Монголын үндэсний бөхийн холбоо допингийн эсрэг үндэсний байгууллагатай хамтран явцын шинжилгээ авч эхлэв. Тодруулбал, Монгол цэргийн өдөрт зориулсан Зэвсэгт хүчний бөхчүүдийн барилдаанд шөвгөрсөн улс, аймгийн цолтой найман бөхөөс авсан.
Явцын шинжилгээ авч эхэлсэн нь магтууштай ч үүний сургаар бөхчүүдийн ирц муудав. Саяхан болсон Өвөрхангай аймгийн Сант сумын “Илдэн бэйлийн хүчтэн” бөхийн холбооны нээлтэд зориулсан аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн 256 бөхийн барилдаанд нийт 192 бөх барилдсан. Үүний ердөө 31 нь аймгийн арслан байжээ. Хэзээ атлаа өргөөний аймаг, цэргийн барилдааны ирц ийм муу байлаа даа гэж бөх сонирхогчид ярьж байна.
Гуравдугаар сарын 12-нд болсон Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат, аймгийн арслан Ж.Сүхбатын нэрэмжит барилдаанд аймгийн арслан цолтой 50 бөх, гуравдугаар сарын 06-ны өдөр болсон Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат, Монгол улсын начин Б.Батбаярын нэрэмжит барилдаанд аймгийн арслан цолтой 58 бөх тус тус барилдаж байв. Гэтэл явцын шинжилгээ авсан барилдааны дараах барилдаанд аймгийн арслан цолтой 31 бөх барилдав.
Улсын цолтой бөхчүүдийн дунд гэхээсээ илүүтэйгээр аймгийн бага цолтнууд, сумын заануудын дунд допинг хавтгайрсан гэж ярьдаг. Харин үүнийг ил гаргахын тулд эхний ээлжинд сумын цолтой бөхчүүдийн барилдааны үеэр аль болох олон бөхөөс шинжилгээ авах хэрэгтэй. Ихийг хийе гэвэл багаас эхэл гэж үг бий. Үүний дараа бөхийн дэвжээдээс гэнэтийн байдлаар бэлтгэл дээрээс нь шинжилгээ авбал үр дүнд хүрэх биз.
Гэхдээ шинжилгээ авах эсэхийг үндэсний бөхийн холбоо шийднэ. Допингийн эсрэг байгууллага хэн нэг хувь хүний хүсэлтээр шинжилгээ авдаггүй аж.
Бөхийн холбооны 2021 оны зургаадугаар сард шинэчлэн баталсан бөхийн барилдааны дүрмийн 7.3 дахь “Допингийн шинжилгээг авах болон хөндлөнгийн хяналт тавихад бөхийн дэвжээдийг татан оролцуулна” заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд улс, аймаг, сумын цолтой 50 орчим бөхөөс заал танхимын барилдаан болон бэлтгэл сургуулилтаас явцын шинжилгээг авна гэж байсан. Үүний хүрээнд дэвжээд тус бүр хоёроос доошгүй бөхийн шинжилгээний зардлыг (нэг шинжилгээ – 1.8 сая төгрөг) бөхийн холбооны допингийн эсрэг санд шилжүүлнэ. Төлбөр шилжүүлээгүй тохиолдолд тухайн дэвжээнд харьяалагддаг улс, аймгийн цолтой бөхийг Монгол бөхийн өргөөнд зохиогддог барилдаанд оролцуулах боломжгүй болно гэж сүржин мэдэгдэж байсан билээ.
Допингийн шинжилгээний зардлыг дэвжээдээс гаргуулах нь зөв ч зарим дэвжээд төлбөрөө шилжүүлэхгүй байгаа гэнэ. Нөгөө талаараа нэг дэвжээний хоёр бөхөөс шинжилгээ авна гэдэг хэр үр дүнд хүрэх вэ? гэдэг асуулт анхаарал татаж байна. Ямартай ч тун удахгүй явцын шинжилгээний хариу гарна.
Холбоотой мэдээ