​’Эрдэнэт’-ийн 49-тэй зууралдах уу, төмөр замынхаа 50 хувийг хөөцөлдөх үү

Хуучирсан мэдээ: 2022.03.23-нд нийтлэгдсэн

​’Эрдэнэт’-ийн 49-тэй зууралдах уу, төмөр замынхаа 50 хувийг хөөцөлдөх үү

​’Эрдэнэт’-ийн 49-тэй зууралдах уу, төмөр замынхаа 50 хувийг хөөцөлдөх үү

Сайн, муу хоёр шинэ мэдээтэй. Хоёулаа Украины дайнаас Монголд үзүүлэх нөлөөллийн тухай. Муугаас нь эхэлье.

Муу нь…

Улаанбаатар төмөр зам /УБТЗ/-ын 50 хувийг эзэмшдэг ОХУ-ын төрийн өмчит “Оросын төмөр зам (РЖД)” компанийн гадаад бондуудын эргэн төлөлт эргэлзээтэй байдалд оржээ. Энэ нь санхүүгийн хоригийн улмаас РЖД-гийн гадаад данс царцсан, Оросын банкуудыг “SWIFT” системээс хасаж, тус улс дэлхийн санхүүгийн сүлжээгүй болсноор гүйлгээ, төлбөр төлөх боломж хумигдсантай холбоотой юм. Яг энэ өдрүүдэд РЖД-гийн энэ сарын 6-нд төлөх  хуваарьт 23 сая еврогийн төлөлт нь “төлөгдсөн-төлөгдөөгүй, валютаар авсан бондын төлбөрүүдээ хоригийн улмаас рублиэр төлж болно-болохгүй ” гэх маргаан дэлхийн санхүүгийн секторт өрнөж байна.  Үүнтэй зэрэгцэн олон улсын “Fitch” агентлаг гуравдугаар сарын 4-нд РЖД-гийн зээлжих зэрэглэлийг “BBB тогтвортой” үнэлгээнээс “B сөрөг” болгож бууруулсан нь бүр нэмрээс. Иймд РЖД-гийнхэн олон бондынхоо үндсэн болон хуваарьт төлөлтийг хугацаанаас нь 45-аас олон хоногоор хэтрүүлбэл дефольт ч зарлаж болох  эрсдэлээ тооцох, 740 гаруй мянган ажилтнаа бүтэн цалинтай байлгах, зарим чиглэлд нэгэнт эхлүүлсэн евро стандартын өндөр хурдны галт тэрэгний шугамын төслөө зогсоохгүй явах, цаашилбал Берингийн хоолойгоор Европ-Ази-Америк/Аляска/-ыг холбох мега төслийн амбийцаа хаяхгүйн тулд валютаар илэрхийлэх санхүүгийн бусад эх сурвалжийг хайж эхэлжээ.

Сайн нь…

Яг ч сайн мэдээ гэхгүй. ОХУ-ын Засгийн газраас УБТЗ-ын 50 хувийг эзэмшдэг РЖД-гийн төмөр замаар тээвэрлэх ачааны эрэмбэ, дарааллыг шинэчлэн тогтоожээ. Энэ оныг дуустал хатуу мөрдөх уг эрэмбээр цэрэг дайны холбогдолтой ачаа барааг дараалал харгалзахгүйгээр нэгдүгээрт тээвэрлэнэ. Дараа нь хүнс, эмнэлгийн тусламж. Дараа нь онцгой байдлын албаны бараа, тэгээд нефтийн бүтээгдэхүүн.., гэх мэтээр хамгийн сүүлд зэс, төмөр, нүүрс, мод зэрэг экспортын бүтээгдэхүүн тээвэрлэхээр эрэмбэлжээ. Ингэснээр РЖД-гийн экспортын орлого тасалдах эрсдэлд орж, валютын шинэ эх үүсвэрийн эрэлд гарах нь бас нэгэн бодитой шалтгаан гарчээ. ОХУ-ын нутагт, дотооддоо үйлчлэх уг шийдвэр нь манай улс хойд хөршийн өрсөлдөгчгүйгээр төмрийн хүдэр, нүүрсээ ахиухан зөөж урд айлдаа зарах боломж олгоно. Харин муу нь, хэрвээ ОХУ тэнд экспортын тээврээ зогсоовол, хэмжээг нь үлэмж бууруулбал энд УБТЗ яана аа. УБТЗ бол мод, нефтийн бүтээгдэхүүн, чингэлэг голдуу транзит тээврээс олсноороо үндсэн орлогынхоо нэлээдгүй хувийг бүрдүүлж амьдардаг айл, маргаангүй хэцүүднэ.

Боломж…

Энэхүү сайн, муу хоёр мэдээний нийлбэрээс Монгол Улс УБТЗ-ынхаа 50 хувийг авах, Сүхбаатар-Замын-Үүд хүртэлх төмөр замаа зуун хувь Монголынх болгох боломж гарч ирж байгаа юм. Ийм боломж гаргахын төлөө хувь-хувьсгалынхан хүч хавсраад ч хамаагүй явахад бүтэх, эс бүтлээ гэхэд УБТЗ-ын 1949 оны гэрээг орчин цагт тохируулан өөрчлөх, одоо эзэмшиж буй 50 хувиа ядаж 51 болгох  таатай цаг тохиож болзошгүйг илтгэнэ.  Харин тийм боломжийг гаргаж чадах, гарлаа гэхэд ашиглаж дөнгөх бядтай улстөрч, эсвэл санхүүгийн чадвартай том тоглогч Монголд байна уу…?

Хоёр хувилбар бий. Төр, эсвэл хувийн хэвшлийнхэн гэж. Аливаа улсад мега төсөл нь ч, түүнийг хийж чадах оюуны болоод санхүүгийн чадамжтай улстөрчид ч, бизнесмэн ч цөөхөн. Манайд бол бүр цөөхөн. Бид тэдгээр цөөхөн толгой улстөрчид болон тоотой хэдэн бизнесийнхний заримыг “мега төсөл хөдөлгөсөн, хийсэн” шоронгоор дамжуулан тэдний жишээгээр бусдыг нь айлгаж нурууг нь авчихсан даа. Жишээ нь, төрийг төлөөлж  Оюутолгойн гэрээг хийсэн, гардсан улстөрчид  бүгд шоронд ороод гарлаа. Хувийнхнаас гэхэд “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан мөнгөний гарал үүсэл тойрсон хуулийн асуудал, санхүүгийн хэлцэл нь хэт сунжирч, хувьцааг Монголд  авчирсан хүмүүс хууль, шүүхийн байгууллагын хаалга сахисаар зургаа дахь жилдээ орлоо. Одоо сүүлдээ, “МАК”, “Монполимент”-ынхон стратегийн бүтээгдэхүүн болох цементийн үйлдвэр байгуулсан, Хятадын импортыг зогсоосон гэж буруудах янзтай. Улсаас авсан зээлээрээ үнэт эдлэлийн дэлгүүр нээсэн нь үйлдвэр байгуулснаасаа илүү үнэлэгдэж өрөвдүүлэх маягтай. Ийм байхад хэн зориглох вэ, маргааш нь гэмтэн болохын төлөө өнөөдрөө хэн золиослох вэ. Хэрвээ УБТЗ-ын 50 хувийг Монголдоо авчрах боломж гарлаа гэхэд төрийг төлөөлж хэлцэлд орох улстөрчид хожмоо орон шорон дамжихаас, харин хувийн хэвшлийнхэн авчирлаа гэхэд Монголд ирээд худалдаж авсан хувьцаагаа хураалгах, нэмээд өөрсдөө он дамжин шалгуулж хоригдохоос  айна, болгоомжилно. Оюутолгойн гэрээ, “Эрдэнэт”-ийн 49 хувийн жишгээр бол шүү дээ. Гэтэл өнөөдөр түүхий нүүрсний экспортыг эс тооцвол Оюутолгой, “Эрдэнэт”үйлдвэр хоёр л Монголыг, монголчуудыг тэжээж байгаа нь бодит үнэн.

Уг нь төмөр замаа зуун хувь болгох нь монгол хүн бүрийн хүсэл. Алдагдсан боломж буцаж ирдэггүй гэдэг. Монголчууд УБТЗ-аа 100 хувь Монголынх болгох, харин Оросын хувийн хэвшлийнхэн “Эрдэнэт”-ийн 49 хувийг авах боломжоо алдсан урьдын жишээ байдаг л юм.

 1990-ээд онд оросууд “Та нар төмөр замынхаа хувийг ав гэхэд Монголын тал, тухайлбал УБТЗ-ын дарга Р.Раш татгалзсан юм гэнэ лээ” гэж зарим хүн хэлдэг. Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан хүний ийм яриа байдаг. Баабарын хэд хэдэн нийтлэлд ч бий. Одоо монгол хүн бүр шахуу л тухайн үед оросуудын саналыг хүлээж аваагүйд харамсдаг, төмөр замынхаа хувийг ядаж 51 болгож чадахгүйд гонсгор явдаг. Алдагдсан тэр боломж ахиж ирээгүй, одоо 30 жил болж байна.

Харин “Эрдэнэт”-ийн 49 хувийг Оросын хувийн хэвшлийнхэн авах анхны оролдого 1999 онд болжээ.  Оросын Засгийн газар өөрийн мэдлийн 49 хувиа зарах болсноо гэрээ, дүрмийн дагуу Монголын талд мэдэгдэж зөвшөөрөл хүсэв. Хариу болгож тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Наранцацралт  1999 оны нэгдүгээр сарын 19-нд огноолж,  ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Ю.Д.Маслюковт илгээсэн захидалдаа, Оросын тал “Эрдэнэт” үйлдвэрийн өөрийн эзэмшлийн  49 хувийг 240 мянган доллараар зарахыг зөвшөөрсөн утга илэрхийлжээ. Монголд улс төр бужигнав.  Сөрөг хүчин МАН хүчтэй эсэргүүцэж, тухайн үеийн эрх баригчдын доторхи “хоолонд орох хоёрдугаар ээлжийнхэн”-тэй хүч хавсран  уг үйл явдлаас 14 хоногийн дараа Засгийн газрыг огцруулжээ. Тэр үеийн 240 мянган доллар одоогийн ханшаар 700 орчим сая төгрөг. УИХ-ын гишүүн П.Жасрай агсан, таминь ээ, “Эрдэнэт” үйлдвэрээ зуун хувь Монголынх болгохын оронд 49 хувийг нь БелАЗ-ын дугуйн үнээр л зарчихаж болж байгаа юм уу гэж асууж байж. Энэ тухай дурсамж баримтыг сэтгүүлч Ц.Ганболдынхоос эхлээд олон хүний номоос уншиж болно.

Хоёр дахь оролдлого 2012 онд болжээ. “Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшигч ОХУ-ын төрийн өмчит “Ростехнологи”-ийн удирдлагууд “Монгол, Орос талууд “Эрдэнэт”-ийн хувьцаанаасаа тус бүр 25 хувийг нэгтгэн стратегийн хөрөнгө оруулагчдад худалдах санал гаргав. Хамгийн гол нь хувьцаа худалдсан орлогоороо Оросын нутагт зэс хайлуулах үйлдвэр байгуулах, худалдах компаниа Оросын Норийльский никель юмуу, Металоинвест гэж нэр заажээ. Талууд тус бүр 25 хувь гэхээр “Эрдэнэт”-ийн 50 хувийг зарна гэсэн үг. Энэ тохиолдолд  ОХУ бодитоор “Эрдэнэт”-ийн 74 хувьтай, нэмээд  хувьцаа зарсан мөнгөөрөө нутагтаа зэс хайлуулах үйлдвэртэй болох хувилбар зүтгүүлсэн юм билээ. Гэвч яагаадыг нарийн мэдэхгүй, уг санал ажил болоогүй юм билээ.

Дараа нь, “Эрдэнэт”-ийн 49 хувийг монголчууд авах боломж 2016 онд тохиож, манайхан алдагдсан боломж болголгүй, ашиглаж чадсан. Үүнээс хойшхи түүхийг бид сайн мэднэ. Харин “Эрдэнэт”-ийн 49 хувийг авч, үйлдвэр зуун хувь Монголынх болсныг ач холбогдлыг наймаанд шилжүүлсэн 400 сая долларын гарал үүслийг шалгах хуулийн ажил хоёрыг ялгаж салгахгүй, нэг саванд хийж яллаад буй нь буруу л санагддаг. Арваад жилийн турш “хэрүүлийн алим” болж явсан Оюутолгойн гэрээний маргаанаар Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хоёрхон жилийн дотор гадаад хөрөнгө оруулагчидтай нь ойлголцож, Монголын талд бодитой үүсээд байсан 2.3 тэрбум, ирээдүйд үүсч болох 22 тэрбум долларын өрийг хүчингүй болгож чадсан. Тэгсэн хэрнээ 400 сая доллар буюу Оюутолгойн хэлцлээс тав дахин бага мөнгөн дүнтэй, тэгээд дотоодын бизнесмэнүүдтэйгээ ойлголцохгүй, асуудлыг хууль шүүх нь эцэслэхгүй зургаан он дамжин сунжруулж байгааг гайхдаг л юм.

Энэ хугацаанд “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголд авчирсны ялыг сахал Д.Эрдэнэбилэг нарт үүрүүлэхээр хүлээлгэж, ямбыг нь улс нийгмээрээ хүртэж буй нь бас үнэн билээ. Жишээ нь, жилд татварын дараах ашгийн 100 төгрөг тутмын 49 нь Оросын талд очдог байсан бол 100 төгрөг бүтнээрээ Монголд үлддэг болсон. Үйлдвэр 100 хувь Монголынх болсноор худалдан авалт дотоодоос болж “Эрдэнэт”-ийн өгөөж нь хоёр улсын хамтарсан үйлдвэр байх үеийнхээс  9 дахин нэмэгдсэн гэж УИХ-ын чуулганы танхимд хэлсэн УИХ-ын гишүүний мэдээлэл ч байх. Ард түмэн тоо иддэггүй талх иддэг гэдэг утгаар үзвэл амьдрал дээр буулгаж үзвэл ковидын үед Монголын бүх айл өрхийн тог цахилгаан, хог дулаан, усны  мөнгийг “Эрдэнэт” үйлдвэрээс төллөө. Үүнд 1.1 их наяд төгрөг зарж байгааг ерөнхий захирал Х.Бадамсүрэн ярьжээ. Хэрвээ Оросын тал 49 хувьтайгаа байсан бол энэ шийдвэрийг зөвшөөрөхгүй байсныг илтгэх нэгэн судалгааг хэлье.

Нээлттэй нийгэм форумаас төрийн өмчийн компаниудын төсвийн гадуурхи зарцуулалтын тайланд судалгаа хийжээ. Түүнд “Айл өрхийн цахилгаан, уур дулаан, цэвэр бохир ус, энгийн хог хаягдлын төлбөрийг “Эрдэнэт” үйлдвэрийн жилд төлдөг ногдол ашгийг урьдчилан  авах байдлаар төлүүлж байгаа. 2020 оны 12 дугаар сарын 1-нээс 2021 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацааны нийт төлбөрт 1.1 орчим их наяд төгрөг зарцуулна. Тус үйлдвэр 2019 оны цэвэр ашгаас 66.9 тэрбум төгрөгийг төрд төлжээ. Энэ дүн дараагийн жилүүдэд огцом өсөхгүй, буурахгүй гэж тооцвол Засгийн газар 15 жилийн  турш “Эрдэнэт” үйлдвэрээс ногдол ашиг авахгүй явах тооцоо гарлаа” гэж тайлагнажээ. Өөрөөр хэлбэл, үйлдвэр 100 хувь Монголынх болсны хүчинд бид эзэн нь юмаа мэддэг шиг загнаж,  ковидын хүнд үеийн ганцхан жилийн ахуйн хэрэглээний төлбөрт  “Эрдэнэт”-ийн 15 жилийн ашгийг зарцуулсан байна. Бас л цамаан загнажээ. Энэ бол үйлдвэр 100 хувь Монголынх болсны энгийн нэгэн эерэг жишээ.  Хэрвээ “Эрдэнэт” үйлдвэр Орос, Монголын хамтарсан бизнес хэвээр байсан бол  15 жилийн ногдол ашгаасаа татгалздаг хувьцаа эзэмшигч гэж байхгүй, бизнес ч гэж юу байх вэ.

Одоо Засгийн газар, монголчуудын өмнө хоёр сонголт байна. “Эрдэнэт”-ийг улс төрийн акцын санхүүжүүлэгч байлгах, эсвэл бизнесийн утгаар нь санхүүгийн том тоглогч болгох гэж. Сонгууль дөхөхөөр л С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн тухай хуучин баримтуудыг шинэ юмшиг сэвдэг. Алуурчин, захиалагчийг өнөө маргаашгүй барих гэж байгаа юмшиг нийгмийг хөдөлгөдөг. Үүн шиг “Эрдэнэт”-ийг дотооддоо сонгуулийн, өрсөлдөгчөө намнадаг улс төрийн хөзөр болгон зууралдаж явах. Эсвэл “Эрдэнэт”-ийн 49 хувийг тойрсон асуудлыг нь шударгаар эцэслэж, санхүүгийн хэлцлээс эхлээд зарим тодорхойгүй бүхнийг нэг талд нь гаргаж дуусган шинэ хөзөр тоглох.

Тэрхүү шинэ хөзөр нь УБТЗ-ынхаа 50 хувийн араас хөөцөлдөх. УБТЗ бол олсноосоо ихийг зардаг үргүй зардал өндөртэй, чирч явах дагавар зовлого ихтэй,  хамгийн гол нь орлогоосоо Монгол Улсад татвар, бүр газрын төлбөр ч төлдөггүй, 1949 оны гэрээ гэх хуучин социалист системийн дүрэм журам бүхий бараг л өөртөө засах эрхтэй, ардчилал-чөлөөт зах зээлд шилжээгүй цорын ганц байгууллага.  Одоо транзит тээвэр зохих хэмжээнд явж байхад л санхүүгийн хувьд суларч, ажилчдаа сард хоёр өдөр цалингүй шахуу ажиллуулах хэрнээ 790 сая төгрөгийг арваад дарга нь хуваагаад авчихсан баримт сошиалд явж ч байх шиг. Одоо байгаа 50 хувиа 100 биш юмаа гэхэд, 51 хувьтай болох, ядаж Монгол Улс авах ёстой  татваруудаа авдаг байхаар 1949 оны гэрээг өөрчлүүлж чадвал чамлахаар чанга атга гэдэг л болно.

Төгсгөлд хэлэхэд, оросууд Крымыг нэгтгэсний дараа, өнөөдрийнхөөс ч санхүүгийн сул хоригтой байхдаа “Эрдэнэт”-ийн 49 хувийг зарсан нь төмөр замын хувьцаанд хөдөлгөөн хийх боломж гарч болзошгүйг илтгэх мессэж шүү.  УБТЗ бол “Эрдэнэт”-ээс дутуугүй мөнгөний машинаас гадна стратегийн маршурт, бас тээвэр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж