Монгол Улсад Европын Холбооны “Switch Asia programme” хөтөлбөрийн 1.76 сая еврогийн санхүүжилтээр “Эдийн засгийн ногоон шилжилт” төсөл хэрэгжиж эхллээ. Энэ хүрээнд газар тариаланд суурилсан хүнс, ус, ундааны үйлдвэрлэл эрхэлдэг бичил, жижиг, дунд үйлдвэрлэгч, борлуулагчдыг дэмжиж ажиллах төлөвлөжээ.
Тодруулбал, бичил, ЖДҮ, борлуулагчдын бүтээгдэхүүн үйлчилгээг ногоон шошготой болгон баталгаажуулах,тэдэнд чиглэсэн ногоон санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх юм байна. Мөн байгальд илүү ээлтэй, үр ашигтай ажиллах, эдийн засгийн сайн туршлагыг дэлгэрүүлэх ажээ.
Хэрэглэгчдийн дотоодод үйлдвэрлэсэн ногоон шошготой хүнс, ус, ундааны худалдан авалт нэмэгдсэнээр үндэсний үйлдвэрлэл хөгжих, үндэсний үйлдвэрлэгчдийн тогтвортой байдал хангагдах суурь нөхцөл бүрдэнэ гэж албаныхан үзжээ.
“Эдийн засгийн ногоон шилжилт” төсөл 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралтыг 22.7 хувиар бууруулах Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Үндэсний хэмжээнд тодорхойлсон зорилтод хувь нэмэр оруулах, Монгол Улсын газар тариалангийн гаралтай хүнс, ус, ундаа үйлдвэрлэлийн салбарт хэрэгжиж буй “Свич Эйшиа” хөтөлбөрийн анхны төсөл юм байна.
Тус төслийг Пипл ин Нийд (ПИН), Каритас Чех репаблик (КЧР) болон Монголын Тогтвортой санхүүжилтийн холбоо (ТоС), “Хөгжлийн шийдэл” ТББ-ууд хамтран хэрэгжүүлж хүнс, ус, ундаа үйлдвэрлэдэг 1500 бичил, ЖДҮ, энэ чиглэлээр ажилладаг бизнесийн 30 холбоо болон 750 борлуулагчтай ажиллах аж.
Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никейз “Эдийн засгийн ногоон шилжилт” төсөл нь Европын холбооноос дэвшүүлсэн Монгол Улсын ногоон хөгжлийг дэмжих зорилтыг бодитоор хэрэгжүүлэхэд чухал түлхэц болж байна. Мөн байгаль орчны тогтвортой байдалд эерэг нөлөөтэй хүнсний нийлүүлэлтийн сүлжээг дэмжиж, Монгол Улсад үйлдвэрлэсэн хүнс, ундааг сурталчилна” гэж хэлэв.
Өнгөрсөн хугацаанд цар тахлын улмаас нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг үр дагавар гүнзгийрч, ялангуяа бараа материал, түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний импорт буурч, Монгол Улсын хэмжээнд хүнсний хомсдол үүссэн. Хүнс, ундааны үйлдвэрлэл импортоос өндөр хамааралтай байгаа нь үндэсний хэмжээний эрсдэл дагуулж буй тул цаашид газар тариаланд суурилсан хүнс, ундаа үйлдвэрлэлийн салбарыг бие даасан болгож бэхжүүлэх хэрэгцээ шаардлага өндөр байгаа юм.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ