүү урлагийн гайхамшигт шамдан суралцаж буй “Сильфида” балетын сургуулийн бяцхан балечдыг сурвалжиллаа.

Арван хоёр давхар барилгын 3 давхраас төгөлдөр хуурын намуухан ая эгшиглэнэ. Хаалгаар нь орвол ес, арван настай гэмээр бяцхан охид хөгжмийн аяд зохицон уран налархай бүжиглэнэ. Тэд мэргэжлийн балетчид гэмээр харц дээгүүр, бие цэх, тун чамбай зогсоно.

Багш нь тэдэнд “Өвдгөө чангал, тэнцвэрээ хадгал. Одоо жаахан тэсээрэй” гэж хэлнэ. Охид багшийн хэлсэн үг бүрийн тоогоор улам л биеэ цэгцлэх гэж чармайна. Төгөлдөр хуурын зөөлөн эгшиг гурван минут гаруй үргэлжилсээр төгсөв. Бяцхан балетчид “Ашгүй минь, ингээд дууслаа” гэсэн янзтай биеэ суллаж харагдах ч зогсож буй байрлалаасаа огтхон хөдөлсөнгүй.

Тушаал авсан цэрэг шиг бүгд хариуцлагатайхан зогсоно. Балетын урлаг зөвхөн бүжгээс гадна хариуцлага, сахилга батад сургадаг мэт санагдлаа. Тэд гэрэл зурагчин бид хоёрыг сая л анзаарсан болтой хормын өмнө тодорч байсан эрэмгий харц нь ичингүйрлээр солигдов.

Удалгүй дараагийн ая эгшиглэж бяцхан балетчид багшийнхаа заавраар сунгалтын дасгал хийж эхэллээ. Бүжгийн төрөл бүр өөрсдийн гэсэн хувцаслалт, загварын хэв маягтай бөгөөд балетчныг энгийн хувцастай байсан ч амархан таньж болохоор. Учир нь жинхэнэ язгууртан аятай биеэ авч яваа байдал, уран нарийн хөдөлгөөнүүд нь тэднийг илт тодорхойлно.

Хөгжмийн ая үргэлжилсээр, багш охидын дундуур явж, тэдний хөлийн байрлалыг засна. Тэр бүр охидын хөдөлгөөн улам жигдэрнэ. Зөвхөн багшаасаа тэд суралцдаггүй аж. Бяцхан балетчид сургалтын төвийн хананд өлгөөтэй өргөн толиноос өөрсдийгөө хэрхэн зогсож байгааг тодорхой харна.

Одоо сонирхогчийн балетаар хичээллэж байгаа ч том болоод мэргэжлийн балетчин болно хэмээн тус сургуулийн суралцагч, 10 настай З.Ундрал хэлсэн юм. Тэрбээр “Балетын урлагт суралцаад дөрвөн жил болж байна. Анх “Цөмөөхэй” балет үзэж байсан. Түүнээс хойш балетын урлагт дурласан. Анх сурахад хэцүү байсан. Сунгалтын дасгал нь шантармаар маш хүнд санагдаж байсан гэв.

Мөн 10 настай бяцхан балетчин М.Эмүжин “Дэлхийд алдартай балетчин болно” гэж хэллээ. Тэрбээр “Анх зурагтаар балет бүжиглэж байгаа хүмүүсийг хараад тэдэн шиг гоё хувцас өмсөөд, олны өмнө бүжиглэхийг хүссэн. Хамгийн анх “Хүн” театрт зохиогдсон “Увидаст эгшиг” бүжгийн жүжигт оролцож байсан” гэж ярив.

Сильфида балетын сургуулийн багш Э.Номин “Балетын урлаг бусад бүжгийн төрлүүдээсээ илүү эмэгтэйлэг, уян налархай, өв тэгш бие бялдрыг хөгжүүлэхэд тусална. Мөн бүх бүжгийн үндэс нь балетын урлаг юм. Сонирхогчийн балетаар дөрвөн наснаас эхэлж хичээллэдэг.

Сонирхогчийн балетаар хичээллэснээр уян хатан болохын зэрэгцээ үе мөчний хөдөлгөөн, цусны эргэлтэд сайнаар нөлөөлж, хөдөлгөөний зохицуулалтыг сайжруулж, төгс төгөлдөр дүрс, шугаман гоо сайханд хүрэхэд тусалдаг.

Бүхий л насныхан сонирхогчийн балетаар хичээллэх боломжтой. Хүмүүс балетын урлагаар хичээллэж буй хүүхдийн хөл эвдэрдэг гэж яриад байдаг. Сонирхогчийн балетаар хичээллэж буй хүүхдийн хөлд ямар нэг гажиг, өөрчлөлт гардаггүй. Харин эсрэгээрээ хөлний даацын нуман дээрх ачаалал нэмэгдэж, булчингуудад нэн тустай байдаг. Хүүхэд учраас хэтэрхий олон цагаар бэлтгэл хийдэггүй. Хамгийн ихдээ хоёр цаг бэлтгэл хийдэг.

Зөвхөн бие бялдраас гадна тухайн хүүхдийн зан төлөвшил гээд маш олон эерэг нөлөөтэй. Балетын дасгал, сургуулилалт нарийн дэгтэй явагддаг тул цаг баримталж сурна, тэсвэр тэвчээрийг нэмэгдүүлж, тэнцвэржүүлж, сунгалтыг сайжруулдаг. Үүний зэрэгцээ бүх биеийг бэхжүүлдэг. Бүх хөдөлгөөнийг шулуун, нуруу мөрөө доошлуулан, урт хүзүүгээр хийдэг тул балетын дасгалууд нуруугаа уртасгаж, нурууны булчинг бэхжүүлэхэд тустай” гэв.

Ц.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж