Дайны сиймхийгээр Серби улс Хятадтай харилцаагаа зузаатгав

Хуучирсан мэдээ: 2022.03.24-нд нийтлэгдсэн

Дайны сиймхийгээр Серби улс Хятадтай харилцаагаа зузаатгав

Дайны сиймхийгээр Серби улс Хятадтай харилцаагаа зузаатгав

Украин дахь мөргөлдөөн дэлхийг донсолгож буй энэ цаг үед Серби улс Оростой тогтоосон харилцаанаасаа болж хүндхэн байдалд ороод байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах тухай тогтоолыг дэмжиж буй эсэхээр санал хураалт явуулсан. Энэ санал хураалтаар тэд Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авахаас зайлсхийжээ.

СЕРБИ, ОРОСЫН ҮЛ ИТГЭЛЦЭЛ


Ирэх сарын 3-ны өдөр Сербийн ерөнхийлөгч болон үндэсний ассамблейн гишүүдийг сонгох сонгууль болно. Уул шугамдаа парламентын сонгууль нь 2024 онд болох товтой ч тус улсын ерөнхийлөгч Александр Вучич энэ хугацааг 2022 оны дөрөвдүгээр сар болгож өөрчилсөн. Бүх нийтийн сонгуулиас гадна орон нутгийн сонгууль ч бас ирэх сард болох юм. Үүнтэй холбогдуулан, Хятад улс Сербийн удирдагчдыг дотоодод сурталчлах төгс хэрэгсэл болно гэж тэд үзэж байна. Дайны өмнө Сербийн барууны бус гол түнш Орос байсан бол өдгөө Хятадаар солих боломжтой боллоо гэсэн үг.

Covid-19 цар тахал анх эхэлснээс хойш Серби аажмаар Оросыг Хятадаар сольж, хамгийн сайн найзаараа сонгосон. Сербийн ерөнхийлөгч Александр Вучич Бээжингээс үзүүлсэн эмнэлгийн тусламжид талархан, Хятадын төрийн далбааг үнссэн бол эсрэгээрээ Оросын тусламжийг тийм ч таатай хүлээж аваагүй. Энэ үйлдэл нь Бээжин бол Москвад байхгүй нөөцтэй газар гэдгийг харуулж, Серби, Орос хоёрын үл итгэлцэлтэй харилцааг илчилсэн юм.

Сербичүүд Оросыг барууныхантай харилцах гол хөшүүргээ болгож л ашиглаж буй нь ойлгомжтой болов. Орос ч үүнийг нь мэдэж байгаагийн зэрэгцээ барууныхантай хийх хэлэлцээдээ Сербийг ашиглана гэж Белград эмээж буй.


Сербид цар тахлын хөл хориог эсэргүүцсэн иргэдийн жагсаал болох үед Оросыг дэмжигч хүчнийхэн барууныханд таалагдах зорилгоор ийн жагсаал өдөөсөн гэх хардлага бий болсон. Тэр жил Сербийн засгийн газар Дональд Трампын үед АНУ-ын тусламжтайгаар Косовогийн маргааныг шийдвэрлэхээр оролдож байв.

Косово Сербийн нэг хэсэг байсан бөгөөд 2008 онд тусгаар тогтнолоо зарласан. Үүнээс хойш Косовог НҮБ-ын гишүүн 98 орон бүрэн эрхт улс гэж дипломат ёсоор хүлээн зөвшөөрөөд буй. Оросын хувьд энэ нь Серби улс Вашингтон руу чиглэх хөшүүргээ алдсан гэсэн үг юм. Байден ерөнхийлөгчөөр сонгогдсоноор тэд Оростой зарим харилцаагаа сэргээхэд хүрсэн ч үл итгэх байдал байсаар л байна. Гэвч Орос, Серби хоёр улсад өнгөт хувьсгалын эсрэг тэмцэх нийтлэг ашиг сонирхол бий.


Украины дайн Сербийн Орост хандах хандлагыг үндсээр нь өөрчлөв. Европын холбоо болон НАТО Сербийг газарзүйн хувьд бүсэлж оршдог. Эдийн засгийн гол түнш нь ч Европын холбоо тул Сербийн либерал бус дэглэм засгийн эрхэнд үлдэхийн тулд барууны дэмжлэг хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, Серби нь Оросын байгалийн хийн хараат бөгөөд 2021 оны арваннэгдүгээр сард хоёр улс зургаан сарын хугацаатай ашигтай үнийн тохиролцоо хийсэн. Тиймээс Сербийн засгийн газар Оросыг цааш түлхэх нь сонгуулийн өмнө ашиггүй үйлдэл болно. Учир нь Оросыг дэмжигч сонгогчдод энэ нь таалагдахгүй тул улс төрийн хямрал үүсэх магадлалтай гэсэн үг.

СЕРБИ, ХЯТАД ХОЁРЫН БАТ БЭХ НАЙРАМДАЛ

Ийнхүү ацан шалаанд орсон Серби улс Хятадтай түншилсэн нь хамаагүй аюулгүй санагдаж байж болох юм. Өнгөрсөн оны байдлаар Хятадаас Сербид оруулсан хөрөнгө оруулалт гурван тэрбум евро давсан бол дэд бүтцийн зээл нь даруй найман тэрбум болжээ. Түүнчлэн тус улс Хятадаас нисгэгчгүй онгоц худалдан авсан байна. Үүгээр ч зогсохгүй, засгийн газрын эсрэг жагсаалд оролцогчдыг илрүүлэхийн тулд царай таних программаар тоноглогдсон “Huawei” хяналтын систем ашигласан гэсэн мэдээлэл бий.


Бээжингийн өвлийн олимпийн үеэр Сербийн ерөнхийлөгч Вучич БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, хоёр орны бат бэх найрамдлаа тунхагласан. Бээжингээс буцаж ирмэгцээ тэрбээр 2022 оны эцэс гэхэд хоёр талын худалдааг найман тэрбум ам.долларт хүргэх хэлэлцээрт гарын үсэг зурна гэж мэдэгдэв. Цаашлаад найман тэрбумаа арав болгох зорилт тавьж, чөлөөт худалдааны хэлэлцээр хийнэ гэжээ. Энэ нь Сербийн хувьд алдагдалтай байж болох ч ийм байдлаар гадаадын хөрөнгө оруулагчдыг татна гэж тэд найдаж буй.

Мөн Хятад улс Сербийн Нис хотод автомашины сэлбэгийн шинэ үйлдвэр нээх, Крагуевац дахь үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх тохиролцоонд хүрчээ. Түүнчлэн Белградаас Шанхай болон Бээжин рүү нислэг үйлдэхээр төлөвлөсөн байна.

Сербийн засгийн газар Сербийн Худалдааны танхим, Нови Садын их сургуультай хамтран Хятад улстай хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор “Бүс ба Зам” хүрээлэн байгуулжээ. Серби дэх Хятадын компаниудын танхим 2022 оны гуравдугаар сарын 3-нд нээгдэв. Уг танхимын нээлтийн үеэр Сербийн ерөнхий сайд Ана Брнабич Украины мөргөлдөөнийг дурдаж, үг хэлсэн. Тэрбээр “Миний хувьд энэ бол маш чухал өдөр. Сербичүүдийн хувьд олон олон түншлэл, харилцаа холбоо тасарч, асар их дарамт шахалтад орсон хүнд үе тулгараад байна. Энэ цаг үед нөхөрлөлөө хадгалахын сацуу түншлэлийн шинэ коридор нээх нь хамгийн чухал” гэж хэлжээ.

СЕРБИЙН СОНГУУЛЬ ХЯТАД, СЕРБИЙН ХАРИЛЦААНД АШИГТАЙ

Сербид хэрэгжүүлж буй Хятадын төслүүд тус улсын элитүүдэд тууз хайчилж, өөрсдийгөө сурталчлах боломж олгож буй. “Бүс ба зам” хүрээлэнгийн анхдугаар бага хурлын үеэр Сербийн Барилга, тээвэр, дэд бүтцийн сайд Томислав Момирович Хятадын тусламжтай баригдаж буй авто болон төмөр замыг сайшаан магтсан.

Сербийн засгийн газар энэхүү кампанит ажлын дараа БНХАУ-ын компаниудтай зам тээвэр, барилгын хэд хэдэн гэрээ байгуулжээ. Тухайлбал, Хятадын “CRBC” компани Белград болон Өмнөд Адриатын хурдны зам төслийн хүрээнд 75 км зам барих болсон. Түүнчлэн “Sinopharm” вакцины үйлдвэрийн барилгын ажлыг энд дурдахгүй өнгөрч болохгүй. 2020 оны есдүгээр сард Серби, АНУ зуучлалын гэрээ байгуулсны дагуу 5G спектрээс бусад бүх салбарт “Huawei”-тэй хамтран ажиллахаар болжээ.

Одоогийн байдлаар тэд Хятад, АНУ гэсэн хоёр том гүрнээс сонголт хийхээс зайлсхийж буй. 2020 оны есдүгээр сард АНУ-ын зуучлалаар байгуулсан гэрээний улмаас Сербийн засгийн газар 5G спектрийн тендерийг хойшлуулсаар байна. Юу юунаас илүүтэй Серби улс Европын холбооны санхүүжилтийг үргэлжлүүлэн ашиглахыг хүсвэл Оросын эсрэг хориг арга хэмжээнд нэгдэхээс өөр сонголтгүй байж мэднэ.


Эх сурвалж: THE DIPLOMAT, WIKIPEDIA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж