"14 мянган малын хашааг гадны төслөөр янзлахыг дэмжихгүй"

Хуучирсан мэдээ: 2022.03.23-нд нийтлэгдсэн

"14 мянган малын хашааг гадны төслөөр янзлахыг дэмжихгүй"

"14 мянган малын хашааг гадны төслөөр янзлахыг дэмжихгүй"

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрүүд, Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төслийг хэлэлцэж байна. Тодруулбал, Азийн хөгжлийн банкны 34.50 сая ам.долларын зээлийн тусламжтайгаар  20 сумдад өвсний агуулах барих, тэжээл хадгалах ажлыг дэмжих, 11,660 малчны малын эрүүл мэндийг сайжруулах, бэлчээрийн менежментийг сайжруулах ажлыг хийх аж. Төсөл нь дөрвөн аймгийн 20 суманд хэрэгжих юм. Энэ талаар гишүүд асуулт асууж, хариулт авч байна.


УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Малын удмын сан, эрүүл мэндтэй холбоотой асуудлыг олон жил төрийн бодлогын гадна хаяж ирсэн. Үүнээс шалтгаалж малаас хүнд халдварладаг өвчин ихэссэн. Тиймээс мал аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогоо өөрчлөх цаг болсон. Одоогийн  уламжлалт аргаар нүүдлийн мал аж ахуйг эрхлэх боломжгүй болсон. Нүүдлийн мал аж ахуй нь  байгалиас хэт хараат. Цөлжилт сүүлийн жилүүдэд маш хүчтэй явагдаж байна. Нийт бэлчээрийн 77 хувь нь цөлжилтөд өртсөн. Дээрх төслийг хэрэгжүүлснээр бэлчээр хамгаалах, сайжруулахад анхаарах хэрэгтэй.  Төслийг  дэмжиж байна. Гэхдээ надад нэг асуулт байна. 

Үнэхээр 14 мянган малын хашааг  төслийн мөнгөөр янзлах гээд байгаа юм уу. Эсвэл ажил хариуцаж байгаа хүмүүс нь  мал аж ахуйн бодлогын талаар  мэддэггүй  хэрэг үү? 

Гадны зөвлөхийн бичсэн үгийг орчуулгын үгээр биччихээд гишүүдийн дунд бухимдал үүсгээд байх шиг байна. Үүнийгээ эргэж харах хэрэгтэй. Малын хашаа хороог тохижуулахыг  өөрчлөөд бэлчээрийн даац, малыг эрүүлжүүлэх, удмын санг сайжруулах   чиглэлд анхаарах нь зөв. Төрийн захиргааны төв байгууллагуудын оруулж ирж байгаа төслүүд амьдралаас хол тасархай байх юм. Төслийнхөө гол ач холбогдлыг бууруулаад сонин зүйлс бичжээ. Үүнээс болж энэ төсөл дэмжигдэхгүй гол бодлогын зүйлүүд орхигдох аюултай шүү. 

Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны дарга Ж.Ганбаатар:

С.Чинзориг гишүүн салбарын сайд шиг асуудлыг сайн мэдэж байна. Уг нь энэ асуудал их чухал. Гэхдээ өрийн таац тулсан, эдийн засаг хүнд үед байнгын хороо энэ асуудлыг хэлэлцэх нь хэр зөв бэ? Би хувьдаа хэлэлцэхгүй гээд хоёр долоо хоног хойшлуулсан. Гэтэл заавал хэлэлцэх ёстой гээд шахаад байх юм. 

Ажлын хэсэг:

-Монгол Улсад нийт 180 мянга орчим малчин өрх байгаа бөгөөд хүн амын 30 гаруй хувийн амьжиргааг залгуулж байна. Тиймээс энэхүү салбарт тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, үр ашигтай байх зайлшгүй шаардлага үүсч байна. Мөн бэлчээрийн даац байж болох хэмжээнээс 2-3 дахин хэтэрсэн  нь энэхүү салбарт үр ашигтай бодлого, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлагыг үүсгэсэн. Сүүлийн гурван жил ган, зудад нэрвэгдсэн, дөрвөн аймгийн 20 сумдыг сонгож авсан.  Эдгээр бүс нутгуудад малын нягтаршил хэт өндөр, бэлчээрийн маргаан ихтэй.

14 мянган өвөлжөө, хаваржаа хашаа барина гэдэг нь техникийн шинжтэй асуудлууд. Зээлийн ерөнхий хэлэлцээр дээр танилцуулгын түвшинд тусгагдсан учраас дотор нь өөрчлөлт оруулах боломжтой.

Нийт санхүүжилтийн 70 гаруй хувийг  мал аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх чиглэлд зарцуулна. Сүүлийн жилүүдэд улсын төсвөөс мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийгдээгүй. Үүнийг олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрүүдээр хийх боломжтой.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

-Малчдын хашаа барих, худаг гаргах асуудлыг орон нутгийн удирдлагууд хийх бүрэн боломжтой. Хашаа барих зориулалт нь тодорхой бус байна. Харин төр малын эрүүл мэндийг сайжруулах асуудал дээр онцгой анхаарах хэрэгтэй. Энд тэнд төсөл хэрэгжүүлж байгаа нэртэйгээр мөнгө үрэх нь утгагүй.  Хуулийн төслийг дэмжихэд хэцүүхэн юм. Бизнес төлөвлөгөө шиг юм хийчихжээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Монгол Улсын Засгийн газрын  гадаад өр ДНБ-тэй харьцуулахад 240 хувь байна. Дээрээс нь 34 сая ам.доллар Азийн хөгжлийн банкнаас зээлэх төсөл орж ирж байна. Энэ төсөл нэг л биш ээ.

Малчдын өмнө тулгамдсан олон асуудал байхад хашаа хороо барих талаар яриад сууж болохгүй. Эдийн засагч хүний хувьд хэлэхэд үүнд ямар ч утга алга.

Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны санал хоорондоо зөрчилдөөд орчуулга нь буруу гэх юм яриад сууцгааж байна. Ийм байдлаар гадны зээл тусламжийг авбал ямар ч үр ашиггүй болно. Малчдын өмнө тулгамдсан асуудлууд худаг, хашаа барих биш. Хамгийн эхэнд шүлхийгээсээ салмаар байна. 21 дүгээр зуунд шүлхий өвчинд баригдсан байна гэдэг  нь гутамшиг шүү З.Мэндсайхан сайд аа. Би хувьдаа энэ төслийг хашаа барих биш шүлхийгээс салахад зарцуулсан  нь үр дүнтэй гэж үзэж байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийн асуудал ХХААХҮЯ-д хамаардаг. 30 сая ам.долларыг 30  жижиг дунд үйлдвэрт өгчихвөл Монгол Улсын эрх ашигт нийцнэ. Тиймээс уг төслийг дэмжих арга алга.

Хүнс, хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан:

-Монгол Улс 67.6 сая малтай. Үүнээс эрчимжсэн мал аж ахуй нэг хувьд ч хүрэхгүй. Эрчимжсэн мал ахуйн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд газар тариалангийн бүс нутгуудтай хосолмол байдлаар хөгжүүлэх зорилт тавьж байна. Беларусь улсаас хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 9000 үхэр оруулж ирэхээр ярьж байна. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхгүй бол төв суурин газрын хүнсний хэрэглээ болох сүү, махны хэрэглээг хангах боломжгүй. Бэлчээрийн мал аж ахуйгаар зөвхөн махны хэрэглээгээ хангаж байна. Сүүний хэрэглээг хангаж чадахгүй байна. Эдгээрийг хангахын тулд төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ёстой.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны дарга Ж.Ганбаатар:

-Томоохон төсөл хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэхэд тулгардаг бэрхшээлийг хөнгөвчлөх зорилгоор бэлтгэл ажлыг хангах,, нарийвчилсан зураг төсөл, ТЭЗҮ, судалгааг боловсруулах, Засгийн газрын төсөл хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэхийн тулд Азийн хөгжлийн банкнаас 20 сая ам.доллар зээлэх талаарх төсөл орж ирж байна. Би 2016 оноос хойш гишүүнээр сууж байна. ТЭЗҮ боловсруулна гээд маш их зардал гардаг ч үр дүнд хүрсэн ТЭЗҮ ховор. Цар тахал, эдийн засгийн хямралын улмаас хувийн байгууллагууд сөхөрч байна. Ийм үед жижиг зардлыг санхүүжүүлнэ гээд ахиад 20 сая ам.доллар таван жилийн хугацаатай зээлнэ гээд байх юм. 20 сая ам.доллар гэдэг нь 60-70 тэрбум төгрөг. Гадаад өрийн хэмжээ тулсан үед заавал зээл авах шаардлага байна уу?

Сангийн сайд Б.Жавхлан:

-Нэмэлт зардал гаргах гээгүй. Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлэхээр ерөнхий гэрээнд тусгагдсан өөрөөр хэлбэл Засгийн газар дэмжсэн зээл. Үүнийг УИХ баталсан хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажил. Хөдөө аж ахуй, зам тээвэр, хотын дэд бүтцүүд гэсэн салбарт хамаарна. Дэд бүтэцээр нь нарийвчилж харвал хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, маркетинг, худалдаа, хотын нийтийн тээвэр байна. Хэрэв зээл авахгүй гэвэл дээрх зардлууд нэг жилийн төсөв дээр ачаалал ирэх учраас таван жилийн хугацаанд гэж тогтсон.

Эдийн засгийн байнгын хороо Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрүүд, Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төслийг хэлэлцээд дэмжсэнгүй. Улмаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо уг төслийг хэлэлцээд хойшлуулахаар болов.

Энэ талаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр “Азийн хөгжлийн банкнаас авах 30 сая ам.доллар нь хөдөө аж ахуйд чухал ач холбогдолтой. Төслийн агуулга нь болохгүй байна. Энэ асуудлыг дахиж Азийн хөгжлийн банктай ярилцаад Засгийн газрын хуралдаанаар оруулна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж