Хуульзүйн байнгын хороо Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Сэтгэл санааны хохирлыг үнэлсэн аргачлал бидэнд байхгүй
Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Уг хуулийн төсөлд багтсан сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх асуудлаар гишүүд асуулт асууж байна
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.САНДАГ-ОЧИР:
-Хохирогчийн сэтгэл зүйд учирсан гэм хор учирсан зэргийг тогтоох эрх зүйн зохицуулалт оруулж ирж байгаа юм байна. Өмнөх хуульд хэрхэн яаж тооцож явсан бэ. Цаашдаа ямар аргачлалаар хэрхэн яаж явах вэ. Мөнгөн дүнгээр сэтгэл зүйд учирсан хор хохирлыг хэрхэн яаж илэрхийлэх гэж байгаа юм.
ХУУЛЬ ЗҮЙН САЙД Х.НЯМБААТАР:
-Сэтгэл санааны хохирлыг үнэлж байсан аргачлал манай эрх зүйн тогтолцоонд байгаагүй. 1994, 2002 онд Иргэний хуулийг шинэчилж баталсан. Иргэний хуулийн гол агуулга бол эдийн болон эдийн бус хохирлын харилцааг зохицуулдаг. Уг харилцааны хүрээнд сэтгэл санааны хохирлыг давхар зохицуулдаг хуультай. Харамсалтай нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, амь насны хохирлыг тооцох аргачлалгүй өдийг хүрсэн.
Энэ удаагийн хуулиар сэтгэл санаа, амь насны хохирлыг үнэлэх аргачлалыг оруулж ирэхээр зориглосон. Өөрөөр хэлбэл төр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн барагдуулах үүрэг хариуцлага хүлээдэг. Жишээ нь, хүн амины гэмт хэргийн хохирлыг барагдуулахад нийтлэг тохиолддог нь оршуулгын зардлыг төлүүлдэг. Тэрнээс цааших хохирлыг тооцож үнэлэх аргачлал байдаггүй. Сэтгэл санааны хохирлыг шүүхэд барагдуулсан тохиолдол байхгүй.
ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА П.САЙНЗОРИГ:
-Өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж буй Иргэний хуулийн 230-т зөвхөн хүний нэр төр, алдар хүндэд гэм хор учруулсны улмаас гэм хорын асуудлыг мөнгөн хэлбэрээр зохицуулдаг хуультай. Бусад асуудлыг мөнгөн дүнгээр барагдуулах асуудлаар хуулиар хязгаарлагдмал. Хүний эрүүл мэнд амь нас сэтгэцэд учруулсан хохирлыг барагдуулсан тохиолдол тун цөөн. Жишээ нь, гоо сайхны эмнэлэгт мэс засалд ороод хөдөлмөрийн чадвараа 70 хувь хүртэл алдсан хохирогч эмэгтэйд тухайн хэргийг шийдсэний дараа 10 сая төгрөг гаргаж өгсөн. Хамгийн сүүлд Зам тээврийн яаманд гарсан хэрэгт нэлээн өндөр дүнтэй тоо гарсан байна лээ. Гэхдээ сэтгэл санааны хохирол гэхээс илүүтэй бусад хохирлын асуудлыг шийдээд 500 орчим сая төгрөг төлүүлэх шүүхийн шийдвэр гарсан байдаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд сэтгэл санааны хохирлыг тогтоох аргачлал байхгүйн улмаас иргэний журмаар шийдвэрлээд яв гэдэг шүүхийн шийдвэр гарч байгаа. Бусад орны жишгийг судлахад шүүх тогтоодог юм билээ. Цаашдаа энэ жишиг рүү явна. Жишиг төлбөрийн хэмжээг шүүхээс тогтоодог байхыг Шүүхийн тухай хуульд оруулж байгаа. Иргэний хуульд суурь зохицуулалтыг оруулж байгаа. Бусад орны туршлагыг харахад сэтгэцэд учирч буй гэм хорыг хэн нэхэмжлэх вэ гэдэг хүрээ хязгаарыг тогтоодог. Үндсэндээ сэтгэцэд учруулсан гэм хорыг нөхөн төлүүлэх асуудлыг шүүхийн эрх мэдэлд өгч байгаа.
Регистрийн 12 оронтой дугаар дээр суурилсан е-мэйл хаяг нээнэ
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАН:
-Сүүлийн үед мэдээллийн дайн хүчээ авч байна. Хуурамч хаягаас нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх асуудал байна. Нэг хүн сошиалд тэдэн хаягтай байна гэдгийг хуульчлах уу? Шүүхийн шийдвэр, үл хөдлөхтэй холбоотой, тухайн хүний оршин суугаа хаяг, бусад мэдээлэлтэй уялдах уу?
-ХУУЛЬ ЗҮЙН САЙД Х.НЯМБААТАР:
-Бид регистрийн 12 оронтой дугаар дээр суурилсан тухайн иргэн бүрт төртэй харилцдаг е-мэйл хаягыг нээж иргэний үнэмлэхийн санах ойд суулгаж өгөх боломжтой гэж үзвэл гар утсад суулгах өгөх боломжийг нээх гэж байна. Энэ ямар ач холбогдолтой вэ гэвэл тухайн иргэнд төрийн зарлан мэдээлэх чиг үүрэг, Нийтийн мэдээллийн тухай хуулиар төр иргэндээ мэдээлэл түгээх дамжуулах үүргийг давхар хүлээж байгаа. Тухайлбал, “Таны иргэний үнэмлэхийн хугацаа төдийд дуусч байна, гадаад паспортын хугацаа дуусч байна, сонгууль өгөх ёстой” гэх мэт мэдээлэл тухайн иргэнд өдөр бүр очдог программ хангамж, техник хангамжийн асуудлыг УБЕГ үндсэндээ шийдсэн. Одоо компаничилсан ажил тавдугаар сарын 1-нээс эхэлнэ.
Харин сошиалд хуурамч хаяг нээхгүй байх боломжуудын тухай тусдаа асуудал яригдаж байна. Засгийн газарт Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу сошиалын тухай хоёр хуулийн төсөл боловсруулах ажил явагдаж байна.
АНУ-ын Конгресст Мета компанийн захирал Марк Зукерберг олон цаг конгрессын гишүүдийн асуултад хариулт өгсөн. Тэр асуулт бүр дээр нэг хариултаа хэзээ ч өөрчлөөгүй. Тэр юу вэ гэвэл “иргэний орж буй фэйсбүүк хаяг нь тухайн хүний албан ёсны хаяг байх энэ боломжийг хуульчилж өгөөч ээ” гэдэг шаардлагыг тавьсан. Компанийн зүгээс хувь хүн үгээ хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд техникийн шийдэл гаргах боломжгүй гэдгийг илэрхийлсэн. Фэйсбүүк компанид одоогийн хуулиар төслийн хүрээнд ямар шаардлага тавих вэ гэхээр Нэгдүгээрт, харилцаа холбооны газарт дугаарыг албан ёсоор иргэний үнэмлэхээр олгох шаардлагыг хуулиар дахиж албажуулна. Нийт хэрэглэгчдийн 70-80 хувь нь гар утсан дахь датагаар дамжуулж сошиал харилцаанд ордог гэсэн судалгаа бий. Хоёрдугаарт, гомдол барагдуулах үүргийг Фэйсбүүк болон нийгмийн сүлжээн дэх бусад компаниудад үүрэгжүүлэх гэж байгаа юм.
Монгол Улсын иргэдийн эрх сошиалд зөрчигдсөн тохиолдолд гомдол барагдуулах ажлыг маш богино хугацаанд хийж, манай улсад төлөөлөгчийн газар байгуулах санал гаргаж байгаа.
Төлөөлөгчийн газар нь хуурамч мэдээллийг тухай бүрт устгах, гомдлыг барагдуулах үүргийг үүрэгжүүлсэн. Энэ чиглэлээр хуулийн төсөл боловсруулах ажил хийгдэж байгаа.
ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА П.САЙНЗОРИГ:
-12 орон тоо бүхий иргэний бүртгэлийн дугаар дээр суурилаж бусад төрийн байгууллагаас үүсгэж буй бусад үндсэн мэдээлэл үүсэхийг дээрх хуульд тодруулж өгч байгаа. Өмнө нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдахад дээрх үзэл санаа орсон. 12 оронтой тоон дээр татвар төлөгчдийн мэдээлэл цугларч байна. Цаашдаа Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгал боловсролын чиглэлийн мэдээлэл суурилж цахим шилжилтийн хөгжүүлэлт хийгдэж байгаа. 12 оронтой тоонд бүхий л зүйлүүд цугларч мэдээлэл нийлүүлж буй байгууллагуудыг “лог” үүсгэж хяналт тавих бололцоо цаашид бүрдэнэ.
Кибер аюулгүй байдлын тухай хууль тавдугаар сарын 1-нээс мөрдөнө. Онц чухал мэдээллийн бүтэцтэй байгууллагын тоонд УБЕГ орж байгаа. Тавдугаар сарын 1-нээс Тагнуулын ерөнхий газар болон холбогдох байгууллагатай хамтран аюулгүй байдлыг хангана.
УЕБГ-ЫН ДАРГА Д.ДЭЛГЭРСАЙХАН:
-Аюулгүй байдлын асуудал чухал. УБЕГ-ын үндсэн мэдээллийн санд ямар нэгэн гаднын оролт байдаггүй. Кибер аюулгүй байдал, тагнуулаас эрсдэлийн үнэлгээ хийсэн. 12 оронтой дугаар давхардалгүйгээр алгоритм зохиогдсон байдаг. Нэгийн тоо эсвэл хоёрын тоо юм уу хүн тогтооход амар бүх бололцоог хассан. Бүртгэлийн дугаарын онцлог нь иргэний үнэмлэх хэвлэгдээд гарах машин дээр программчлагдаж өгсөн байдаг. Нэг иргэн хэчнээн удаа иргэний үнэмлэх авсан бүртгэлийн дугаар хэзээ ч солигдохгүй байдлаар програмчлагдсан. Иймээс бүртгэлийн дугаар давтагдахгүй, дахин олгогдохгүй.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХ-ОРГИЛ:
-Төрийн мэдээллийг байгууллага хооронд солилцож байх нь дээр. Иргэнд үйлчилгээ очихгүй шүү дээ. Орчин цагт хамгийн үнэтэй нь мэдээлэл болчихоод байна. Цуглуулсан мэдээллийг хадгалж эсвэл хулгайлж авсан нь хождог болсон цаг үе. Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт шинэ хороо бий болж байгаа. Цаашдаа шинэ хороо, дүүрэг бий болох нь гарцаагүй шаардлагатай. Шинээр хороо дүүрэг байгуулах болгонд бүртгэлийн асуудал яригдаж байна. Д.Дэлгэрсайхан даргын ярьж байгаа шиг санаа зоволтгүй чирэгдэлгүй үйлчилгээ хүргэнэ гээд байгаа. Амаргүй л дээ.
Улаанбаатар хоттой хамтраад шинэ хороо дүүрэг байгуулах бүрт үнэмлэхийг шинэчлээд иргэдэд хүргэж өгөх хэрэгтэй. Байгаа үнэмлэхээ шинэчлэн авах байтугай, үнэмлэхгүй зөндөө хүмүүс байгаа.
Холбоотой мэдээ