Төрийн өмчит компаниудынхаа бодийг нь хөтөлчих вий!

Хуучирсан мэдээ: 2022.03.23-нд нийтлэгдсэн

Төрийн өмчит компаниудынхаа бодийг нь хөтөлчих вий!

Төрийн өмчит компаниудынхаа бодийг нь хөтөлчих вий!

Монгол Улсад өнөөдрийн байдлаар нийт 467 төрийн өмчит аж ахуйн нэгж байгаагийн 168 нь төрийн өмчит, 299 нь орон нутгийн өмчит гэсэн статустай. Үүнээс төрийн өмчит 170 компани 2021 оны байдлаар 11.8 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлж, 705 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Энэ нь орлого, ашгийн харьцаа хол зөрүүтэй, зарим компани алдагдалтай ажиллаж байгааг харуулж буй юм.

"Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд Төрийн өмчийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болжээ.

Тус хуулийн төсөлд төрийн өмчит компаниуд хувийн хэвшилтэй тэгш нөхцөл, ижил дүрмээр үйл ажиллагаа эрхлэх замаар баялаг бий болгох заалт оруулжээ. Мөн төрийн болон орон нутгийн компанийн удирдлагын багийг хараат бусаар сонгож, үйл ажиллагааны тайлангийн ил тод байх механизм бий болгоно гэж зааж өгсөн аж. Ингэснээр төрийн өмчит болон орон нутгийн өмчит компаниуд төрийн оролцоо шаардлагагүй, зах зээлийн зарчмаар хөгжиж, үйл ажиллагааны үр ашиг, засаглал нь сайжирна гэж тооцжээ.

ӨМЧ ХУВЬЧЛАЛЫН ГАШУУН СУРГАМЖ БИДЭНД БИЙ

Монгол Улс өмнө нь өөрийн гэсэн үйлдвэрүүдтэй байсныг Z үеийнхэн мэдэхгүй байх нь аргагүй. Наад зах нь өөрсдөө гутлаа үйлдвэрлэж, арьс ширээ боловсруулж, экспортод гаргадаг байсан түүх бидэнд бий. Өмч хувьчлал бидэнд маш том сургамж болсныг эргэн сануулахад илүүдэх юун.

Засгийн газар 1992 онд өмч хувьчлалын хүрээнд 475 улсын үйлдвэрийг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан хувьчилсан.

Иргэн бүрд ижил тэнцүү эрхийн бичиг (цэнхэр, ягаан тасалбар)-ээр эзэмших боломж олгож, нийт 1.2 сая иргэн хувьцаа эзэмшигч болсон байдаг. Гэвч тэдгээр хувьчлагдсан компани (МХБ-д бүртгэлтэй)-ийн 90 хувийг ердөө 483 иргэн, аж ахуйн нэгж хувьчилсан статистик тоо мэдээлэл бий. Тухайн үед 8.2 тэрбум төгрөгийн үнэлгээтэй байсан үйлдвэрүүд 1.8 их наяд төгрөгийн үнэлгээнд хүрч, 28 жилийн дотор 224 дахин өсчээ. Өөрөөр хэлбэл, 224 дахин өсөлтийг цөөн хэдэн хүмүүс хүртсэн гэсэн үг.

Өмч хувьчлалаар иргэдэд улсын үйлдвэрүүдийг хувьчилж өгсөн нь зөв бодлого байсан гэдэг. Гэвч иргэд болон хөрөнгийн зах зээл үүнд бэлэн байгаагүй нь үнэн. Тухайн үед иргэдийн хувьд хөрөнгийн зах зээлд оролцож хувьцаанаас хэрхэн өгөөж хүртэх талаар мэдлэг, мэдээлэл бараг байхгүй байсан гэхэд хилсдэхгүй.

Өмч хувьчлалаас хойш 30 орчим жилийн дараа Монголын хөрөнгийн зах зээл хурдтай хөгжиж, иргэд ч ихээр сонирхох болсон билээ. Олон компани IPO хийж, төрийн өмчит компаниудын хувьчлал яригдаж буй энэ үед өмнөх алдаагаа давтахгүй байх нь чухал юм.

Өмчийг хувьчлах зорилгоор албан газар үйлдвэрийн газруудыг хувьцаат компани болгосон тогтолцоогоо өөрчилж, Компанийн тухай хуулийг анх баталж гаргасан түүхтэй. Тухайн үеийн Компанийн тухай хуулийг компаниудын засаглалын үндсэн зарчмуудыг хангасан, тухайн цаг үедээ нэлээн дэвшилтэт хууль болсон гэж үздэг юм билээ.

Нийгэм, цаг хугацаа өөрчлөгдөхийн хэрээр 2011 онд Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийсэн. Харамсалтай нь, компанийн удирдлагын бүтэц, бүрэлдэхүүнийг амьгүй болгосныг салбарын мэргэжилтнүүд онцолж буй юм. Мөн төрийн агентлагуудыг татан буулгаж, компани байгуулаад, иргэд олон нийтэд төрийг цомхон болголоо гэж “сэнхрүүлдэг” зэрэг өнгөрсөн цаг хугацаанд оновчгүй шийдвэрүүд гарсны үр дүнд төрийн өмчит компаниудын засаглал ерөнхийдөө алдагджээ.

“ПАРАЗИТ”-УУДЫН ӨР БА ОРЛОГО  

Төрийн өмчийн компаниудыг ямар ч ашиггүй, татвар төлөгчдийн мөнгийг паразит шиг шимж, мөлжиж суудаг, чадваргүй мэргэжлийн бус, цүнх баригчдаар дүүрсэн гэж шүүмжилдэг. Үнэн л дээ. Олон улсын байгууллагууд ч энэ байдлыг ажиглаж, төрийн өмчийн компаниудын засаглал, ил тод байдал сайнгүй байгааг анхааруулсаар ирсэн. Энэ бүхнийг дагасан хариуцлагын асуудал яригдахгүй байгаад асуудлын гол бий юм.

Салбарын мэргэжилтнүүдийн хэлж буйчлан, төрийн өмчит компаниудад улс төрийн нөлөө их. Сонгуулиас сонгуулийн хооронд бүтэц, орон тоо нь өөрчлөгдөж, “шахаа"-ны бөгөөд цүнх баригчдаар дүүрч, тэд нь дур зоргоор аашилж ирсэн өнгөрсөн 30 жилийн “уламжлал” одоо хэр нь тасраагүй хэвээр.

Хувийн хэвшлийн компаниудтай харьцуулахад үр ашиг бага байдаг нь ч үүнтэй холбоотой биз. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийг удирдаж буй менежментийн баг нь өрөнд оруулж, үйл ажиллагааг нь сулруулахаас өөр ажил хийдэггүй гэх шүүмжлэл бодитой. Үүний зэрэгцээ Засгийн газрын мэдлийн компаниуд хэрээс хэтэрсэн их өр тавьсан гэх мэдээлэл гардаг. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас мэдээлснээр, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд 2019 оны эцсийн байдлаар 4.15 их наяд төгрөгийн өртэй байсан бол өдгөө өр нь 50 орчим их наяд хүрсэн гэх мэдээлэл  байна.

Статистик мэдээллээр, 2021 онд 54 мянган ажилтан, албан хаагч ажиллаж буй 106 төрийн өмчит үйлдвэрийн газар, компанийн 70 орчим хувь алдагдалтай ажиллаж буйн дийлэнхийг эрчим хүчний салбар эзэлж байв. Одоогоос 10 жилийн өмнө буюу 2011 онд төрийн өмчит компани, үйлдвэрийн газрууд хоёр их наяд төгрөгийн орлоготой байсан бол 2021 онд 10 их наяд болж нэмэгджээ. Хэдий орлого нэмэгдсэн ч зардал нь дагаад өссөн үзүүлэлттэй байна. Дашрамд дурдахад, орон нутгийн өмчит 299 компанид 20 орчим мянган ажилтан, алба хаагч ажилладаг ажээ.

ХУУЛЬ, ТОГТООМЖИЙГ ИЛҮҮ ОЙЛГОМЖТОЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар өнгөрсөн 2021 онд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төрийн өмчит компаниудыг үйл ажиллагааных нь чиглэлээр нэгтгээд, корпорац болгох санал гаргаж байв. Ингэснээр тусдаа үйл ажиллагаа явуулж байсан газруудыг төвлөрүүлж, нэг бодлогоор зангидна гэж үзсэн аж. Үүний тулд хувьцаа эзэмшигчийн эрхийг төвлөрүүлэх, хэрэгжүүлэх, салбарын яамдын оролцоог хангасан бүтэцтэй байх, хөрөнгийн болон хүний нөөцийн оновчтой менежмент хийх, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцох боломжийг хангах шаардлагатай гэжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бидэнд өнөөдөр үгүйлэгдэж байгаа зүйл нь хяналт, аудит. Газрыг корпорац болгож, өргөжүүлснээр асуудал шийдэгдэхгүй. Төрийн өмчийн компаниуд алдагдалгүй ажиллах нь чухал” гэж хариулж байв.

Төрийн өмчийн компани гэдэг нэрийн цаана төрийн өмчийн тухай асуудлууд бий. Тухайлбал, газрын доорхи баялаг, газрын эрхийн асуудлууд, үл хөдлөх хөрөнгө, татвар төлөгчдийн мөнгөөр бүтсэн оюуны өмчийн асуудал, мөн менежментийн асуудлуудыг нэрлэж болно. Иймд төр өөрийн бүхэндээ эзэн байж, хариуцлагыг чанд сахих зайлшгүй шаардлага тулгарч буйг мэргэжилтнүүд “Төрийн өмчит компанийн засаглал, ил тод байдал” хэлэлцүүлгийн үеэр хэлж байв. Мөн тэд реформ хийхийн тулд хууль, тогтоомжийг илүү ойлгомжтой болгох хэрэгтэйг онцлон тэмдэглэсэн юм.

Өдгөө Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болгоод буй Төрийн өмчит болон орон нутгийн өмчит компаниудын тухай хуулийн төслийг төр хүчтэй, дарга хүчгүй байхаар боловсруулжээ. Тус төсөлд төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг олон нийтийн компани болгох, олон нийтийн хяналтад оруулах чиглэлд түлхүү анхаарахаар туссан нь сайн хэрэг. Гэхдээ өмч хувьчлалын гашуун сургамжаа санаж, төрийн өмчийн компаниудынхаа бодийг нь хөтөлчихөлгүй, 30 жилийн дараа дахин амаа барьж, халаглаж суухгүй байх шийдвэр гаргахыг иргэд, олон нийт хүсч буй юм.

Төрийн өмчийн компаниуд олон нийтийн болсноор санхүүгийн болон үйл ажиллагааны мэдээлэл тайлан нь тодорхой давтамжтай, ойлгомжтой, хуулийн хүрээнд, дүрэм журмын хувьд олон нийтэд мэдээлэгдээд явах боломжтой аж.

Өөрөөр хэлбэл, захирал ажилтан хэдэн төгрөгийн цалин авдаг, хэдэн хувь эзэмшдэг, ашиг сонирхлын мэдүүлэг нь ил тод байдаг эсэх зэрэг асуудлууд ил тод, нээлттэй болно гэсэн үг. Үүнийг нээлттэй хувьцаат компанийн хувьд хамгийн сонгодог жишээ гэж үздэг.

Төрийн өмчийн нэртэй компаниудыг Хөрөнгийн биржээр дамжуулж хувьчлаад, иргэддээ хувь эзэмшүүлж, ил тод, засаглал сайтай, олон нийтийн компаниуд болгох реформ амжилттай хэрэгжээсэй!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж