Катар-2022 хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн сугалаа дөрөвдүгээр сарын 1-ний өдөр болох хуваарьтай. Одоогоор 15 улс дэлхийн аваргад оролцох эрхээ аваад байна. Үлдсэн 17 баг ирэх өдрүүдэд тодорно. Европ тивийг төлөөлж, нийт 13 баг оролцох бөгөөд арван баг нь хэдийнэ эрхээ авсан. Харин үлдсэн гурван эрхийн төлөө 11 улс өрсөлдөж буй. Тодруулбал, хатуу самар Шотланд, Бэйлийн Уэльс, Европын аварга Итали, Роналдогийн Португал, Златаны Швед тэргүүтэй улсууд бий.
Оросын шигшээ баг дэлхийн аваргын эрхийн төлөө Польштой тоглох байсан ч тус улс Украин руу довтолсны дараа тэмцээнд оролцох эрхээ хасуулсан. Мөн Украины шигшээ багийн Шотландтай хийх тоглолт зургадугаар сар хүртэл хойшилсон.
Гурван хэсэгт хуваагдаад буй 11 улсын зөвхөн гурав нь л эрх авна. Тэдний хэн нь Бельги, Хорват, Дани, Англи, Франц, Герман, Нидерланд, Серби, Испани, Швейцарь зэрэг улсуудтай хамт тивээ төлөөлж дэлхийн аваргад оролцох вэ гэдэг сонирхол татаж байна.
А хэсэг – Хүч тэнцүү тулаан
Энэ хэсэгт багтсан Австри, Шотланд, Украин, Уэльс гэсэн дөрвөн багийг хүч тэнцүү гэхэд хилсдэхгүй. Давид Алаба, Марко Арнаутович зэрэг шилдгүүдтэй Австрийн шигшээ Кардифф хотод Бэйл, Рамсигийн Уэльстэй тоглоно. Ялагч нь Шотланд-Украины хэн ялсантай нь ганц эрхийн төлөө шийдвэрлэх тоглолт хийнэ.
B хэсэг – Златан уу? Левандовски юу?
Чех, Швед, Польш гэсэн хөлбөмбөгийн баялаг түүхтэй гурван улсын нэг нь л Катарыг зорино. Хэдийгээр Орос улс энэ хэсэгт багтсан ч Украины асуудлаас болж, хасагдсан. Тэд уг нь Польштой тоглох хуваарьтай байсан юм. Ингэснээр Чех-Швед багуудын ялсан нь Польштой учраа таарна.
С хэсэгт – Роналдо, Европын аваргуудын эсрэг
Европын аварга Итали болон дэлхийн хөлбөмбөгийн хоёр ноён оргилын нэг Роналдогийн Португалын шигшээ багууд нэг хэсэгт орсон. Тэдний нэг нь л дэлхийн аваргад оролцоно гэхээр тун харамсалтай. Итали хагас шигшээд Умард Македоны шигшээ багтай тоглох бол Португал Турктай учраа таарсан. Туркийн шигшээ ч Португалыг мултлахыг үгүйсгэхгүй.
Дээрх тоглолтууд өнөөдөр /2022.03.24/ эхэлж байна.
Ази тивийн тухайд Иран, Өмнөд Солонгосын шигшээ багууд эрхээ авсан. Харин үлдсэн шууд оролцох хоёр эрхийн төлөө Саудын Араб, Япон, Австрали гэсэн гурван улс өрсөлдөж байна. Өнөөдөр Японы шигшээ Австралийг хожвол Саудын Араб, Япон хоёр Катарыг зорих нь 99 хувийн баталгаатай болно.
Африкт Катарыг зорих таван эрхийн төлөө 10 улс үлдээд байна. Кот-д’Ивуар, Габон, Өмнөд Африк тэргүүтэй орнууд аяллаа өндөрлүүлсэн бол Алжир, Камерун, Египет, Гана, Морокко, Нигерь тэргүүтэй арван орон таван эрхийн төлөө тоглоно. Эдгээр багуудын тоглолт маргааш эхэлнэ. Конго-Морокко, Мали-Тунис, Камерун-Алжир, Гана-Нигерь, Египет-Сенегал гэсэн таван учраа бид бүхнийг хүлээж байна.
Салахын Египетийн эсрэг Африк тивийн аварга Сенегал. Энэ хоёр багийн нэг нь л ирэх өвөлд Катарт очно.
Хойд, Төв Америк, Карибийн тэнгисийн бүс нутаг дэх дэлхийн аваргын тэмцэл мөн ширүүссэн. Одоогоор Канад, АНУ, Мексик, Панам зэрэг улсууд хүснэгтийг тэргүүлж байгаа ч эхний таван багийн онооны зөрүү ойрхон өрсөлдөөнтэй байна. Тэдний гурав нь дэлхийн аваргад шууд оролцох эрхээ авна.
Өмнөд Америкт ч том багууд барьц алдсан. Тус тивд дэлхийн аваргыг шууд зорих дөрвөн эрх бий. Бразил, Аргентин хоёр эрхээ авсан учир үлдсэн хоёр эрхийн төлөө Экуадор, Уругвай, Перу, Чили, Колумби зэрэг улс өрсөлдөж байна. Тэдэнд одоо хоёрхон тоглолт үлдсэн. Маргаашаас шийдвэрлэх тоглолтууд эхэлнэ.
Холбоотой мэдээ