“Хүний амь насыг хамгийн багадаа 63 сая төгрөгөөр үнэлнэ”

Хуучирсан мэдээ: 2022.03.24-нд нийтлэгдсэн

Live“Хүний амь насыг хамгийн багадаа 63 сая төгрөгөөр үнэлнэ”

14 : 53
2022-3-24

“Хүний амь насыг хамгийн багадаа 63 сая төгрөгөөр үнэлнэ”

Хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Шүүх шинжилгээний тухай хуульд байгаль орчны хохирлын үнэлгээ хийнэ гэж заасан байна. Уг байгууллагад бүтэц нэгж байгуулах талаар тусгасан байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дагуу төрийн захиргааны байгууллагаас байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх эрх авсан 131 байгууллага бий. Энэ салбарт 1000 гаруй хүн ажилладаг. Хувийн хэвшлээс төрийн байгууллага руу энэ ажил шилжинэ гэж ойлголоо. Ингэх болсон шалтгаан юу байв? Дотоодын нийт бүтээгдэхүүний 80-90 хувийг төр эзэлдэг болчхоод байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар яриад байдаг. Нэг гараараа дэмжээд, нөгөө гараараа хувийн хэвшлийг боомилоод байж болдог юм уу?

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Байгаль орчны үнэлгээг Шүүх шинжилгээний байгууллага болон хувийн секторууд үнэлгээ хийх эрхзүйн орчныг тодорхой болгож өгсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Байцаан шийтгэх ажиллагааны бүхий л зардлыг төр хариуцна” гэх заалт байдаг. Өнөөдөр хууль бусаар алт олборлосон, байгаль орчин сүйтгэсэн, экологийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэргүүд хохирлын үнэлгээ гараагүйн улмаас шүүхээр шийдэгддэггүй. Улмаар ял завшдаг нөхцөл байдал өмнө нь их гарсан. Арга буюу энэ асуудлыг шийдэх зорилгоор өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн шүүх шинжилгээний байгууллага дээр байгаль орчны хохирлын үнэлгээ хийх нэгж байгуулсан. Түүнээс биш хасч байгаа зүйлгүй. Х.Ганхуяг гишүүнийг энэ асуудалд санаа тавьж байгаад баярлаж байна. Таныг ирэх жилийн төсөв дээр байцаан шийтгэх ажиллагааны зардлыг нэмэгдүүлж өгөх санал, санаачлага гаргана гэж ойлголоо. Байгаль орчин, экологийн гэмт хэргээс гадна соёлын өвийн эсрэг гэмт хэргүүдийг хүртэл үнэлэхэд маш их хэмжээний хөрөнгө шаардлагатай байна.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

-Сэтгэцэд учирсан хор уршгийг яаж тодорхойлж, нөхөн төлбөрийг хэрхэн тогтоох вэ. Боловсон хүчин байгаа юу? 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Та маш чухал асуудал хөндөж асуулаа. Сүүлийн 30 жил хийж чадаагүй нэг ажил бол сэтгэл санааны хохирол буюу сэтгэцэд учирсан хохирлыг үнэлэх аргачлалгүй явж ирсэн. Гэмт хэргийн улмаас амиа алдсан талийгаачийн ар гэрт оршуулгын зардал өгсөн болоод бусад зардал нь орхигддог. Хүний нэр төртэй холбоотой үнэлгээ байдаггүй. Эрхзүйн хөгжлийн хувьд бид хоцорч яваа. Үүнийгээ нөхөх зорилгоор хуулийн өөрчлөлтөд уг заалтыг тусгасан. Шүүх шинжилгээний байгууллага бол цэвэр шинжлэх ухааны байгууллага. Зөвхөн эрүүгийн хэрэг дээр шинжилгээний дүгнэлт гаргахаас гадна иргэн болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нарийн мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргадаг. Гаргасан дүгнэлтийг нь үндэслэн шүүхийн шийдвэр гардаг. Тиймээс харьцангуй хараат бус, бие даасан байдлаар ажиллах бололцоогоор хангахын тулд хуулийг шинэчилж байна.

Дотоод хэргийн сургууль дээр шүүх эмнэлгийн шинжээч эмчээс бусад, Хууль зүй, дотоод хэргийн яамны агентлагуудын мэргэжилтнүүдийг бэлддэг. Дотооддоо ийнхүү боловсон хүчнээ бэлдэж байна. Хөрш орнуудын дотоод хэргийн яамны хамтын ажиллагааны хүрээнд нарийн мэргэжлийн шинжээч эмч нарыг сургаж байна. Сүүлийн үед мэдээлэл технологийн шинжлэх ухаан чиглэлд шинжээч, судлаач нар хэрэгцээтэй болсон. БНСУ-тай хамтран энэ чиглэлийн боловсон хүчин бэлтгэж байна. Нэг асуудал байгаа нь төсөв. Гэхдээ энэ удаа үүнийг онцолж ярихыг хүсэхгүй байна. Хөдөө орон нутагт шүүх эмнэлгийн шинжээч эмч тултал ажилладаг. Өөрөөр хэлбэл, ээлжийн амралт авсан, жирэмсэн тохиолдолд нөгөө газар нь дараагийн хүн нөхөж ажиллах орон тооны боломжгүй байсан. Өнгөрсөн жилийн улсын төсөв дээр 1-2 орон тоог нэмэгдүүлж чадсан. Сүүлийн үед манай салбарт анагаахын сургууль төгссөн, шүүх эмнэлгийн эмчээр цаашид мэргэшиж ажиллах боловсон хүчин ховор байна.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг:

-Хүн зөрчигдсөн эрхээ бүрэн сэргээлгэх ёстой. Үүний баталгааг төр хангах учиртай. Энэ нь эргээд хууль, эрхзүйн тодорхойгүй орчинтой ч холбоотой. Иргэний хуулийн тодорхой заалтуудаар мөнгөн дүнгээр барагдуулах асуудлыг хаасан зохицуулалтууд өнөөдөр үйлчилж байна. Хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан бол 10 сая төгрөг гаргуулсан байх жишээний. Гэхдээ ийм тохиолдол маш цөөхөн. Хамгийн сүүлд авто ослоос амиа алдсан талийгаачийн ар гэрт сэтгэл санааны хохирлоос гадна тэжээн тэтгэхтэй холбоотойгоор 500 сая төгрөг гаргуулсан шүүхийн шийдвэр бол бий. Сэтгэл санааны хохирол гэж яриад байгаа боловч Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийг харахаар сэтгэл санаа гэхээсээ илүүтэй сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг хөндөх ёстой болчхоод байгаа юм.

Сэтгэл санааны гэм хорын нөхөн төлбөрийн хохирлыг шүүхийн байгууллага тогтооно. Хүний амь насыг хөдөлмөрийн хөлсний хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн буюу хамгийн багадаа 63 сая төгрөгөөр үнэлж байна. Өөр нэг хувилбар нь хүн амын дундаж наслалтаас тухайн гэмт хэргийн улмаас амиа алдсан иргэний насыг хасна. Жишээ нь, хүн амын дундаж наслалт 71 байгаа бол 20 настай залуу нас барахад 51 насны зөрүү гарна. Талийгаач 51 жил идэвхтэй амьдрах бололцоотой байсан гэсэн үг. Үүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлээд буюу 111 сая төгрөгийг тухайн ар гэрт нь олгоно. Хэт өндөр тогтоож болохгүй. Төлөгдөхүйц хэмжээнд байх ёстой гэж үздэг. Энэ зарчмыг л бид баримталж байна. Хүний амь насыг мөнгөөр үнэлнэ гэдэг учир дутагдалтай ч гэсэн дэлхий нийт үүн дээр жишиг тогтоогоод явж байна. Тухайлбал, БНСУ гэхэд 80 сая вонн. Америкийн Нэгдсэн Улсад эмнэлгийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан сэтгэл санааны хохирлын хэмжээний дээд, доод хэмжээг муж улсаас хамааран дунджаар 250-750 мянган ам.доллараар тогтоосон байдаг. Түүнчлэн хохирогч нас барсан тохиолдолд сэтгэл санааны хохирлыг сэтгэл санааны хохиролд буюу сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийг нэхэмжлэх, нөхөн төлбөрийг авах эрхтэй этгээдийг хуулиар хязгаарладаг байна. Тухайлбал, ХБНГУ-д хохирогч нас барсан тохиолдолд зөвхөн тодорхой төрлийн садан төрөл нь сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөр авах бол Франц улсад өв залгамжлагч нь авах зохицуулалттай байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Шүүхийн байгууллага хараат бус байх ёстой. Үүнийг хэдүүлээ яаж хийх вэ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Дэлхийн бусад улс оронд Хууль зүй, дотоод хэргийнхээ яаманд шүүхийн байгууллага нь хамаардаг. Хуулийн төслийг боловсруулах явцад судалгааны ажлууд хийсэн. Бидэнд нэг л арга зам бий. Гүйцэтгэх эрх мэдлийн бүтцээс шүүхийн байгууллагыг гаргахын тулд Шүүхийн ерөнхий зөвлөлийн харъяанд оруулж, шүүх эрх мэдлийн байгууллагуудын жишигт хүрсэн цалинтай болгох ёстой. Шүүх шинжилгээний байгууллагад шинээр шинжээчээр томилогдсон хүн дэслэгч цолныхоо мөнгөтэй нийлээд, гар дээрээ 900 мянган төгрөгийн цалин авч байна. Шүүх эмнэлгийн шинжээч ажилсан жилийн нэмэгдэл болон цолны нэмэгдэлтэйгээ нийлээд 1.4 сая төгрөг авдаг.

Шүүх шинжилгээний байгууллага 139 нэр төрлийн шинжилгээ хийдэг. Улмаар шинжилгээ хийхийн тулд нарийн мэргэжлийн тоног төхөөрөмж, урвалж бодис, программ хангамж гээд энэ байгууллагад хэрэгтэй олон зүйл байна. Тухайлбал, гэмт хэргийн улмаас олдсон хурууны хээ, алганы хээний нэгдсэн сан болох ОХУ-д үйлдвэрлэсэн программ хангамжийг ашиглаж байна. Үүнийгээ шинэчлэх шаардлагатай. Шинэчлэхийн тулд монгол залуустаа захиалга өгсөн. БНСУ-ын "Экзим" банкны зээлийн санхүүжилтээр нисэхэд шүүх эмнэлгийн цогболбор барилга барих ажил удахгүй эхэлнэ. 21 аймагт шүүх шинжилгээний албадыг өөрийн гэсэн байртай, боломжит хими, биологийн шинжилгээнүүдийг хийхэд хөрөнгө зарцуулаад явж байна. Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын шинжилгээ хийдэг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж хэрэглэж байна. Гол асуудал нь энэ салбарт ажиллах нарийн мэргэжлийн шинжээч эмч нарын дутагдалд орчхоод байна.

УИХ Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. Ингэснээр Пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. Ийнхүү УИХ-ын Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө

14 : 42
2022-3-24

"Сэтгэл санааны хохирлыг мөнгөн хэлбэрээр олгодог болно"

УИХ  үргэлжлүүлэн Шүүх шинжилгээний тухай хуулийн  шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.

Тэрбээр “Шүүхийн шинжилгээний тухай хуулийг дагаж мөрдөөд 10 гаруй жил өнгөрсөн ба нийт 6 удаа, давхардсан тоогоор 40 гаруй зүйл, хэсэг, заалтад нэмэлт, өөрчлөлт орж, хуулийн анхны бичвэрээс олон зүйл, заалт өөрчлөгдсөн байна. Эдгээр өөрчлөлтийн тухайд уг хуулийн агуулга, үзэл баримтлал, процессын зохицуулалтуудыг өөрчлөхөд бус, харин бусад процессын хуулиудад оруулсан нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан хийгдсэн байдаг. Уг нэмэлт, өөрчлөлтүүдээр хуулийн зүйл, заалт, хэсгийн логик уялдаа холбоо алдагдах, нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, зарим нэр томьёог өөр өөрөөр томьёолсон, мөн зарим зохицуулалт хангалттай бус хэвээр байна.

Хуулийн төсөл батлагдсанаар шүүх шинжилгээний нийтлэг журмыг боловсронгуй болгож, шинжилгээний хугацааг жишиг хугацааг үндэслэн тогтоох, хялбар байдлаар хугацааг сунгах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Шүүх шинжилгээний хэлбэр, төрлийг шинээр тодорхойлж, шинжилгээний адилтгал, мэдээллийн сан, түүний төрөл, бүрдүүлэлт, ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг шинээр бүрдүүлнэ. Хүрээлэн байгаа орчинд учирсан хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоох үнэлгээг хийх эрх зүйн орчныг шинээр бүрдүүлэхээрээ онцлог.

Монгол Улсын шүүхийн практикт гэмт хэргийн улмаас сэтгэл санааны хохиролд буюу сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөр авсан кейс бусад хохирлыг нэхэмжилж шийдвэрлүүлсэн тохиолдлоос цөөн байдаг. Тухайлбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 970 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн хууль бусаар хоригдсон хэрэгт хохирогчийн сэтгэл зүй, эрүүл мэндэд учирсан хохирлыг харгалзан 16 сая төгрөгийн нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн байна.

Мөн 2012 онд Баянгол дүүргийн шүүхээс ХБНГУ-ын эмчийн буруутай үйл ажиллагааны улмаас хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан хохирогчийн эрүүл мэндийн байдал, сэтгэл санаанд учирсан үр дагаврыг харгалзан, сэтгэл санааны хохиролд 10 сая төгрөг тогтоож, буруутай этгээдээр гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг.

Харин гадаадын зарим өндөр хөгжилтэй орны хувьд сэтгэл санааны хохиролд буюу сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах гэмт хэргийн төрөл бүрээр тогтоосон тарифын үнэлгээг үндэслэн мөнгөн дүнгээр тооцож, хохирогчид олгодог байна. Хохирогчид олгох сэтгэл санааны хохирол буюу сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах төлбөрийн дээд доод хэмжээг мөн тогтоож өгдөг байна. Тухайлбал, АНУ-д эмнэлгийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан сэтгэл санааны хохирлын хэмжээний дээд доод хэмжээг муж улсаас хамааран дунджаар 250-750 мянган ам.долларт тогтоосон байдаг.

Түүнчлэн хохирогч нас барсан тохиолдолд сэтгэл санааны хохирлыг сэтгэл санааны хохиролд буюу сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийг нэхэмжлэх, нөхөн төлбөрийг авах эрхтэй этгээдийг хуулиар хязгаарладаг байна. Тухайлбал, ХБНГУ-д хохирогч нас барсан тохиолдолд зөвхөн тодорхой төрлийн садан төрөл нь сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөр авах бол Франц улсад өв залгамжлагч нь авах зохицуулалттай байна.

Иймд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэргийг тогтоох, уг хор уршгийг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг үнэлэх, шинжилгээ хийх талаарх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хүрээнд нэр томьёоны хувьд анагаахын шинжлэх ухааны нэр томьёог ашиглан, “сэтгэцэд учирсан хор уршиг буюу гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчийн сэтгэцэд үзүүлсэн үр дагавар, гэж томьёолж, энэ нь эдийн бус гэм хорд хамаарахыг хуульд тодотгон тусгаж, хохирогч энэхүү хохирлоо нэхэмжлэх эрхийг нарийвчлан тодорхойлсон болно” гэлээ.

13 : 22
2022-3-24

"16 насанд хүрсэн 2.5 сая иргэнд тоон гарын үсэг өгөх ажил зохион байгуулна"

Үргэлжлүүлэн Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар уншиж танилцуулав.

Тэрбээр “Регистрийн дугаарыг Монгол Улсын иргэн төрсний бүртгэлд анх удаа бүртгүүлэх, Монгол Улсын харъяат болоход олгож байгаа бөгөөд тухайн иргэнд олгосон регистрийн дугаар нь олгосон аймаг, нийслэл, сум, дүүргийг илэрхийлсэн үсгэн утга, төрсөн он, сар, өдөр, хүйсийг илэрхийлсэн тоон утгыг агуулж байдаг.

Иймд одоогийн хуулиар регистрийн дугаарыг ил харагдах бичилтээр бичиж байгаа эрх зүйн зохицуулалтыг өөрчилнө. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нийт насанд хүрсэн иргэдийн 98 хувь буюу 1.925.772 иргэнд иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас өгөгдсөн 12 орон бүхий тоо болох иргэний бүртгэлийн дугаарыг иргэний бүртгэлийн холбогдох баримт бичигт ил харагдах бичилтээр тусгах нь зүйтэй гэж үзэж байна. Үүнтэй уялдуулан иргэний үнэмлэхийн санах ойд иргэний овог, эцэг эхийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн болон регистрийн дугаар, хүйс, оршин суугаа газрын хаяг, тоон гарын үсгийн мэдээллийг тусгахаар тогтсон.

Иргэний оршин суугаа газрын хаягийн мэдээлэл уг хуулийн дагуу иргэний үнэмлэхэд ил бичигдсэнээр бодит байдал дээр иргэдэд багагүй хүндрэл бэрхшээл бий болгодог. Тухайлбал, Иргэний улсын бүртгэлийн тоон мэдээ, судалгаанаас үзэхэд нэг жилд дунджаар 16 ба түүнээс дээш насны 120-130 мянган иргэн шилжилт хөдөлгөөний бүртгэлд бүртгүүлж, мэдээллийн санд тухайн иргэний оршин суугаа газрын хаягийг өөрчилж, мэдээллийн санд тусгадаг. Энэхүү хаяг нь иргэний үнэмлэхэд бичигдсэн хаягаас зөрүүтэй болдог учраас иргэн шилжилт хөдөлгөөний бүртгэлд бүртгүүлж, иргэний оршин суугаа газрын хаяг өөрчлөгдөх тохилдолд бүрт иргэний үнэмлэх сольж авах хэрэгцээ шаардлага үүсч байна.

Мөн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр засаг захиргааны нэгжийн бүтцэд өөрчлөлт оруулах тохиолдолд иргэний оршин суугаа газрын хаяг өөрчлөгдөж, тухайн иргэний гар дээрх баримт бичгээс зөрүүтэй болох тохиолдлууд байсаар байна. Түүнчлэн иргэний оршин суугаа газрын хаягийн мэдээлэл иргэний үнэмлэхэд ил бичигдсэнээр бусад этгээд харах, иргэний хаягийн мэдээллийг ашиглан хохирол учруулах, иргэний хувийн аюулгүй байдал алдагдах зэрэг нөхцөл байдлыг бий болгосоор байна.

Иймд иргэний улсын бүртгэлийн баримт бичгийн үнэн зөв байдлыг хангах, иргэнд эдийн засгийн аливаа дарамт, хүндрэл бэрхшээлийг учруулахгүй байх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэний оршин суугаа газрын хаягийн мэдээллийг иргэний үнэмлэхийн санах ойд тусгахаар заасан” гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

-Монгол Улсын иргэн бүрийн иргэний үнэмлэх өөрчлөгдөх юм байна. Нууцлалыг нь хангах зүйтэй. Гэхдээ иргэдэд чирэгдэл багатайгаар хэрхэн шийдэх вэ?

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Иргэний улсын бүртгэлийн тоон мэдээ, судалгаанаас үзэхэд нэг жилд дунджаар 16 ба түүнээс дээш насны 120-130 мянган иргэн шилжилт хөдөлгөөний бүртгэлд бүртгүүлж, мэдээллийн санд тухайн иргэний оршин суугаа газрын хаягийг өөрчилж, мэдээллийн санд тусгадаг. Тэдгээр хүмүүс иргэний үнэмлэх авахдаа 12 оронтой нь ил бусад мэдээллүүд нь чипт нь агуулах байдлаар олголт хийгдэнэ. Жилд дунджаар хаяж гээсэн иргэний үнэмлэхийг 250 мянган хүнд олгоход ойрын 3-4 жилд шинэчлэлийн ажил хийгдэнэ гэж тооцоолж байна.

Бид регистрийн 12 оронтой дугаар дээр суурилсан тухайн иргэн бүрт төртэй харилцдаг е-мэйл хаяг нээж, иргэний үнэмлэхийн санах ойд суулгаж өгөх боломжтой гэж үзвэл гар утсад суулгах өгөх боломжийг нээх гэж байна. Энэ ямар ач холбогдолтой вэ гэвэл тухайн иргэнд төрийн зарлан мэдээлэх чиг үүрэг, Нийтийн мэдээллийн тухай хуулиар төр иргэндээ мэдээлэл түгээх дамжуулах үүргийг давхар хүлээж байгаа. Тухайлбал, “Таны иргэний үнэмлэхийн хугацаа төдийд дуусч байна, гадаад паспортын хугацаа дуусч байна, сонгууль өгөх ёстой” гэх мэт мэдээлэл тухайн иргэнд өдөр бүр очдог программ хангамж, техник хангамжийн асуудлыг УБЕГ үндсэндээ шийдсэн. Одоо компаничилсан ажил тавдугаар сарын 1-нээс эхэлнэ. Харин цахим хуурамч хаяг нээхгүй байх боломжуудын тухай тусдаа асуудал яригдаж байна. Засгийн газарт Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу сошиалын тухай хоёр хуулийн төсөл боловсруулах ажил явагдаж байна. Өөрөөр хэлбэл, улсын төсөв дээр нэмэгдэл зардал гаргахгүй.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Сүүлийн таван жилийн хугацаанд иргэдэд мэдрэгдэхүйц өөрчлөлт оруулсан сайн хууль бол Бүртгэлийн багц хууль. Үүний үр дүнд E-Mongolia цахим систем бүрдсэн. Суурь ажлыг хийсэн хүмүүс нь Хууль зүй, дотоод хэргийн яамны бүртгэлийн ажилчид. Богино хугацаанд хийгээгүй. 2008 онд яригдаж эхэлсэн. Олон зуун сая цаасан мэдээллийг цахим болгох суурийг тавьсан. Бүртгэлийн маш олон ажилчин цаасны харшилтай болж үлдсэн. Тэд олон зуун хуучин цаасыг эмхэлсэн. Сүүлийн 20 жилийн хугацаанд бүртгэлийн бүх салбарт ажиллаж цаасан мэдээллийг цахимаар авахад чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүст тусгайлан баярлалаа. Энэ ажлыг улам төгөлдөржүүлэх ажлыг Х.Нямбаатар сайд манлайлаад явж байна. Төрийн үйлчилгээ цахим болсноор иргэдийн хичнээн төгрөгийг хэмнэж байна вэ. 100 айлд гадаад паспортоо захиалах гээд 1000 хүн нэг дор цугласан тохиолдол бий. Одоо тийм зүйл байхгүй. 2017 онд Бүртгэлийн багц хууль батлагдаж байх үед “Гар утаснаасаа төрийн мэдээлэл авдаг болно” гэж хүмүүст хэлэхэд гайхаж байсан. Өнөөдөр ихэнх иргэд гар утсаараа дамжуулан төрийн үйлчилгээ авдаг болсон нь хамгийн том үр шим. Цаашид ямар үйлчилгээ нэмэгдэх вэ?

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан:

-E-Mongolia систем 22 төрлийн лавлагаа 72 төрлийн үйлчилгээ иргэдэд үзүүлж байна. Хамгийн бага үзүүлэлтээр буюу иргэд автобусанд сууж банк орох тооцоо гаргахад 30 тэрбум төгрөг хэмнэсэн. E-Mongolia систем дээр 80 тэрбум төгрөг хэмнэсэн гэх гаднын судалгаа бий. Үүн дотроо 50-60 хувь нь улсын бүртгэлийн үйлчилгээ эзэлж байна. Тавдугаар сарын 1-нээс хэрэгжих цахим гарын үсэгтэй холбоотой үйлчилгээн дээр маш том ололт амжилт гарна. Ялангуяа гадаадад оршин суух иргэд тоон гарын үсэг авснаар төрийн үйлчилгээ авах боломжтой болно. Жилд 100 мянган хүн шилжилт хөдөлгөөн хийдэг гэж тооцвол 1 тэрбум 830 сая төгрөг хэмнэсэн байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Тоон гарын үсэгт шилжсэнээр цахим шилжилтийн үндсэн дэд бүтцийг бий болгоно.Тавдугаар сарын 1-нээс эхлээд улсын бүртгэлийн бүх нэгжүүдээр дамжуулан 16 насанд хүрсэн 2.5 сая иргэнд тоон гарын үсэг өгөх ажлыг зохион байгуулна. Байгууллага, албан тушаалтнууд өөрсдөө давхар тоон гарын үсэг авч болно. Тоон гарын үсгийг таван жилд нэг удаа шинэчилж, аюулгүй байдлыг нь хангана. Бүх төрийн үйлчилгээний салбарт иргэний үнэмлэхийн ялтсанд байгаа мэдээллийг уншдаг төхөөрөмжийг суурилуулах бэлтгэл ажил хангагдаж байна. Гэрлэлт болон гэр бүл цуцлалт, иргэний харъяатаас гарах, орох, хилийн хоригтой холбоотой асуудал, хурууны хээний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэхдээ заавал биеэр үйчлүүлнэ. Үүнээс бусад үйлчилгээг цахим болон КИОСК машинаар авна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-2024 оноос өмнө цахим гарын үсэг нэвтрүүлээд, гар утсаар сонгуулиа өгдөг болох ёстой. Өнөөдрийн орж ирж буй хууль үр дүнгээ өгөх ёстой. Энэ агуулгаар дэмжиж байна. ХҮН-ын даргын хувьд үүнийг шаардаж ажиллана. Энэ бол Монголын ардчилалд оруулах маш том дэвшил.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Засгийн газраас өргөн барьсан Улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төлсийг дэмжиж байгаа. Ийм юмыг дэмжихгүй бол өөр юуг дэмжих вэ. 2017 онд Бүртгэлийн багц хууль батлагдаад төрийн үйлчилгээг таны гар утсанд өгөх талаар миний бие ярьж явсан. Өнөөдөр худлаа яриагүй юм байна гэдэгтээ бахархаж байна. Х.Нямбаатар сайд хэлэхдээ улсын бүртгэлийн лавлагаа авдаг 180 гаруй үйлчилгээ байсан. Энэ үйлчилгээнээс биеэр очдог дөрвөн үйлчилгээ үлдэх нь. Бусдыг нь гар утсаар авах нь ээ. Цахим бодлогын яам хэрэгтэйг иргэд мэдэрдэг, мэддэг болж байна. Бүртгэлийн багц хууль онцгой үр дүн өгсөн. Хулгайтай хуулийн аргаар тэмцдэгийг бүртгэлийн хууль нотолсон. Хөгжлийн банкийг 2016 онд шалгаж байхад Бүртгэлийн багц хууль гарсан бол зээл авсан компаниудын ард хэн байгаа нь илчлэгдэх байсан. Энэ бол шинэчлэл, реформ, авлигатай тэмцэж буй бодит үйлдэл юм. Богд ууланд хэн газар авсан мэдээллийг утаснаасаа авч болохгүй байна.

Гишүүд үг хэлж дууссаны дараа санал хураалт явуулж байна.

12 : 20
2022-3-24

"Би хувийн хэвшилд ажиллаж байхдаа МХЕГ-т олон жил дарамтлуулсан"

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Хяналт, шалгалт гэдэг бол ард түмнээ эрсдэлээс хамгаалж байгаа үйлдэл. Ард түмнээ эрсдэлээс хамгаалаад, хяналт, шалгалтыг зөв хийж байгаа бол буруу зүйл байхгүй. Хууль зүйн сайд ганц дайчин ганцаардахгүй гэдэг шиг хамаг гол ажлыг нуруун дээрээ үүрээд, асуудал шийдэх гээд явж байгаад би хувьдаа талархаж байна. Төлөвлөгөөт шалгалт нэрийдлээр төрийн байгууллагууд хяналт, шалгалт гэдэг үгийн утгыг алдагдуулсан. Үүнээс болоод ард түмэн хяналт, шалгалт гэхээр айдаг болсон.

МХЕГ-ын дарга Б.Баасандорж их ажилсаг хүн. Төлөвлөөт дарамтыг багасгахаар хичээж байна. Гэхдээ үнэнээ хэлэх ёстой. МХЕГ бол дампуу байгууллага. Тэнд байгаа боловсролын таван байцаагч диплом шалгахаас өөр зүйл мэдэхгүй. Ийм хүмүүс зөвлөн, тусалж чадахгүй. Тийм оюуны чадавх байхгүй. Хүнд өгөгдөл байхгүй болохоор хүн хүсээд ч чаддаггүй юм. МХЕГ-ын эмийн лаборатори дээр малын эмч зогсчхоод хүн уудаг эмийг шалгаад дүгнэнэ гэж байхгүй. Монголд хяналт, шалгалт явуулах нь агуулга биш хүн төвтэй болсон. Субъектив байдлаар ханддаг. Зөвхөн туслах гээд гоё уриалга өнөөдөр дэвшүүлж байгаа ч гэсэн тэрийгээ биелүүлж чадахгүй. Зөвлөн туслах битгий хэл зөөллөн дарамталдаг. Тэгэхээр хяналт, шалгалт явуулаад, зөвлөн тусална гэхээр МХЕГ-ын байцаагч нар харилцаагаа сайжруул, надтай сайхан харьц гэдгээс ялгаагүй сонсогдож байна.

Би хувийн хэвшилд ажиллаж байсан хүний хувьд МХЕГ-т олон жил дарамтлуулсан. Тиймээс би энэ талаар хэлээд байна. Зөвлөн туслах гэдэг нь ядаж хажуудаа судалгааны байгууллага буюу бодлого боловсруулдаг байгууллагатай байх ёстой. Салбар бүрийг мэддэг хэд хэдэн хүн суучхаад, байгууллагыг төлөвлөгөөт хяналт, шалгалт нэрийдлээр дарамтлах асуудлыг цэгцлэх санаачлага бол маш зөв. Ер нь зөвлөн туслах ажлыг мэргэжлийн холбоодод нь өгөх цаг болсон. Төр бүгдийг чадахгүй. Өнөөдөр хуульч, өмгөөлөгчдийн холбоо ажиллаж болоод байна. Үүн шиг салбар бүр ийм байдлаар явбал болохгүй юу.

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга Б.Баасандорж:

-Зарчмын хувьд Н.Учрал гишүүнтэй санал нэг байна. 2002 онд Мэргэжлийн хяналтын тухай хууль батлагдсан. Уг хуульд заасан төрийн хяналт, шалгалт гэдэг нэрээс эхэлж засах нь зүйтэй. Хяналт, шалгалтыг бид хамтад нь ойлгоод байдаг. Олон улсад хяналт, шалгалт нь тусдаа байдаг. Манай байгууллагад асуудал байгаа. Монголд 800 гаруй хууль үйлчилж байна. Үүнээс 113 хууль нь МХЕГ-т хамаарч байна. Гэсэн хэдий ч дахиад 200 гаруй хууль дээр хяналт шалгалт хийнэ шүү гээд давхардаж олгодог.

Мэргэжлийн холбоодын хувьд Н.Учрал гишүүнтэй 100 хувь санал нийлж байна. Эрсдэл багатай мэргэжлийн хяналтыг мэргэжлийн холбоодод нь өгөх ёстой. Олон улсын жишиг ч ийм байдаг. Манай байцаагч нар мэргэших ёстой. 2002 оноороо байгаад байж болохгүй. Тухайлбал, Хог хаягдлын тухай хуулийн тогтоомжийн хэрэгжилтэд бүх шатны Засаг дарга, цагдаа, хог хаягдлын байцаагч, МХЕГ хяналт тавьж байна. Кино урлагийг дэмжих хууль дээр мөн адил Соёлын яам, Соёлын газар, зөвлөл, МХЕГ хяналт тавих үүрэгтэй.

Эдгээрийг мэргэжлийн холбоод нь хийх боломжтой. Үе шаттайгаар хууль эрхзүйн орчныг зөв болгож, алба хаагчдыг мэргэшүүлэхгүй бол одоо үнэхээр хүнд байна. Авлига, албан тушаалын хэрэгт орооцолдож байгаа байцаагч нар бий. Гэхдээ үнэнчээр ажиллаж байгаа МХЕГ-ын байцаагч нар ч мөн бий.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Хууль бүр дээр МХЕГ-ыг чиг үүргийг нэмэгдүүлж байна. Дээрээс нь санхүүгийн зохицуулах хороо гэж ачаагаа даахгүй нэг байгууллагатай болсон. Бүгдийг мэддэг байгууллага гэж юу байх вэ. Тиймээс мэргэжлийн холбооны хуулийг хурдан гаргаж, төрийн цомхон чадварлаг албатай болмоор байна. Ажиллаж байгаа хэдийнх нь цалин хөлс хангалуун, сэтгэл ханамжтай ажиллах бололцоог бүрдүүлэхгүй бол бага цалинтай бол ажиллахад хэцүү. Нарийн мэргэжлийн асуудлыг мэргэжлийн холбоонд нь өгөхөөс өөр гарц байхгүй. Дээрээс нь залуучууд заавал төрд орж ажиллах сонирхол нь ч багасна. Мэргэжлийн холбоондоо орж ажиллаад явна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Би Н.Учрал гишүүний хэлж байгаатай санал нэг байна. Засгийн газраас Холбооны эрхзүйн байдлын тухай хууль, Сангийн эрхзүйн байдлын тухай хуулийг өргөн барьсан. Н.Учрал гишүүний өргөн барьсан Мэргэжлийн холбоодын тухай хууль мөн бий. Дээрх хуулиудыг хэлэлцэх эсэхийг шийдчихвэл төслүүдээ нэгтгээд явах боломжтой.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

-Энэ хуулийн төслийг дэмжихгүй. Хяналт, шалгалтыг зогсоовол уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой байгаль орчин сүйднэ. Стандартын шаардлага хангахгүй барилга, хоол үйлдвэрлэл хяналтаас гарна. Эрсдэл маш их гарна. Мэдсэн ч мэдээгүй юм шиг явах ёстой юм уу. Хууль гаргаж ингэж хавтгайруулж байхаар жилийнхээ төлөвлөгөөнд өөрчлөлт оруулаад, батлуулаад явбал яадаг юм бэ.

МХЕГ-ын ирэх жилийн төлөвлөгөөт шалгалтыг Шадар сайд батлаад явдаг биз дээ. Төлөвлөгөөндөө хууль хоорондын давхардлыг арилгаж, эрсдэлийн үнэлгээ хийгээд явбал болохгүй зүйл байхгүй дээ. Харин ч татвар, нийгмийн даатгалын хяналт, шалгалтыг зогсоосон бол бизнес эрхлэгч нарт тус болох байлаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Татвар, эрүүл мэнд, нийгмийн даатгалын хяналт, шалгалтыг зогсоовол улсын төсөв бүрдэхгүй. Гишүүд бүгд л улсын төсвөөс тойрогтоо хуваарилалт хийдэг. Татварын байгууллагуудын хяналт, шалгалтын үр дүнд улсын сан хөмрөг бүрдэж байна. Шууд орлого олдог салбарын хяналт, шалгалтыг зогсоох юм бол улсын сан хөмрөг яах вэ гэдгийг эхлээд бодмоор байна. Хуульд төрийн 16 байгууллага төлөвлөгөөт хяналт шалгалтыг жилд нэг удаа хийх ёстой гэж заасан. Бүр үүрэгжүүлж өгсөн. Байгууллагуудтай хариуцлагын гэрээ хийж, төлөвлөгөөт хяналт шалгалтын давхардлыг арилгаж явуулахаа болино.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Монгол Улсад хяналтын бурхан тэнгэр бол Үндсэн хуулийн цэц. Хуулийг ч хүчингүй болгох, төрийн тэргүүнийг ч Үндсэн хууль зөрчсөн гэж огцруулах эрхтэй. Хяналтын дээд хэлбэр тунгалаг байж чадвал дээрээсээ дор хүртэл бүгд хуулийн өмнө эрх тэгш байна. УИХ-аас баталсан хуулийн дагуу Улсын дээд шүүх Цэцийн гишүүний орон тоог зарласан. Гэтэл Үндсэн хуулийн Цэцийн дарга тэтгэвэрт гарах нас нь өнгөрчхөөд байхад “Би тэтгэвэрт гарахгүй. Энэ хууль надад үйлчлэхгүй” гээд УДШ-ийн Ерөнхий шүүгчид хэрэг үүсгэсэн байна. Өөрөөр хэлбэл, ҮХЦ-д бидний анзаараагүй маш том зодоон болж байна. Бид Үндсэн хуулийг хямрал руу түлхэх нь ээ. Үүнийг анхаарахгүй орхиж болохгүй. УДШ бол хамтын удирдлагын байгууллага. Нийт шүүгчдийн хуралдаанаараа асуудлыг хэлэлцэж баталдаг. Гэтэл нэг хүн дээр хэрэг үүсгэсэн. Энэ нь УИХ-аас баталсан хуулийг Үндсэн хууль зөрчсөн байна гэвэл Г.Занданшатарт хэрэг үүсгэж байна гэсэн үг. Үндсэн хуулиасааа давсан үйлдлүүд хийж эхэллээ. Монгол Улсын бүх төрийн албан хаагчдад тэтгэврийн нас адилхан үйлчилдэг. Ийм зарчимгүй үйлдэл болж байгааг Х.Нямбаатар гишүүн мэдэж байгаа юу?

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Ийм зүйл болсон.

Зарим төрлийн төрийн хяналт, шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. 

11 : 18
2022-3-24

"Хяналт, шалгалтыг зогсоохдоо ААН-тэй хариуцлагын гэрээ байгуулна”

Гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авч байна.


УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Бизнес эрхлэгч нарт татвар, нийгмийн даатгалын дарамт, шахалт "тушаа" болж байна. Уг нь эдгээр хяналт, шалгалтыг гурван жилээр хойшлуулсан бол бодит дэмжлэг болох байлаа. Ер нь хяналт, шалгалтын талаар судалгаа хийв үү. Оны өмнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны 24 дүгээр байрны цахилгаан шат унасны улмаас хүний амь эрсэдсэн. Гэтэл цаг хугацаанд нь цахилгаан шатыг хянаж, шалгаагүйн улмаас ийм асуудал үүссэн байсан. Саяхан "Баянгол дүүргийн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн ажилтан техникийн бэлэн бус байдлаас болоод нас барсан хэрэг гарсан. Хяналт, шалгалтыг зогсоочихвол иймэрхүү эрсдэлүүд үүсэхгүй юу?

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Хуулийн төсөл боловсруулах үндсэн үүргийг УИХ Засгийн газарт 2021 оны арванхоёрдугаар сарын 30-нд өгсөн. Монгол Улсын хөгжлийг хязгаарлаж байгаа хүчин зүйлүүдийг төр аль болох үгүй хийх, зөвшөөрөл лицензийн тогтолцоогоор иргэн, байгууллагуудыг дарамталдаг үйлдлийг багасгах зорилготой. "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд энэхүү хуулийн төсөл орж ирж байна. Байгууллагууд чанар, стандартыг сахиулах үүрэг хүлээж байна. Үүний улмаас гэм хор учирвал хариуцлага хүлээдэг хуультай. 

Иргэдийн мэдээллээр төрийн хяналт, шалгалт явуулах эрхзүйн орчин нээлттэй хэвээр. Та Баянгол дүүрэгт гарсан цахилгаан шатны ослыг ярилаа. Өнөөдөр ч гэсэн төлөвлөгөөт хяналт, шалгалт хүчин төгөлдөр үйлчлээд явж байна. Энэ хугацаанд осол гарч байгаа нь бид илүү эрсдэлд суурилсан хяналт, шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох шаардлагатайг харуулж байна. Төлөвлөгөөт хяналт шалгалт зогссоноор байгууллагуудын чанар, стандарт сулрах вий гэх болгоомжлол бол бий. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-Уг хуулийн төсөлд би шүүмжлэлтэй хандаж байна. Хяналтын байгууллага бол эрсдэлд суурилж хяналтаа тавьдаг. Татвар, гаалийн байгууллага ийм зарчмаар явдаг. Эрсдэлтэй байгууллагад хийх хяналт шалгалтын давтамж өндөр байх жишээний. Эрсдэлтэй байгууллагуудын хяналт, шалгалтыг зогсоох байтугай байнга шалгалт хийхээс өөр аргагүй. Хүнс, эмийн бүтээгдэхүүн гэх мэт хүний ахуй амьдралтай холбоотой хяналт шалгалтуудыг гурван жил зогсоовол юу болох вэ. Иргэдээ эрсдэлээс хамгаалахын тулд л хяналтын байгууллагууд байдаг. Гурван жилийн дараа нөхөж хяналт, шалгалт хийхгүй гэхээр түүний улмаас иргэд, улс оронд хохирвол хэн хариуцах юм бэ. Буруутай этгээдэд хяналт, шалгалт хийх үндсэн чиг үүрэгтэй байгууллагууд нь хариуцлага хүлээхгүй үлдэх нь ээ. Ийм зүйл байж таарахгүй. УИХ-аас үүрэг чиглэл өгсөн гээд ийм хуулийн төсөл оруулж ирж байгаа нь харамсалтай. Үүнийг ажлын хэсэг нь засаад явна гээд ярьж байна лээ. Яг яаж засах нь тодорхойгүй. Ойлгомжгүй асуудал их байна. Хяналт, шалгалтын байгууллагуудын чиг үүргийг алдагдуулсан асуудалтай хууль орж ирж байна. Надад асуух асуулт алга. Би хэлэхийг хүссэн үгээ л хэллээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Засгийн газар хяналт, шалгалтын давхардлыг арилгахын тулд хэд  хэдэн ажил зохион байгуулж байна. Ирэх тавдугаар сард Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, нэг байгууллагад хэд, хэдэн төрийн хяналт шалгалт давхардаж хийгддэг. Үүнийг бүхэлд нь таслан зогсооно.

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барихаар Засгийн газар бэлтгэсэн. Өнгөрсөн хугацаанд 280 гаруй хууль тогтоомж дээр зөрчил оногдуулж байгаад дүн шинжилгээ хийсэн. Үүний үндсэн дээр зарим төрлийн зөрчлүүдийг үндсэнд нь арилгасан. Үүнтэй адилхан Төрийн хяналт, шалгалтын тухай хуулиар давхардсан хэд хэдэн хяналт, шалгалтыг арилгаж, нэг байгууллага нэг төрлийн хяналт, шалгалтыг тухайн байгууллагад хийх тогтолцоо руу шилжинэ. Ё.Баатарбилэг гишүүний хэлсэн эрсдэлд суурилсан төрийн хяналт, шалгалтыг хийж, үлдсэнийг нь зогсоох боломжгүйг хэлье. Өөрөөр хэлбэл, эрсдэлд суурилсан гэвэл бүх хяналт, шалгалт эрсдэлтэй гэх дүгнэлт бий. Үүнийг зааглаж мөлжиж, хяналт шалгалт оруулж ирнэ гэвэл төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зогсоох ямар ч хяналт, шалгалт үлдэхгүй. Гагцхүү шууд орлого бүрдүүлдэг эрүүл мэнд, нийгмийн даатгал, татварын хяналт шалгалтуудыг тогтмол хэвээр үлдээе.

Бусад байгууллагуудын хийдэг хяналт, шалгалтуудын төлөвлөгөөт хяналт шалгалт гэх нэртэй дарамтыг нь бууруулах зорилготой. Байгууллагууд гурван жилийн хугацаанд хууль тогтоомжоор хүлээсэн үүрэг, хариуцлагаа хэрэгжүүлж биелүүлэх ёстой. Хор, хохирол учирсан тохиолдолд өөрсдөө хуулийн хариуцлага хүлээнэ гэх хариуцлагын гэрээ байгуулна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж:

-Иргэд хяналт, шалгалтын байгууллага гэхээр дан ганц МХЕГ гэж ойлгоод байдаг. МХЕГ-аас байцаагчийн эрх авдаг 16 төрийн байгууллага бий. Эдгээр байгууллага 1290 орчим байцаагчтай. Тэгэхээр төрийн 17 байгууллага гурван жилийн хугацаанд зөвхөн төрийн болон төрийн өмчийн оролцоотой байгууллага дээр төлөвлөгөөт хяналт, шалгалт хийнэ. Ганцхан байгууллагууд дээр гурван жилийн хугацаанд төлөвлөгөөт хяналт, шалгалт хийхгүй. Төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг иргэдийн өргөдөл, гомдол мэдээллийн дагуу хийнэ. Ингэхээр МХЕГ-ын бүх ажил зогсох мэтээр ойлгож болохгүй.

МХЕГ ганцхан төлөвлгөөт хяналт, шалгалт хийдэггүй. Төлөвлөгөөт хяналт шалгалт бол МХЕГ-ын хийдэг нийт ажлын 30 хувь нь. Төлөвлөгөөт бус хяналт шалгалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна. Тандан судалгаа, хяналт шинжилгээ, зөвлөн туслах ажиллагаа хийдэг. Гурван жилийн хугацаанд энэ ажлуудаа илүү эрчимтэй хийнэ. МХЕГ 2002 онд байгуулагдсан. 2010 он хүртэл эрсдэлд суурилсан хяналт, шалгалт хийдэггүй байсан. 2010 онд хуульд өөрчлөлт оруулж эрсдэлд суурилсан хяналт, шалгалт хийдэг болсон.

Эрсдэл нь бага, дунд, их гэсэн гурван түвшинтэй. 2020 оны байдлаар 210 мянган ААН байгууллагын 160 мянгыг нь эрсдэлтэй гэж үзээд, 10 мянга орчимд нь төлөвлөгөөт хяналт, шалгалт хийсэн. Төрийн 17 байгууллагын давхардсан хяналт, шалгалтууд бий. МХЕГ ч гэсэн дотроо дүүрэг, нийслэл, Ерөнхий газар гэж хуваагдаж, бизнес эрхлэгч нарт дарамт учруулж байна. Гурван жилийн хугацаанд үүнийг больж, чөлөөт зах зээлийн зарчмаар явна. Төр бизнес эрхлэгч нартаа итгэдэг болъё. Төрийн хяналт, шалгалт зогсохоор байгууллагууд дотоод хяналт, шалгалт хийдэг болно.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

-Миний хувьд богино хэмжээний хууль гаргах шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь ирэх тавдугаар сард Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихаар төлөвлөж байна. Тиймээс богино хугацааны хууль дахин батлах шаардлагагүй. Харин байцаагч нарын ёс зүйтэй холбоотой асуудал дээр онцгой анхаармаар байна. Торгох шийтгэлийг нь болиод, сануулдаг хэлбэр рүү оруулахын тулд заавал хууль баталж хэрэгжүүлэх хэрэггүй.

Зарим төрлийн хяналт шалгалтыг үйл ажиллагааг түр зогсооно гээд яриад л байна. Яг ямар төрлийн хяналт шалгалт нь ороод байгаа юм бэ. Хэдэн хүнд тус болох гэж байж нийт ард түмний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, төрийн өмчийн ашиглалт, хамгаалалт зарцуулалттай холбоотой бодлогыг алдагдуулах юм биш биз дээ. Уг хуулийн эрсдэлийн хариуцлагыг УИХ хүлээх юм уу. Тэртээ тэргүй тавдугаар сард Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл орж ирэх учраас хэлэлцэхгүй өнгөрвөл болохгүй юу. Хяналт шалгалтыг зогсоох гэж байгаа бол төрийн байгууллагуудын бүтэц орон тоонд өөрчлөлт орох юм уу. Уг нь багасах ёстой.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Т.Энхтүвшин гишүүн өөрөө МХЕГ-ын улсын байцаагч байсан хүн шүү дээ. Төрийн хяналт, шалгалтын болон бусад холбогдох хуулиудад жилд нэг удаа тогтмол болон төлөвлөгөөт хяналт, шалгалт явуулах хуультай. Энэ хуулийг Ерөнхий сайд ч юм уу, хэн нэгэн албан тушаалтан чиглэл өгөөд, хуулийн үйлчлэлийг зогсоож болохгүй. Нэг талдаа бизнес эрхлэгчдээ чөлөөлнө гэж хэлчхээд уламжлалт тогтолцооноосоо салж чадахгүй байгаа Т.Энхтүвшин гишүүнд харамсч байна. Эрсдэл үүсвэл мэдээж гэм буруутай этгээд хариуцдаг хуультай. Төлөвлөгөөт гэж тусгайлан зааж өгсөн жил бүр хийгддэг шалгалтуудыг зогсооно. Жилд дунджаар 10 мянга гаруй байгууллагад хийгддэг хяналт, шалгалтуудыг түр зогсооё л гэж байна.

10 : 00
2022-3-24

УИХ-ын Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зарим төрлийн төрийн хяналт, шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Тодруулбал, уг хуулийн үйлчлэл гурван жилийн хугацаанд буюу 2022 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл хэрэгжинэ.

Төрийн хяналт шалгалтын улмаас хүнд суртал нэмэгдэж, бизнес эрхлэгчдэд дарамт учирч байна гэсэн ойлголт олон нийтийн дунд түгээмэл байгаа нь олон удаагийн судалгаа, тэдгээрээс гарсан дүгнэлтэд дурдагдсан байдаг. Тухайлбал, 2020 оны байдлаар бизнесийн салбарын ажилтнуудын тоо 50 хувь буурсан бөгөөд бусад хүчин зүйлс нөхцөл байдлыг улам дордуулсныг дараах байдлаар хариулжээ.

Авлига, хээл хахууль, төрийн хүнд суртал бизнест хамгийн их тээг болж байгааг мөн санал нэгтэй хэлж, эдийн засаг, засаглал, хууль эрх зүйн орчин хамгийн муу үнэлэгджээ.

Төрийн байгууллагын авлига, хээл хахууль, хүнд суртал, шударга бус байдал анхаарал татахуйц байгаа юм. Учир нь бизнес эрхлэхэд эдгээр зүйлс хамгийн их саад болдгийг бизнес эрхлэгчдийн дийлэнх тодорхойлсон байна. 

ДЭЭРХ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ОНЦЛОХ ЗААЛТУУД

Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор гурван жилийн хугацаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллээр, эсхүл эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан тохиолдолд төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийхээр заажээ.

Мөн төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхэд зөрчил илэрсэн бол тэргүүн ээлжид зөвлөн туслах, сануулах шинжтэй албан шаардлага хүргүүлнэ. Түүнчлэн энэ хуулийн үйлчлэх хугацаа дууссан нь төрийн хяналт, шалгалтыг нөхөж хийх үндэслэл болохгүй.

Энэ хуулийн төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зогсоох, үйл ажиллагааг шууд зогсоохоос бусад төрлийн зөрчилд тэргүүн ээлжид зөвлөн туслах, сануулах шинжтэй албан шаардлага хүргүүлэх тухай зохицуулалт нь Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, татвар, гааль, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан эрх бүхий байгууллагаас хийх хяналт шалгалтад хамаарахгүй.

Хяналт, шалгалтын үр дүнд торгууль ногдуулах бус, эхлээд зөвлөн туслах шинжтэй албан шаардлага хүргүүлэх нь хяналт шалгалтын байгууллага иргэдэд илүү ойр байж, тэдэнд үйлчилгээ үзүүлэх, туслах, дэмжих чиг үүргийг хэрэгжүүлдэг болоход ач холбогдолтой гэж үзжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж