“Алтан тариа” тайлбар гаргалаа

Хуучирсан мэдээ: 2010.08.19-нд нийтлэгдсэн

“Алтан тариа” тайлбар гаргалаа

“Алтан тариа” компанийн гурилнаас мөнгөн ус илэрсэн талаар дуулиан дэгдээд байгаа. Энэ талаар тус компаниас тайлбар, мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд:
“Гурилын үйлдвэрт мөнгөн ус хэрэглэгддэггүй бөгөөд энэхүү шоу нь цаанаа захиалагчтай, хэсэг бүлэг хүмүүсийн манай компанийн нэр хүндийг унагаж өөрсдийн бизнесээ цэцэглүүлэх гэсэн бусармаг хар үйл ажиллагаа гэдгийг иргэд та бүхэн ухамсарлан ойлгож байгаа гэдэгт найдаж байна.  

Гурилын үйлдвэр нь буудай шинжлэх, хүлээн авах, цэвэрлэх, тээрэмдэж гурил болгох, гурил савлах, борлуулах гэсэн үндсэн дамжлагуудтай.  Бүх дамжлага автоматжуулсан компьютерын нэгдсэн удирдлагатай бөгөөд дамжлага бүрт 2 цаг тутам мэдрэхүйн эрхтний болон үндсэн үзүүлэлтүүдийн шинжилгээг тогтмол хийдэг онцлогтой.

Эндээс харахад гурилын үйлдвэрт огт хэрэглэгддэггүй мөнгөн ус гурилд үйлдвэрлэлийн явцад орох ямар ч үндэслэл байхгүй бөгөөд  дэлгүүрийн лангуу, агуулах болон, гэрт хадгалагдахдаа ахуйн шинжтэйгээр гурил руу дамжин орсон байх магадлалтай юм. Зориуд санаатайгаар гурил руу хийсэн үйлдэл ч байж болно.

Дээжинд хийсэн шинжилгээний эцсийн хариу гараагүй байгаа бөгөөд энэхүү хариу гарснаар олон зүйл тодорхой болж шударга үнэн ялах байх гэж хүлээж байна.

Бид компанийн нэр хүндэд халдсан энэхүү зохиомол хэргийн цаад эздийг тогтоож, шүүх цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлэх болно” гэсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж