Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан мэдээлэл өглөө.
НМХГ–ын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга:
-Он гарснаас хойш зургаан осол гарсны тав нь хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой. Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас өргөх байгууламж хариуцсан тусгай зөвшөөрлийн байгууллагад хүргүүлсэн. Нийт 2800 орчим липт эзэмшигч байгууллагуудад мэдэгдэл хүргэсэн. Мөн 260 аж ахуйн нэгжид хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлд зөвлөмж мэдээлэл өгсөн.
Энэ оны гурван сарын байдлаар 806 гомдол мэдээлэл ирсэн. Үүний 132 нь барилга байгууламжтай холбоотой. Үүнд, дулаан алдагдал, барилгын хийц өөрчилсөн, өвлийн улиралд барилгын ажил явуулсан зэрэг гомдол мэдээлэл ирснийг шалгаж үзээд, 53 сая төгрөгийн торгууль ногдуулсан.
Мөн Улаанбаатар хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй, долоон сараас дээш барилгын үйл ажиллагаа нь зогссон барилга байгууламжийг хамгаалалтын горимд шилжүүлэхийг мэдэгдэл хүргүүлсэн. Нийт 54 барилга байгууламжид ийм сануулга өглөө. Түүнчлэн орц, гарц хаасан тухай 12 гомдол ирсний дагуу тухайн дүүрэг, хорооны Засаг даргад зөвлөмж мэдэгдлийг хүргүүлсэн. Үүнээс гадна 1227 айл өрх үерийн эрсдэлтэй бүсэд суурьшиж байна.
Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 16 давхар барилга шатсан осол энэ сарын 6-нд гарсан. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мэдээлснээр ОБЕГ-ын харьяа Гамшиг судлалын хүрээлэнгээс тухайн орон сууцны шүршдэг хөөсөн барилгын материалд зөвшөөрөл олгосон байжээ. Харин мэргэжлийн хяналтын байгууллага зөвхөн эрүүл ахуйн чиглэлд хяналт тавьж ажиллана гэдгийг мэдээлэв.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт барилга байгууламжтай холбоотой нийт 132 өргөдөл гомдлыг задалбал,
- Дулаан алдагдал-31
- Хуванцар рам буюу цонхны цанталт-28
- Барилга байгууламжийн эвдрэл гэмтэл-12
- Барилгын хийц өөрчилсөн-37
- Өвлийн улиралд барилгын үйл ажиллагаа явуулсан-5
- Барилга байгууламжийн эвдрэл-12
- Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан 28
ҮЕРИЙН ЭРСДЭЛТЭЙ БҮСЭД 3227 АЙЛ ӨРХ БАЙНА
Нийт 14 аж ахуйн нэгж, таван иргэнд 53 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Мөн зөвшөөрөлгүй 28 барилгын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ. Орчны аюулгүй байдлыг хангуулах талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тодорхой арга хэмжээг хэрэгжүүлж байгаа аж. Мөн шар усны үертэй холбоотой зарим арга хэмжээг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд холбогдох дүүрэг, хорооны Засаг дарга нарт үерийн усны далан сувгийг нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх үүргийг хүргүүлжээ.
Улаанбаатар хотын хэмжээнд үерийн хамгаалалтын 158 км урт далан суваг бий. Тодруулбал, автозамын борооны болон үерийн ус зайлуулах шугам сүлжээ 195 километр. Хөрсний ус зайлуулах шугам сүлжээ 18.5 км. Ус хүлээн авах шүүрт худаг 3391 ширхэг. Үерийн хамгаалалталтын барилга байгууламжийн 158 км-ээс 1966-1987 онд баригдсан байгууламж 100 орчим км буюу 33 хувийг эзэлж байна. 1987-2000 онд баригдсан байгууламж 58 км. Мөн судалгаагаар үерийн эрсдэлтэй 1825 байршилд газар олголт хийжээ. Мөн 3227 айл өрх үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан бөгөөд дийлэнх нь өмчлөх эрхтэй. Түүнчлэн 67 байршилд авто зогсоол өөрчлөх, үерийн эрсдэлтэй бүсэд барилга байгууламж баригджээ.
ТОГЛООМЫН ТАЛБАЙТАЙ ХОЛБООТОЙ ЭРСДЭЛИЙГ СӨХ, СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ ХАРИУЦНА
Удахгүй сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан хүүхдийн тоглоомын газрыг тухайн газрын эзэмшигч хариуцна гэдгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлэв. Тухайлбал, цэцэрлэгийн тоглоомын талбайг тухайн цэцэрлэг, орон сууцны гадаах тоглоомын талбайг Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ хариуцах аж. Мөн гэр хороолол дахь тоглоомын талбайг тухайн нутаг дэвсгэрт холбогдох төрийн байгууллага аливаа эрсдэл аюулгүй байдлыг хариуцах нь.
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУД ЭРСДЭЛ БАГАТАЙ ТУЛ БАГА ТӨСӨВ ТУСГАСАН
Үүнээс гадна дулааны улиралд бүтээн байгуулалтын ажил эхэлсэн тул хөдөлмөрийн аюулгүй байдлыг анхаарч ажиллахыг мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулав. Тодруулбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй бүтээн байгуулалтад нийт төсвийн 0.5 хувийг хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад зарцуулах бол хувийн хэвшлийнхэн нийт хөрөнгийн 1.5 хувийг зарцуулах ёстой гэнэ.
Төсвийн ийм ялгаатай байдлын тухай НМХГ-аас “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26.2-т зааснаар тухайн аж ахуйн нэгж байгууллага эрсдэлийн түвшнээс хамаарч ажил олгогч нь ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдалд зарцуулах төсвийг зарцуулна гэж тусгасан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй барилга байгууламжид нийт төсвийн 0.5 хувийг хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад зарцуулж байгаа нь эрсдэл багатай аж ахуйн нэгжүүд багтаж байна. Өөрөөр хэлбэл, төрийн үйлчилгээний байгууллагууд.
Харин хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа бол их эрсдэлтэйд тооцогдоно. Ерөнхийдөө он гарснаас хойш барилга дээр таван осол гарсан. Ихэнх нь 4-12 давхараас унасан нийтлэг осол. Үүнд, ажил олгогч Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуульд заасан ажилтанд зааварчилгаа өгөх, барилгын мэргэжилтнийг өндөрт ажиллуулах ёстой. Хамгаалалтын бүсээр хангах ёстой. Гэтэл ажил олгогч нь эдгээр аюулгүй байдлыг хангаагүй гэсэн үг. Мөн ажил олгогч барилгын дотор талд хаалт хамгаалалт, тэмдэглэгээ хийх ёстой. Энэ тэмдэглэгээ байхгүйгээс осол гарсан. Ажил олгогч нь хуульд заасны дагуу ажилтныг ажлын байрны онцлогт тохируулсан хувцас хэрэгслээр хангах, аюулгүй байдлыг хангах ёстой ч энэ бүгд хангалтгүйн улмаас осол гарсан” гэх тайлбар өгсөн юм.
ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНД ТУСГААГҮЙ БАРИЛГАД НИЙСЛЭЛЭЭС ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН БАЙЖЭЭ
Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Барилга байгууламжийн тусгай зөвшөөрлийн талаар Нийслэлийн хот төлөвлөлтийн ерөнхий газраас ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан зураг төслийг батлах ёстой гэдгийг тодотгов. Иймд Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутагт баригдаж буй үйлчилгээний зориулалттай барилгыг мэргэжлийн хяналтын байгууллагаас үйл ажиллагааг нь зогсоожээ. Тухайн барилга байгууламжийг Нийслэлийн хот байгуулалтын газраас зөвшөөрөл олгосон ч автозамын хамгаалалтын зурвас зөрчсөн, тухайн байршилд хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд уг байгууламжийг тусгаагүй гэсэн үндэслэлээр зөвшөөрлийг нь цуцлах үүргийг Улаанбаатар хотын ерөнхий архитекторт өгсөн байна. Энэ дагуу тусгай зөвшөөрлийг нь цуцалсан тул уг асуудал шүүх рүү шилжсэн байгаа аж.