Загалмайлсан эцэг Дэвид Чаум

Хуучирсан мэдээ: 2022.03.24-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Загалмайлсан эцэг Дэвид Чаум

Загалмайлсан эцэг Дэвид Чаум

"NEWS" агентлаг энэ удаа "ХҮМҮҮС" буландаа криптовалютын загалмайлсан эцэг гэгддэг Дэвид Чаумыг онцолж байна.


Дижитал бэлэн мөнгөний зохион бүтээгч нэрээрээ олонд танигдсан Дэвид одоогоор Elixxir болон Praxxis-ийг удирдаж, өргөжүүлэх боломжтой дижитал бүрэн эрхт байдлыг хангах зорилгоор ажиллаж байна. Тэрбээр нууцлалын технологи, сонгуулийн аюулгүй систем зэргийг зохион бүтээснээрээ алдартай. UC Berkeley-д Компьютерын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан тэрбээр Нью-Йоркийн Бизнесийн сургууль болон Калифорнийн их сургуульд багшилж, хэд хэдэн нээлтийн төслүүд удирдаж, Олон улсын криптологийн судалгааны холбоо, Математикийн төвийн криптографийн бүлгийг үүсгэн байгуулжээ.

ТҮҮХИЙН ЭХЛЭЛ

Дэвид 1955 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр Лос Анжелес хотын нэгэн еврей гаралтай гэр бүлд төржээ. Бага наснаасаа шинэ зүйлс туршиж үзэх чин хүсэлтэй нэгэн байж. Тиймдээ ч үеийн бусад хүүхдүүдийг бодвол математикийн хичээлдээ нэн сонирхолтой байв.

Тэрбээр Калифорни хотын Берклигийн их сургуульд суралцсан ба 1982 онд Компьютерийн шинжлэх ухаан, бизнесийн удирдлагын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. Чаум хэд хэдэн криптографийн протоколыг бүтээгч бөгөөд цахим мөнгөний санааг хамгийн анх гаргасан юм. Мөн докторын зэрэг хамгаалсан жилээ Дэвид криптологийн судалгааны олон улсын холбоог (IACR) үүсгэн байгуулж, одоог хүртэл криптографийн судалгааны чиглэлээр эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж байна.

Дараа нь тэрбээр Нью-Йоркийн их сургуулийн Бизнесийн удирдлагын дээд сургууль болон Калифорнийн их сургуульд багшилжээ. Их, дээд сургуульд багшлах хугацаандаа Амстердам дахь Нидерландын Математик, Компьютерийн Шинжлэх ухааны үндэсний судалгааны рүрээлэн болох CWI-д криптографийн судалгааны бүлгийг байгуулсан байна. Харин олон жилийн судалгааны үр дүнд 1990 онд DigiCash хэмээх цахим бэлэн мөнгөний компани үүсгэн байгуулснаар өнөө цагийн хамгийн эрэлттэй салбарын эхлэлийг бий болгов. Шинэ зууны дижитал түүхийн эхлэлийг тавихдаа Дэвид өөрийн мэргэжил нэгт Чаум Ник Сабо, Эрик Хьюз зэрэг бусад алдартай криптографчидтай хамтран ажилласан байна.

Швейцарын Женев хотод 1994 онд World Wide Web-ийн анхны бага хурал (WW94) болжээ. Энэхүү бага хурал дээр Чаум дижитал төлбөрийн систем болох E-Cash программ хангамжийн тусламжтайгаар компьютерээр дамжуулан цахим мөнгөний төлбөр тооцоог хэрхэн идэвхжүүлэх боломжтойг дэлхий нийтэд таниулжээ.

Тухайн явдлаас нэг жилийн дараа буюу 1995 онд Дэвид Европын мэдээлэл технологийн дээд шагнал хүртсэн байна. Дэвид Чаум дан ганц алдартай криптографикчаас гадна Cypherpunk соёл, хөдөлгөөнийг сурталчилсан бодит жишээ юм.

Дэвид 1994 онд анхны биечлэн санал өгөх системийг нэвтрүүлсэн бөгөөд энэ нь сонгогчид санал авах байранд цахим хэлбэрээр саналаа өгч, систем нь тэдний саналыг өөрчлөлгүй криптографийн аргаар баталгаажуулдаг байна. Дараа жилүүдэд нь Дэвид бусад чадварлаг программистуудтай хамтран ердийн цаасан саналын хуудас ашигладаг, криптографиар баталгаажуулах боломжтой санал хураалтын системийг засгийн газарт санал болгов. Тухайн системүүдийн жишээ нь Pret a Voter, Punchscan, Scantegrity юм.

Мэриленд мужийн Такома Парк хот дахь 2009 оны арваннэгдүгээр сард болсон сонгуульд Дэвидиин Scantegrity программыг ашиглажээ. Энэ нь анх удаа төрийн байгууллагын сонгуулийг криптографиар баталгаажуулах боломжтой санал хураалтын систем болсон юм.

Дэвид 2004 онд IACR-ийн гишүүнээр элсч, 2010 онд RSA бага хурлын үеэр "Математикийн шилдэг бүтээл шагнал" хүртжээ. Тэрбээр 2019 онд CWI-ээс Дижкстрагийн гишүүн хэмээх хүндэт цолоор шагнуулж, 2021 онд Луганогийн их сургуулийн хүндэт докторын зэрэг авсан байна. Одоо Дэвид Лос Анжелес хотын Шерман Окс хотод амьдардаг. Тэрбээр ганц бие ба хувийн амьдралаа олон нийтэд ил байлгах сонирхолгүй аж.

 

ДЭЛХИЙД ТУСАЛСАН СУДАЛГАА: ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ

Дэвид 1982 онд цахим гарын үсгийн системийг нэвтрүүлсэн. Учир нь дижитал цахим мөнгөний гүйлгээний үед гарын үсэг хэрэгтэй ба хувийн мэдээллээр нь мөшгих боломжгүйгээр бүтээжээ. Мөн тоон гарын үсэг зурсан хүн агуулгыг уншиж чадахгүй байх зорилготой юм. Дараа нь 1989 онд баталгаажуулах тоон гарын үсгийн систем бүтээсэн байна.

НЭРГҮЙ ХАРИЛЦАА ХОЛБОО

Дэвид 1981 онд нэр нь үл мэдэгдэх холбооны сүлжээг санаачилжээ. Түүний санал болгож буй холимог сүлжээнүүд нь илгээгч бүлэгт мессэж болон хүлээн авагчийн шифрийг серверт илгээх боломж олгодог. Сервер нь багц мессэжтэй болмогц энэ нь мессэжүүдийг дахин эрэмбэлэн бүдгэрүүлэх бөгөөд зөвхөн энэ сервер аль илгээгчээс ямар мессэж ирснийг мэдэх болно. Дараа нь багцыг ижил процессыг гүйцэтгэдэг өөр сервер рүү дамжуулдаг. Эцэст нь мессэжүүд нь сүүлийн серверт хүрч, тэдгээрийг бүрэн тайлж, хүлээн авагчид хүргэдэг.

Тэрбээр буцах мессэжийг зөвшөөрөх механизмыг мөн санал болгов. Холих сүлжээнүүд нь зарим дахин илгээгчийн үндэс суурь бөгөөд Tor ( чиглүүлэлт дээр үндэслэсэн) гэх мэт орчин үеийн нэргүй вэб хайлтын хэрэгслүүдийн үзэл баримтлалын эхлэл юм. Дэвид 1988 онд DC-Net хэмээх өөр төрлийн нэргүй холбооны систем нэвтрүүлсэн бөгөөд энэ нь түүний санал болгож буй хоолны криптографийн асуудлын гол шийдэл болов. DC-Nets нь Dissent программ хангамжийн үндэс суурь юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж