Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/ Их эе хурлаа ирэх дөрөвдүгээр сарын 9-ний өдөр зохион байгуулахаар болжээ. Тус холбооны мэдэгдэлд “Холбооны дүрмийн 11.2.2-т “МҮБХ-ны цэцдийн зөвлөлөөс Их эеийн товыг зарлаж, төлөөлөгч сонгох журмыг батална”, мөн дүрмийн 11.2.1-д “МҮБХ-ны удирдах дээд байгууллага нь Их эе байна. Их эе дөрвөн жил тутамд 256-аас доошгүй төлөөлөгч хуралдана”, 11.18-д “Цэцдийн зөвлөл МҮБХ-ны ээлжит Их эеийн товыг зарлана” хэмээн тус тус заасан.
Үүнийг үндэслэн 2022 оны гуравдугаар сарын 21-ны өдрийн “Цэцдийн зөвлөл”-ийн гишүүдийн цахим хурлаас нийт 67 гишүүний 46 нь “Ээлжит Их эеийг 2022 оны дөрөвдүгээр сарын 9-ний Бямба гаригт хуралдуулна” гэсэн саналыг дэмжсэн тул ээлжит Их Эеийг 2022 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр хуралдуулахаар тогтов” гэжээ.
Өнгөрсөн онд болсон ээлжит бус Их эе хурлын үеэр тус холбооны шинэ тэргүүнээр улсын заан Ц.Магалжавыг сонгосон. Харин допинг, цолны эрэмбэ, барьц сонгооны асуудал, цол нөхөн олгох, хураах талаар дорвитой шийдэлд хүрч чадаагүй билээ.
УИХ-ын энэ хаврын чуулганаар Үндэсний баяр наадмын тухай хуулийг хэлэлцэх бөгөөд үүнтэй холбогдуулан Их эе хурлын үеэр зарим шийдэгдээгүй асуудлуудаа төлөөлөгчид зөвлөлдөж, нэгдсэн санал гарах биз.
Холбоотой мэдээ