Монгол Улсын орлогын “үүд” хаагдаад багагүй хугацаа өнгөрч байна. Цар тахал, өвөл зуны олимп зэргээс шалтгаалан урд хөрш хилээ хязгаарлаж, экспорт ч дагаад буурав. Улмаар валютын орлого тасарч, нөөцийн хомсдолд орж байгааг ч төв банкнаас мэдэгдээд байгаа. Өнгөрсөн онд экспортоос 8.5 тэрбумын орлого олсны 92 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн. Гэтэл он гарснаас хойш экспортын орлого өмнөх оны мөн үеэс 20 орчим хувиар буурсан, хэвийн хэмжээнээс доогуур дүнтэй гарч. Харамсалтай нь, 286 км-ийн цаана хар алтны эрэлт нэмэгдэхийн хэрээр үнэ нь өсч буй энэхүү алтан боломжийг бид ашиглаж чадахгүй байгаагаа Сангийн сайд Б.Жавхлан ч хүлээн зөвшөөрсөн юм.
Дэлхийн зах зээлд өнөөдөр зэс 10 мянга, нүүрс 100 ам.доллар давсан ч бидэнд хүртээлгүй. Нүүрсээ зарахдаа урд хөршийг хилээ нээхийг хүлээхээс өөр сонголт алга. Хятадын тал нэг үеэ бодвол хилээр гарах ачаа тээврийн тоог нэмэгдүүлж байгаа ч энэ нь баярлах шалтгаан биш. Хилийн боомтууд нь “тэг” зогссон үед экспортын гол суваг болох Гашуунсухайт боомт амьтай төдий ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар өдөртөө 200 орчим тээврийн хэрэгсэл хилээр гарч байна. Энэ тоог 100-гаар нэмэгдүүлж, ирэх долоо хоногоос 300, улмаар 500 хүргэхээр төлөвлөж байгаа аж. Үүнийг цар тахлын өмнөх үетэй харьцуулахад хангалтгүй үзүүлэлт болохыг салбарын төлөөллүүд хэлж байгаа юм.
ХИЛЭЭР ГАРГАХ АЧАА ТЭЭВРИЙН ТОО БЭЛГЭ ТЭМДЭГ ТӨДИЙ БАЙНА
“Монгол нүүрс ассоциаци”-ийн Гүйцэтгэх захирал Ж.ЗОЛЖАРГАЛ:
-Хилээр гарах ачаа тээврийн тоог нэмэгдүүлж ирэх сараас 300 болгож байгаа нь хангалтгүй үзүүлэлт. Уртын тээврийг эхлүүлэх хэмжээнд ч хүрэхгүй, бэлгэ тэмдэг төдий л болов уу. Уг нь 1000-2000 автомашин гарах ёстой. Өнөөдөр богинын тээврийг нэмэгдүүлэхийн тулд Хятадын талтай тохирох ёстой. Хэрэв хилээр нэвтрэх ачаа тээврийн тоо нэмэгдвэл уртын тээврийг эхлүүлэхэд тохиромжтой болно. Харин хилээр нүүрс нэвтрүүлэхгүй байхад уртын тээврийг эхлүүлсэн ч ач холбогдолгүй гэж харж байна.
АЛДАГДСАН БОЛОМЖИЙГ ТООЦОХ ШААРДЛАГАТАЙ
Эдийн засагч С.БЯМБАХОРЛОО:
-Уртын тээврийг эхлүүлэх боломж бүрдсэн ч Хятадын талтай тохиролцоонд хүрэх ёстой болов уу. Хэлэлцээр ямар болохоос шалтгаалах байх. Ирэх сараас хилээр гарах ачаа тээврийн тоог 300-гаар нэмэгдүүлж байгаа нь ч хангалтгүй. Өдөрт 1000 ачаа тээвэр гаргах нөөц хүчин чадал бидэнд бий. Гол асуудал нь боломж хязгаарлагдчихаад байна. Уг нь хилийн цаана нүүрс эрэлттэй, худалдан авах хүсэлтэй байна. Гэвч шалган нэвтрүүлэх постод асуудал үүсч байгаа юм. Иймд үүнийг өргөтгөх боломжийг бид судлах ёстой. Ерөнхийдөө бид хилээр нүүрсээ нэвтрүүлэх боломжийг Хятадын талд танилцуулах хэрэгтэй.
Өнөөдрийн нөхцөл байдлыг харахад энэ онд төлөвлөснөөр 37.6 сая тонн нүүрсээ экспортлох боломжгүй. Экспортын хэмжээ өнгөрсөн оны түвшинд ч хүрэхгүй байна. Хэрэв уртын тээврийг эхлүүлж, богинын тээврээ нэмэгдүүлж чадвал ийм боломж нь үүсч магадгүй. Том зургаар нь харвал аль хэдийнэ төмөр замын асуудлыг шийдсэн бол ачаа тээвэрлэлт гацахгүй байлаа. Өнгөрсөн хугацаанд алдагдсан боломжийг яривал хэчнээн их наяд төгрөг Монгол Улсын эдийн засагт нөлөө үзүүлж байгааг тооцох шаардлага бий. Монгол Улсын экспортоос ам.долларын орлого олох боломжийг л боомилсон үйл ажиллагаа болж байна. Нэн тэргүүнд төмөр замын асуудлаа шийдэх ёстой. Өнөөдөр хүүхдийн машинаар шороо зөөж байгаа юм шиг л нөхцөл байдал харагдаж байна.
Хэрэв цар тахал намжиж, халдварын тархалт хумигдвал 300-гаас ч илүү тээврийг нэвтрүүлэх боломжтойг Хятадын талаас илэрхийлснийг холбогдох байгууллагууд мэдээлж буй. Нэг үеэ бодвол Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэрлэлт хэвийн болж байгаа ч хүний нөөц, техник тоног төхөөрөмж шаардлагатай байгаа аж. Тус боомтоор энэ сарын 12-ноос хойш өдөрт 30 чингэлэг тээврээр, мөн үндсэн тээврээр өдөрт 200 тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрч байна. Өмнө нь өдөрт 20 чингэлэг, 100-150 орчим тээврийн хэрэгсэл гарч байв. Мөн цаашид экспортын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд Шивээхүрэн, Ханги, Боршоо, Булган зэрэг бусад боомтыг нээхээр төлөвлөж байгаа аж.
БОГИНЫН ТЭЭВРИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ОВООРСОН НҮҮРСЭЭ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ
Нүүрс тээвэрлэлтийн талаар Гашуунсухайт боомтын Бүрэн эрхэт боомтын захиргааны мэргэжилтэн Ш.Эрдэнэжаргалаас тодруулав.
–Ирэх сараас хилээр гарах ачаа тээврийн тоог 300-гаар нэмэгдүүлж байгаа талаар мэдээлсэн. Энэ тоог цаашид нэмэгдүүлэх боломжтой юу?
-Хятадын талаас энэ оны нэгдүгээр сараас хойш цагаан сарын баяр өнгөртөл өдөрт дунджаар 100 орчим тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх квот олгосон. Тухайн үед Монголоос хил гарсан жолооч нараас эерэг тохиолдол батлагдах үед заримдаа 26 автомашин хилээр нэвтрүүлж байв. Бид Ганцмод боомтын зөвлөлтэй тохирч, квотыг үе шаттайгаар нэмэгдүүлсээр өдөртөө 150 автомашин хилээр гаргадаг болсон. Энэ сарын 12-оос квотыг нэмэгдүүлж, өдөрт 220 орчим ачаа тээврийн машин хилээр гарч байна. Энэ тоог ирэх долоо хоногоос нэмэгдүүлж, 300 болгохоор төлөвлөж байна. Цаашид квотыг нэмэгдүүлж, 500 ачаа тээврийг хилээр гаргахаар тооцсон.
–500 гэдэг нь арай бага тоо биш үү. Хятадын талаас Монгол Улсад ямар шаардлага тавьж байна вэ?
-Мэдээж Хятадын талын бодлогыг харна. Тус улсад Covid-19-ийн давлагаа эхэлсэн тул бид эрсдэлийг тооцож бага багаар квотыг нэмэгдүүлж байна. Сар хүрэхгүй хугацаанд 500 хүртэл тээврийн хэрэгслийг хилээр гаргахаар төлөвлөж байна. Хятадын талаас нэн тэргүүнд халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх шаардлага тавьж байгаа юм. Халдвар хамгааллын дэглэмээ сайн барьж чадвал нүүрс, зэсийн баяжмал ачаа каргог боломжийн хэмжээнд гаргах боломжтой. Нэгдүгээр сараас хойш нүүрс тээвэрлэлт урагшилсан уу гэхээс гацаагүй.
–Халдвар хамгааллын дэглэмийг хангалттай сахиулж, хорио цээрийн дэглэмийг мөрдөж чадаж байна уу. Эрсдэлээ хэрхэн тооцож байна вэ?
-Халдвар хамгааллын дэглэмийг сахиулахад Цагаан хад бүсэд шуурхай штабын үйл ажиллагаа, харуул хамгаалалт, халдвар хамгааллын дэглэмийг сайжруулахаар ажиллаж байна. Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд эерэг тохиолдол алдах тохиолдол гараагүй. Бид Хятадын талд эерэг тохиолдлыг алдахгүй байхыг хичээж байна. Иймд онцгой чиглэлээр ажиллаж байна. Ер нь Монголд цар тахлын үеийн дотоодын нөхцөл байдал суларсан. Гэхдээ хилийн боомтод ногоон бүсийг алдахгүй байхад хорио цээрийн дэглэмийг сулруулаагүй. Ерөнхийдөө хилийн боомтод нэг ч сул зогссон жолооч байхгүй. Нийт ажилтай, орлоготой 4000 орчим жолооч байна.
–Терминал тээвэр ажиллаж байгаа юу?
-Терминал тээврийг өнгөрсөн хоёрдугаар сараас хөдөлгөөд байна. Өдөрт дунджаар 20 чингэлэг тээвэр нэвтрүүлж байсан бол туршилтаар анх удаа 180 болтол гаргаж үзлээ. Одоогоор үндсэн өдөрт 30 чингэлэг тээврээр гаргаж байна.
–Нүүрс тээвэрлэлтийг нэмэгдүүлж байгаа нь нааштай ч уртын тээврийг эхлүүлэх боломж байна уу. Өнөөдрийн нөхцөлд богинын тээврийн тоо хангалттай хэмжээнд хүрэхгүй байна шүү дээ?
-Монгол Улсын хилийн 10 боомтоос хамгийн өндөр ачаалал авч байгаа нь Гашуунсухайт. Өдөрт нүүрс тээврийн 600-700 орчим контейнер гаргаж байна. Мөн "Оюутолгой"-н зэсийн баяжмал 36 тээвэр гарч байна. Цар тахлын үед боломжийн хэмжээнд ажиллаж байна. Гэхдээ Цагаан хад орчимд овоорсон, Хятадын талаас худалдан авсан нүүрсийг яаралтай гаргахын тулд уртын тээврийг эхлүүлэх шаардлагатай, дөрөвдүгээр сарын 2-ноос эхлүүлэхээр төлөвлөж байна. Богинын тээврийг нэмэгдүүлсэн учраас уртын тээврийг эхлүүлж байна гэж ойлгож болно. Уртын тээврийг эхлүүлэх нь улсын эдийн засагт хамгийн чухал ач холбогдолтой.
–Хятадын талаас худалдан авсан ч уурхайн аманд овоорсон хэчнээн тонн нүүрс байна. Богино хугацаанд гаргах боломж бий юу?
-Цагаан хад орчимд 9 сая орчим тонн нүүрс овоорсон байснаас одоо 4.9 сая тонн орчим нүүрс байна. Өдөр бүр богинын тээврийг нэмэгдүүлж чадвал зарагдсан нүүрсээ богино хугацаанд гаргана. Богинын тээвэр оргил үедээ өдөртөө 2000 хүрч байсан.
Холбоотой мэдээ