"Эр зориг хэзээд ялгуусан байдаг"

Хуучирсан мэдээ: 2022.03.23-нд нийтлэгдсэн

"Эр зориг хэзээд ялгуусан байдаг"

"Эр зориг хэзээд ялгуусан байдаг"

 Хотын дарга асан Э.Бат-Үүлийн  өмгөөлөгч А.Пүрэв­­­дулам, хүү Б.Чулуудай нар өнөөдөр /2022.03.23/ мэдээлэл хийлээ. 


Б.Чулуудай:

-Аав маань гуравдугаар сарын 7-нд "В.Путины  колончлол эргэн сэргэх үү" гэх утгатай нийтлэл бичих гэж байхад нь хэвлэн нийтлэх эрхийг нь прокурорын байгууллага хаасан байна. Тиймээс  надаар дамжуулж нийтлэлийнхээ санааг олон түмэнд хүргэхийг хүссэн.

Тус нийтлэлд "В.Путин даян дэлхийн энх тайвны билэгдэл болсон Олимпийн наадмын үеэр дайн эхлүүлнэ гэдэг нь өөрөөсөө бусад хэнийг ч,  ямар  ч улс орон байсан басамжилж өдөөн хатгаад зогсохгүй хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг хийж байна. Орос шиг том гүрэн Украин, Монгол шиг жижиг улс орнуудыг дээрэлхэж хавчиж болохгүй. Үүнийг зүгээр хараад суувал бид ч тэдний хувьд дарамталж болдог хулчгар ард түмэн гэж харагдах болно. Цаашид тэдэнд гутаан, доромжлуулах болно.

Ардчилал, энх тайван, үнэний төлөө бид ямагт тэмцдэг байх ёстой. Тэгж байж эрх чөлөө, тусгаар улсын бодлогоо хэрэгжүүлж, үүнд бусад улс орнууд итгэл үнэмшилтэй хамтран ажиллах болно.

Бид эртнээс гурав дахь хөршийн бодлого баримталж ирсэн шалтгаан нь энэ юм. Дайн Монгол Улсын эдийн засгийг хүнд цохилт болж, хэдэн жилдээ эргэн сэргэхээргүй байдалд оруулах аюултай. Үүний эсрэг Засгийн газар ямар бодлого баримталж байна вэ. Энэ бол Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Цаг бүү алдаасай. Энхийг эрхэмлэх, хэлэлцээр хийхийг дэлхий нийтэд уриалах нь зөв. Монголын төр, ард түмэн энэхүү дайныг эсэргүүцэж байр сууриа илэрхийлэх ёстой. Аймшигт дайныг үтэр түргэн зогсоож энх тайван тогтоохыг уриалаарай. Бид хүмүүнлэг, ардчилсан нийгмийг 1990 онд сонгосон. Үүнийг залуучууд минь  ойлгож өөрсдийнхөө  ирээдүйн төлөө дуугар, тэмц. Эр зориг хэзээд ялгуусан байдаг" гэж бичсэн. 

Э.Бат-Үүлийн өмгөөлөгч А.Пүрэвдулам:

-Монгол Улсын баатар Э.Бат-Үүл өлсгөлөн зарласан. Хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөө бол хэвлэн нийтлэх эрх чөлөө. Гэтэл Э.Бат-Үүл баатрын энэ эрхийг прокурор хаажээ. Энэ зөвхөн Э.Бат-Үүл гэдэг хүний асуудал биш. Дамжин өнгөрүүлэх 409 дүгээр хорих ангид шүүхийн эцсийн шийдвэр гараагүй, гэм буруу нь эцэслэн тогтоогдоогүй хүмүүс хоригддог. Түүний нэг нь Э.Бат-Үүл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд хэвлэн нийтлэх эрхийг хориглож хязгаарласан заалт байхгүй. Эрх зүйт ёсонд хуулиар хориглоогүй бүхэн хүлээн зөвшөөрөгддөг.

Монгол Улсын Үндсэн хуульд “Иргэн хэвлэн нийтлэх, үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Энэ эрхийг баталгаатай эдэлнэ” гэж заасан. Баталгаатай эдэлнэ гэдэг нь ямар ч хуулийн хязгаарлалт байхгүй гэсэн үг. Дайн болон онц байдал зарласан тохиолдолд хүний үндсэн эрхийг хуулиар хязгаарлана. Гэхдээ хүний итгэл, үнэмшил хэвлэн нийтлэх эрхийг хөндөнө гэсэн үг биш. Э.Бат-Үүлийг 409 дүгээр ангид хоригдсон мөчөөс эхлээд хэвлэн нийтлэх эрх чөлөөг нь хязгаарлаж эхэлсэн. Энэ талаарх гомдлыг хорих анги болон прокурорын байгууллагад удаа дараа тавьдаг. Гэтэл ямар ч хууль ёсны үндэслэл бүхий тайлбарыг өгдөггүй. Э.Бат-Үүл жам ёсныхоо эрхийг шаардаж өлсгөлөн зарлахаас аргагүйд хүрж байна.

Э.Бат-Үүл гуай “Өрийгөө сулллаач, би хэлмэгдчихлээ” гэж өлсгөлөн зарлаагүй. Владимир Путиныг шүүмжилж, Украины талаар үзэл бодлоо илэрхийлж энх тайванд уриалсныхаа төлөө хэвлэн нийтлэх эрхийг нь хаасан. Монгол Улс 1990 оноос хойш ардчилсан, тусгаар тогтносон бүрэн эрхт улс болсон. Монгол гадаадын колони улс биш. Өнөөдөр яагаад Путиныг шүүмжилж бичсэнийх нь төлөө хэвлэн нийтлэх эрхийг нь хорьж байгаа юм. Э.Бат-Үүл надаар дамжуулан дараах үгсийг ард түмэнд хэлэхийг хүссэн.

Тэрбээр “Би Украиныг өмөөрөх эрхтэй. Хэвлэн нийтлэх эрхийг сэргээх хүртэл өлсгөлөн зарлана. Монгол Улс, ардчилсан, эрх чөлөөт мөн гэдгийг ойлгодог хүн бүхэн дэмжихийг уриалж байна. АН-ын лидерүүд, ардчиллын баатрууд, МоАХ дэмжээрэй. Чөлөөт хэвлэлийнхэн хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хамгаалаарай. Ардчилал, эрх чөлөөний дуу хоолой болсон жиргээчдийг энэ тэмцлийг дэмжээсэй. 1990 оноос өмнөх тогтолцоо эргэн иржээ. Путиныг шүүмжлээд буруутан болдог бурангуй нийгэм бий болжээ. Би Оросын шоронд хоригдож байгаа юм уу. Би Путины шоронд хоригдоогүй, түүний улсад амьдраагүй. Ардчиллын баатрууддаа хандаж хэлэхэд, 1990 оноос өмнөх колони улс чинь сэргэж байна шүү. Нэгт, жижиг гүрнийг том гүрэн дарангуйлдаг явдал газар авбал бидний ирээдүй эрсдэлд орно. Залуус аа, дэлхийн залуусаас ичээч. Ардчилал бол чиний гэр орон. 1990 оноос хойш анх удаа бурангуй ёс тогтож байгааг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ТэнэглэлТэнэглэл
17
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж