Тансаг хэрэглээний автомашиныг хориглоно & хориглохгүй

Хуучирсан мэдээ: 2022.03.23-нд нийтлэгдсэн

Тансаг хэрэглээний автомашиныг хориглоно & хориглохгүй

Жилийн өмнө гадаад валютын нөөц 4.5 тэрбум ам.долларт хүрч түүхэндээ байхгүй амжилт үзүүлж байв. Гэвч  өнөөдөр 3.2 тэрбум ам.доллар болж буурсныг Монголбанк мэдээлэв. Үүнд хилийн хориг, төлбөрийн тэнцлийн алдагдал, импортын өсөлт, ОХУ, Украины дайн зэрэг олон шалтгаан нөлөөлжээ. Тэр дундаа импорт нэмэгдсээр тансаг зэрэглэлийн худалдан авалтад валютыг гадагшаа урсгаж байгааг Төв банкны зүгээс шүүмжлэв. Иймд валютын нөөцийг хадгалах, ханшийг тогтвортой барих нэг арга нь тансаг зэрэглэлд багтах автомашины импортыг түр хязгаарлах санал гаргаж байгаа аж. Энэ долоо хоногийн VS  буландаа Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон эдийн засагч Г.Рагчаасүрэнгийн  байр суурийг хүргэж байна.


 

Тансаг зэрэглэлийн импортыг түр хязгаарлах боломжтой
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн

-Монголбанкны зүгээс шийдвэр гаргах түвшний эрх баригчдад хэмнэж болох зардлыг танах санал тавьж байна. Импорт нэмэгдэж байгаа нь валютын нөөц буурахад нөлөөлж байна. 2021 онд 7.9 тэрбум ам.долларын импорт хийсэн. Үүний 30 хувийг хэрэглээ эзэлж байна. Ялангуяа автомашины импорт буюу Ланд-300, Лексус-600 зэрэг тансаг зэрэглэлийн автомашины худалдаа эзэлж байна. Ойролцоогоор 500-600 сая ам.долларыг тансаг зэрэглэлийн автомашин худалдан авахад зарцуулж байгаа нь энэ онд ч өсөх хандлагатай байна. Ачааных бус биш суудлын автомашины импортыг түр хязгаарлах, хориглох, хэмнэж болох зардалд таналт хийх боломжтой. Засгийн газар ямар төрлийн барааг тэргүүн ээлжид импортлохыг шийдэж эрэмбэлбэл бид тэр жагсаалтын дагуу төлбөр тооцоог нь хурдан хийнэ.

Тодорхойгүй шийдвэр зохиомлоор импортыг нэмэгдүүлэх магадлалтай
Эдийн засагч Г.Рагчаасүрэн

-Монголбанк тансаг зэрэглэлийн импортыг хориглох санал гаргасан ч нөлөөлж чадахгүй. Уг саналтай холбогдуулан УИХ-аас татварыг нэмэх эсэхийг хэлэлцэж татварын бодлогоор шийдвэрлэх болов уу. Энэ бол процессын хувьд тийм ч хурдан шийдэх асуудал биш. УИХ-аас Татварын тухай хуульд өөрчлөлт оруулах болов уу. Уг нь бол бодлогоор тансаг зэрэглэлийн хэрэглээнд өндөр татварын тогтоохын хэрээр эрэлт буурч  импорт багасч, импортын хэмжээ буурснаар ханш өсөх дарамт багасна. Үгүй байлаа гэхэд Монголбанкны валютын нөөц буурахгүй. Иймд хүмүүсийн дунд ам.доллар худалдан авч дарах сонирхол нь багасна. Ер нь татварын бодлого алсыг харсан, урт хугацааны, тодорхой байх ёстой. Гэтэл тансаг зэрэглэлийн импортыг хориглох саналыг Монголбанкнаас гаргасны дараа зохиомлоор их хэмжээний худалдан авалт үүсвэл яах вэ. Хүмүүс тансаг хэрэглээний машины импортыг хориглохоос болгоомжилж урьдчилж  машиныг олноор худалдан авах ч эрсдэл үүсэхийг үгүйсгэхгүй. Гэтэл энэ саналтай холбоотой татварын бодлого хэрэгжих үү, үгүй юу гэдэг нь тодорхой байх ёстой. Хэрэв тансаг зэрэглэлийн импорт худалдан авалтад татварын бодлогоор өндөр татвар ногдуулахаар болбол худалдан авалт ч тодорхой хэмжээгээр буурна. Тиймээс татварын болон бусад төрийн бодлогууд тодорхой байх ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж