Хил хаалттай, шатахууны үнэ нэмэгдэж, инфляци өссөний улмаас өргөн хэрэглээний бараа үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж, иргэдийн худалдан авалт буурч байна. Өнгөрсөн сард гэхэд сүүний үнэ 200-300 төгрөг, будаа 200 төгрөг, гурилан бүтээгдэхүүн 100-200 төгрөг, махны үнэ 300-500 төгрөг, наранцэцэгийн тос 2000, сүү 200-500 төгрөгөөр нэмэгджээ. Ийнхүү үнэ нэмэгдсэн нь иргэдийн түрийвчийг тэмтэрч, өрхийн худалдан авалт муудаж байгаад иргэд бухимдалтай байна.
ХӨДӨӨНӨӨС МАХ ОРЖ ИРЭХГҮЙ УЧРААС ХОВОРДОЖ, ҮНЭ ӨСЧ БАЙНА
Энэ удаагийн сурвалжлагаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг сурвалжиллаа. Хүчит шонхор захыг зорив. Үдийн 15:00 цагийн орчимд тус захад ганц нэг хүмүүс мах авахаар холхиж байна. Зарим нь ногоо, өндөг зэрэг жижиг тороор хүнсээ цуглуулж харагдана. Тус захад өглөө эрт хүний хөдөлгөөн их байдаг тул махны захад худалдаачдаас хүн бараг үзэгдсэнгүй. Үхрийн мах кг нь энд 13-15 мянган төгрөг хүрчээ. Энэ талаар тус худалдааны төвийн худалдагч Г.Энхцэцэг “Цагаан сарын өмнө байсан тэр үнээрээ л байгаа. Гадуур махны үнэ өсчихсөн байгаа. Бензиний үнээс болж махны үнэ өсч байна. Мөн хөдөөнөөс мах орж ирэхгүй байна. Шүлхий гараад энэ жил шинэ мах ховор байна. Тэгэхээр энд хадгалсан ченжүүдийн мах орж ирж байна. Хүмүүс мах хямдрах юм уу л гэсэн байна. Жоохон мах тавиад л арван хэдэн мянга болчхож байна. Иргэдийн худалдан авалт хэцүү шүү дээ. Одоо ноолуур гарч ирэх үеэр мах бүр ховордоно. Бидний ажил ч гэсэн хэцүүднэ” гэлээ.
Худалдагч Р.Саранцэцэг “Үхрийн шинэ ястай мах 12 мянга, цул нь 13 мянган төгрөгийн үнэтэй байна. Анхнаасаа бөөний үнэ нь 11200 төгрөг байна. Мах ховордуу байна. Мал төллөх, ноолуур ноос гарах цагаар мах ховорддог. Нэг хаа гуя авахад 60-70 мянган төгрөг болж байна. Зоорины мах кг нь 10 мянгатай байна. Харин нөөцийн мах гарах болоогүй байгаа” гэв.
ШАТАХУУНЫ ҮНЭ, ШҮЛХИЙ МАХНЫ ҮНЭД НӨЛӨӨЛЖ БАЙНА
Харин хонины цул мах 11200 төгрөг байлаа. Худалдагч С.Маналжав “Ястай мах 11 мянга байна. Зоориноос үнэтэй гарч байгаа гээд үнэтэй байна. Худалдан авах чадвар ерөнхийдөө муу байна. Манай дээр байгаа махнууд ихэнх нь зооринд нөөцөлсөн мах. Энэ жил харьцангуй махны үнэ өсөхгүй байх”. Худалдагч Б.Баярмаа “Махны дундаж ханш гэж бий. Заалны ханш хонины мах кг нь 11 мянгаас 11200. Шинэ мах 13500 төгрөг байна. Одоо хадгалалттай зоорины мах ашиглаж байна. Угаасаа гадуур өргөн хэрэглээний үнэ өндөр болсон. Ганц хэрэглэж байгаа зүйл нь мах шүү дээ. Махны үнэ айхавтар өсөхгүй байна. Хавар нойтон мах гаргахаар үнэ нь дагаад нэмэгддэг” гэлээ.
Худалдагч нарын хэлснээр хавар шинэ махны үнэ өндөр байдаг. Одоо байгаа мах зоорины мах учир үнэ нь боломжийн байгааг хэлж байв. Үүнээс гадна хөдөөнөөс орж ирж буй мах ховордож, шатахуун тээвэрлэлтийн үнэ нэмэгдсэн нь махны үнэд нөлөөлж байгаа талаар хэлж байна.
БУДАА 200 ТӨГРӨГ, НАРАНЦЭЦЭГИЙН ТОС 2000 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ
Бид цааш гурил будаа, элсэн чихрийн тасаг руу очлоо. Эндхийнхний хэлснээр гурилын үнэ харьцангуй тогтвортой байгаа бол, наранцэцэгийн тос 2000 төгрөг, будаа кг нь 200 төгрөгөөр нэмэгдсэн гэнэ. Нэмэгдсэн шалтгаан нь ОХУ болон бусад БНХАУ-аас орж ирж буй тээвэрлэлтийн зардал нэмэгдсэн учраас үнээ нэмэхээс өөр аргагүйд хүрсэн гэлээ.
Энэ талаар худалдагч Б.Отгонбаяр “Зарим компаниуд бугаа гаргахгүй хаачихсан. Гаргалаа гэхэд байгаа нөөц дуусч байна. Цаад талаасаа нөөц муу байна. “Крупа”орос будааны үнэ нэмэгдчихлээ. Компаниуд будаа оруулж ирэхгүй бол бид ажилгүй болно” гэдгийг хэлж байлаа. Өөрөөр хэлбэл худалдаачид будаа, наранцэцэгийн тосыг импортлогч компаниудаас авдаг аж. Иймээс будааны нөөцөд асуудал үүсч байгааг хэлж байна. Тус төвд элсэн чихэр 2500 төгрөг, гурил 1600-1800 төгрөг, цагаан будаа 3000-3800 төгрөгийн үнэтэй байлаа.
ЦАЛИН ЗӨВХӨН ХҮНСЭНД ЗАРЦУУЛЖ БАЙНА, ХУВЦАС ХЭРЭГЛЭЭНД ХҮРЭХЭЭ БОЛЬСОН
Өдрийн цагаар иргэд ганц нэгхэн уут хүнс цуглуулж байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн нь иргэдийн амьжиргаанд хэрхэн бууж байгаа талаар иргэн Ө.Жавхлан “Гурил будаа, өндөг, наранцэцэгийн тосны үнэ нэмэгдсэн байна. Цалин хэвэндээ хөдлөхгүй байхад юмны үнэ өссөөр, хүмүүс яаж амьдрах вэ. Нийтээрээ л бухимдалтай байна. Ажилгүйдэл, өргөн хэрэглээний үнээс шалтгаалан ядуурал өсч байна. Төр иргэдээ бодмоор байна. Хоёр жил цар тахал гээд хөл хорьчихсон. Одоо л хүмүүсийн нуруу тэнийх гэж байна. Дотоодын компаниуд иргэдээ бодоосой. Цалин дан хүнсэд зарцуулж байна. Хувцас, хэрэглээгээ төлөхөд хэцүү болчихсон. Зээл авч төлж байна. Зээл овоорч хэзээ төлөхөө мэдэхгүй. Амьд хүн аргатай аргалаад л болно доо. Байнга ийм байхгүй байлгүй дээ” гэсэн юм.
ТЭТГЭВЭР 500 МЯНГА БОЛЖ НЭМЭГДЛЭЭ ГЭХЭД ТЭРНЭЭС ДАВСАН ҮНЭТЭЙ БОЛЧИХСОН БАЙНА
Иргэн Ц.Дулмаа “Барааны үнэ нэлээн нэмэгдсэн. Тэтгэвэр 500 мянга болж нэмэгдлээ гэхэд тэрнээсээ давсан үнэтэй болчихсон байна. Эм тариа, бараа , хоол хүнс бүх л юм нэмэгдсэн байна. Амьдрал бол хэцүү шүү дээ. Хуучин тэтгэвэр аваад бараагаа авахад тэтгэврийн мөнгөөр болгоод байсан бол одоо “чүү ай” л хүргэ байна. Бид нараас цааш хүмүүс хэцүү байна. Эм тариа гэхэд тэтгэвэр нэмэгдээгүй байхад 100 мянган төгрөгт овоо “хөөрхөн” эм авчихдаг байсан бол нэг дахин нугаларчихсан. Угаасаа хүн болгоны амьдрал нүдэн дээр бичээстэй байна шүү дээ” гэлээ. Ийнхүү иргэдийн худалдан авах чадвар буурч байгаад тэд бухимдалтай байна.
СҮҮНИЙ ҮНЭ 200-400 ТӨГРӨГ НЭМЭГДЖЭЭ
"Бөмбөгөр" худалдааны төвийн ойролцоох хүнсний дэлгүүрээр оров. Иргэдийн зүгээс зах худалдааны төв гэхээс илүүтэй байрны дундах дэлгүүр, супермаркетуудад хүнсний бүтээгдэхүүний үнэ харьцангуй өндөр байгааг хэлж байна. Тус дэлгүүрт Дээж сүү 3500 төгрөг, Миний Монголын сүү 3300, Сүү хувьцаат компанийн сүү 3600 төгрөг тус тус байна. Сүүний үнийн нэмэгдлийн талаар асуухад “Цаанаасаа ингэж ирдэг. Баглаа боодол, бензиний үнэ нэмэгдсэн болохоор аргагүй шүү дээ” гэдэг хариултыг өгч байна.
Ийнхүү иргэд худалдаачидтай уулзахад хил хаалттай, ОХУ, Украины асуудал, шатахууны үнийн өсөлт зэрэг нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлж байгааг хэлж байлаа. Харин эдийн засагчдийн зүгээс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ инфляцтай уялдан нэмэгдэж байгааг хэллээ. Эдийн засагчдын зүгээс 2022 он хүндхэн жил болохыг хэлж, сануулж байгаа. Тухайлбал, эдийн засагч Б.Лакшми “Монгол Улсын хувьд хэрэглээ буюу импортын инфляц өндөр хувь эзэлдэг. Монгол Улсын хувьд эдийн засаг төрөлжөөгүй. Ихэнх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн гадаадаас хамаардаг учраас инфляцид нөлөөлөх нь ойлгомжтой.
Хоёрдугаарт, ОХУ-аас худалдан авч буй бараа бүтээгдэхүүнийг цаашид худалдан авах боломжтой юу үгүй юу. Боломжтой байлаа гэхэд бусад зах зээл рүү гарах боломж нь бага байгаа учраас яалт ч үгүй бараа бүтээгдэхүүний үнэ өснө” хэмээн тайлбарлаж байна. Иймээс төр дээрх асуудлыг эргэн харж, зохицуулахгүй бол иргэдийн цалин зөвхөн хоол хүнсэд зарцуулагдаж, үнийн өсөлтөд дарлуулж байгаа нь нүднээ илхэн байна.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Холбоотой мэдээ