Малчдыг хашаажуулах төсөл "мөнгө угаалт" уу?

Хуучирсан мэдээ: 2022.03.24-нд нийтлэгдсэн

Малчдыг хашаажуулах төсөл "мөнгө угаалт" уу?

Малчдыг хашаажуулах төсөл "мөнгө угаалт" уу?

Азийн Хөгжлийн банк /АХБ/-наас 30 сая ам.долларын зээл авч, Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн хил залгаа 20 сумын 14 мянган малын хашаа хороог сайжруулах асуудал олон нийтийн шүүмжлэл дагуулав.

Монгол Улс, АХБ хоорондын зээлийн хэлэлцээрүүд, Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төслийн танилцуулгад дурдсанаар “11660 малчныг хамарсан бэлчээр ашиглах 646 гэрээ байгуулж, малчдад зориулан 14000 малын хашаа хороог сайжруулах, 382 шинэ усны худаг барих, сэргээн засварлах, 14000 хадлангийн талбай, өвсний агуулах барих замаар малын тэжээлийг сайжруулна” гэжээ. Дээрх төслийг өчигдөр /2022.03.23/ УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хэлэлцээд,  гишүүд дэмжээгүй буцаасан.

Энэ үеэр ХХААХҮ-ийн  сайд З.Мэндсайхан “Төслийн танилцуулга дээр орчуулгын алдаа гарсан байна. Төрийн захиргааны нэгж, яаман дээр бэлчээр техникийн хэлтэс байгуулах, 14 мянган малын хашааг янзлахгүй. Сангийн яам буруу орчуулсан байна” гэсэн нь анхаарал татав. Харин Сангийн сайд Б.Жавхлан “Төслийг хэрэгжүүлэгч яам нь англи, монгол хэл дээр бэлдээд, Сангийн яаманд ирүүлдэг. Түүнээс биш Сангийн яам орчуулга хийдэггүй” гэх зэргээр ам зөрөв.

Угтаа бол энэ төсөл Засгийн газрын оруулж ирсэн төсөл боловч гишүүдийн шүүмжлэл дагуулснаас үүдэж, Засгийн газрын хоёр сайд нь хоорондоо ам зөрж, төслөө хамгаалж чадсангүй.

"ТӨРИЙН АЛБАНД ХАРИУЦЛАГАГҮЙН ЗУД НҮҮРЛЭСЭН БАЙНА"

Энэ талаар эдийн засагч Д.Ангар “Нэгэн цагт гадаадын зээл тусламжаар хэрэгждэг төсөл, хөтөлбөрүүдийг хариуцдаг байсан хүний хувьд харахад төрийн алба маш чадваргүй болжээ. Төрийн албанд хариуцлагагүйн зуд нүүрлэсэн байна. Төрийн дээд байгууллага болох  УИХ-д оруулсан зээл буюу бодлогын бичиг баримтыг хэн орчуулсан нь мэдэгдэхгүй хэмжээнд хүрсэн байна. ХХААХҮЯ, Сангийн яам орчуулгын алдааг хоёр бие рүүгээ чихсэн. Үүнээс харахад хоёр яамны төлөөлөл энэ төсөл дээр хариуцлагатай суугаагүй гэсэн үг. Урсгалааар нь явуулчихсан. Төрийн албанд маш олон шатны дарга нар байдаг. Хэлтсийн даргаас авхуулаад сайдын түвшинд хүртэл төслийн танилцуулгыг хэн нь ч харж, нягтлаагүй.

Уг төсөл тэдний нүдэнд  тендер, их мөнгө болж харагдсанаас биш бичиг баримт боловсруулалт тал дээр мэргэжилтэн нь суугаагүй бололтой.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаас харахад ажлаа мэдэж байгаа хүн алга. Өмнөөс нь ичмээр. Сайд болон асуудал хариуцсан газрын дарга, мэргэжилтнүүд нь төслийн талаар ойлголтгүй. ХХААХҮЯ уг төслийг зөвхөн тендер, мөнгө гэж  хараад хүрэх үр дүн зорилго, төслийн дизайнаа мартсан. Тендерийн цавчаа худалдан авалт сул мөнгө талаас нь харсан юм болов уу. Үүнээс харахад Монголын төрийн алба эмгэнэлтэй байдалд оржээ” гэлээ.

Цар тахал, дайн байлдаан гээд дэлхийн эдийн засагт нүүрлэж буй хямрал монголчуудыг тойроогүй. Урд хөрш хаалттай, хойд хөршийн дайн зэргээс болж нийгэм, эдийн засгийн амьдрал тогтворгүй эмзэг байна.

Засгийн газрын гадаад өр гэхэд 33.2 тэрбум ам.долларт хүрсэн. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын гадаад өр дотоодын нийт бүтээгдэхүүний 240 хувьтай тэнцэж байна. Ийм үед заавал АХБ-аас 30 сая ам.долларын зээл авах  шаардлагатай юу гэвэл үгүй.

Ядаж байхад 2022 онд “Чингис” бондын 140 орчим сая ам.доллар, 2023 онд “Гэрэгэ” бондын 540 орчим сая ам.доллар, “Самурай” бондын 300 орчим сая ам.доллар эргэн төлөгдөнө.  Хэрэв эдгээр төлөлтийг дахин санхүүжүүлж чадалгүй, төлөх шаардлага үүсвэл гадаад тэнцвэрт байдал алдагдах эрсдэлтэй байгааг Монголбанк анхааруулсан удаатай.

"ТӨР ЭХЛЭЭД МАЛЫН ӨВЧЛӨЛӨӨ ДАРЧИХ"

Дээрх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай эсэх талаар эдийн засагч Д.Ангар “Өнөөдөр мал аж ахуйн салбар маш хүнд байгаа нь үнэн. Эрс шинэчлэл хийх ёстой. Үүний тулд төр эхлээд хөрөнгө, мөнгө зарцуулаад, малын өвчлөлөө дарчих. Бусад ажлыг төр бодлого,  зохицуулалтын хүрээнд хийх ёстой. Хөдөө орон нутагт шүлхий, мялзан, боом өвчин гарч, малчид малдаа маш их хэмжээний антибиотик тарьж байна. Хотын иргэд антибиотикийн үлдэгдэлтэй мах идэж байна. Энэ бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд ярих асуудал. Малын өвчлөлийг бууруулах төсөл санаачилсан бол олон нийт, УИХ-ын гишүүд ч гэсэн дэмжих байсан. Эдийн засагч хүний хувьд би ч гэсэн дэмжих байлаа.

УИХ баталж Засгийн газар хэрэгжүүлж байгаа төслөөр малчны хашаа хороог янзлаад хадаас хадаад зогсоно гэдэг утгагүй. Уг төсөл хашаа барих, худаг гаргана гэх зэргээр хэт аж ахуйн шинж чанартай буюу бизнесийн шинж чанартай ажил руу төр оролцох гээд байгааг би хувьдаа дэмжихгүй.

Төр зөвхөн шийдвэр гаргах ёстой. Гэтэл сүүлдээ аж ахуйн үйл ажиллагаа руу орж байна. Өрийн таац тулсан үед АХБ-аас зээл авах ямар ч шаардлагагүй. Ийм бохир дизайнтай, хүрэх үр дүн нь тодорхойгүй, улсыг өрөнд оруулсан татвар төлөгчдийг өрийн хавханд оруулсан зохимжгүй төслийн бичиг баримтыг АХБ зөвшөөрснийг гайхаж байна. Уг төслийг УИХ руу оруулсан нь АХБ Монгол Улсад хэт хүндэтгэлгүй хандаж байгаагийн илрэл. Үүнд Монголын төр, ХХААХҮЯ, Сангийн яам дүгнэлт хийх хэрэгтэй. УИХ-аас АХБ-ны төв рүү захиа явуулах ёстой гэж үзэж байна. АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар гэдэг байгууллага хэрүүлийн алим тарьдаг байгууллага болох гээд байна. Тиймээс үүнийг бага дээр нь таслан зогсоох ёстой” гэдгийг онцлов.

Цар тахлын дараах эдийн засгаа сэргээх, зөв бодлогоор эдийн засгаа тодорхойлж, үр ашигтай зүйлд зарцуулахгүй бол ОХУ, Украйны нөхцөл байдал дэлхийн эдийн засагт олон сөрөг зүйл дагуулж буй энэ цагт монголчууд, Засгийн газар нь малчдын хашааг зээлээр барьж өгнө хэмээн ярьж суугаа Засгийн газрын оруулж ирсэн энэ төслийг эдийн засагчид, УИХ-ын гишүүд ч шүүмжилж байсан юм. Тиймээс ч байнгын хорооны хуралдааны үеэр төслийг дэмжээгүй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж